“Монголын цахилгаан холбоо” ХК-ийн хувьцааг Засгийн газар худалдан авна

Мэдээ

“Монголын цахилгаан холбоо” хувьцаат компани дахь БНСУ-ын “Кореа Телеком” корпорацийн эзэмшлийн 10,348,111 ширхэг хувьцааг худалдан авахад шаардагдах хоёр сая таван зуун тавин мянган ам.доллартай тэнцэх хөрөнгийг ирэх оны төсөвт тусгахыг Сангийн сайд болон холбогдох агентлагийн дарга нарт Засгийн газраас даалгав. Түүнчлэн “Монголын цахилгаан холбоо” компанийг цаашид үр ашигтай ажиллуулах, менежментийг сайжруулах, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх бодлого, зохицуулалтын чиглэлээр шаардлагатай арга хэмжээ авахыг үүрэг болголоо. Тус компанийн 54.67 хувийг Монгол Улсын Засгийн газар, 40 хувийг БНСУ-ын “Кореа Телеком” корпораци, 5.33 хувийг дотоод, гадаадын иргэд эзэмшдэг байна. Энэ оны зургаадугаар сард “Кореа Телеком” корпораци өөрийн эзэмшлийн хувьцаагаа Засгийн газарт худалдах саналаа ирүүлсэн аж. Талуудын хоорондох харилцан ойлголцлын Санамж бичгийн төсөлд тусгасны дагуу төлбөрийн нөхцөлийг судлан, төлбөрийг үе шаттай хийх чиглэлээр хэлэлцээ хийх юм байна.

Өнгөрсөн оны эцсийн байдлаар “Монголын цахилгаан холбоо” компани суурин утасны 28.19, интернетийн 12, кабелийн телевизийн тав, лавлах утасны 12, олон улсын ярианы зах зээлийн 16 хувьд үйлчилгээ үзүүлж байв. Тус компани 1996 оноос хойш өнөөдрийг хүртэл 18 тэрбум төгрөгийн ногдол ашиг тарааж, Засгийн газарт 10 гаруй тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилсан талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.




САНАЛ БОЛГОХ