Үнэт металлын зах зээлд харш жил болно

Түүхий эд


Цагаан алтнаас бусад үнэт металлын ханшид уналт давамгайлна

Түүхий эдийн ханш өнгөрсөн хэдэн жил үзэгдээгүй өндийсөн 2017 он улиран одох гэж байна. Тэгвэл угтан авах гэж буй 2018 онд түүхий эдийн ханшийн муруй хааш чиглэх бол. Дэлхийн санхүү, эдийн засгийн томоохон байгууллагын нэг болох Дэлхийн банкны шинжээчид түүхий эдийн зах зээлийн шинэ таамгаа танилцууллаа. Вашингтонд төвтэй тус байгууллагын тооцоогоор энэ онд багагүй өндийсөн үйлдвэрлэлийн тавааруудын ханш тогтворжино.

Харин тогтворжоод буй үнэт металлын зах зээлд харш жил болох төлөвтэй. Тухайлбал, цагаан алтнаас бусад үнэт металлын ханшид уналт давамгайлна. Учир нь энэ төрлийн түүхий эдийн ханштай урвуу хамааралтай ам.долларын ханш өсөхөөр байна. “Ногоон”-ы ханшийн өнгийг тодорхойлдог АНУ-ын төв банк мөнгөний бодлогоо чангалах боломж нээлттэй байгаа. 2009 оны хямралын үеэр "хэвтэр"-т орсон Америкийн эдийн засаг өнгөрсөн найман жилийн хугацаанд тэнхэрч, эргээд өндийж эхэлсэн. Дэлхийн тэргүүлэх эдийн засгийн "эрүүл мэнд" сайжирсан нь эргээд мөнгөний сул бодлогоо хазаарлах суурь нөхцөл болоод буй аж. Зөвхөн ирэх он гэлтгүй энэ оны эцэст Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ өсгөх магадлал нэмэгдээд байгаа. Эдгээр хүлээлт нь үнэт металлын ханшид дарамт болно. Ингэснээр Монголын эдийн засгийн нэг тулгуур болох алт, мөнгөний ханшид уналт давамгайлахаар байна. Тухайлбал, энэ онд 1250 ам.долларт хэлбэлзэж буй алтны ханш ялимгүй буурч, 1238 ам.долларт хүрнэ. Монгол Улс алтны экспортоос өнгөрсөн онд гэхэд 758 сая ам.долларын орлого олсон бол мөнгө манайд 39 сая ам.доллар даллажээ.

Тэгвэл бараг 800-гаад сая ам.долларыг Монголын эдийн засагт авчирсан эдгээр түүхий эд ирэх онд уналттай нүүр тулж мэдэх нь. Тэрчлэн манай улс энэ оны эхний есөн сард 9.8 мянган тонн боловсруулаагүй болон хагас боловсруулсан алт экспортлоод байгааг Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээлэв. Үнэт металлын ханшид ийн уналт давамгайлах бол үйлдвэрлэлийн түүхий эдийн үнэ тогтворжих төлөвтэй. Энэ онд 70 ам.долларт хэлбэлзэж буй төмрийн хүдрийн ханш 10 хувиар буурч, 57 ам.долларт хүрнэ. Энэ уналт 2019 онд ч үргэлжлэх бөгөөд 50 ам.доллартай тэнцэхээр байна. Тэгвэл энэ онд онцгой өссөн цайр, хар тугалга зэрэг түүхий эдийн ханшид өсөлт үргэлжилнэ. Тухайлбал 2900 ам.доллартай тэнцэж буй цайрын ханш ирэх онд 100 ам.доллараар чангарна. Үүнээс гадна Монголын эдийн засгийн зүтгүүр болсон зэсийн ханш ирэх онд ялимгүй өсөх төлөвтэй. 6000 ам.долларт хэлбэлзэж буй зэсийн ханш ирэх онд мөн л 100 ам.доллараар дээшлэх таамаг давамгайлж байна. Улмаар зэсийн ханш жил тутам 50-200 ам.доллараар өссөөр 2030 он гэхэд 7000 ам.долларт хүрэх төлөвтэй байна.

Тэгвэл эрчим хүчний дийлэнх түүхий эдийн үнэ сэргэнэ. Газрын тос, байгалийн хийн ханш дунджаар дөрвөн хувиар өснө. Энэ онд эрчим хүчний таваарын ханш 28 хувиар өсчээ. Гэхдээ энэ онд өсөлт дагуулсан нүүрсний ханш буурах хүлээлттэй байна. 2017 онд дунджаар 85 ам.долларт хэлбэлзэж буй Австралийн сайн чанарын нүүрс гэхэд 70 ам.долларт хүрэх төлөвтэй. Энэ онд 30 хувиар өссөн нүүрсний ханшийг ирэх онд Хятадын нүүрсний салбарын бодлого жолоодох аж. Тэрчлэн баррель нь 53 ам.доллартай тэнцэж буй газрын тосны ханш ирэх онд ойролцоогоор 56 ам.долларт хүрэх нь. Ханш ийнхүү өсөж буй нь ч учиртай. Нэгдүгээрт, олон улс даяар газрын тосны эрэлт удаан боловч тогтвортой дээшилж байгаа. Нөгөө талд гол нийлүүлэгчид газрын тосны гарцаа танахаар санал нэгдээд буй. Эрэлт, нийлүүлэлт ийнхүү эсрэг зүгт чиглэж буй нь үнэ өсөх үндсэн нөхцөл болох аж. Зөвхөн газрын тосны гэлтгүй дэлхийн даяар эрчим хүчний уламжлалт түүхий эд олборлогчдын үнэт цаасны ханш буурч, санхүүд нь дарамт болж буй.

Гэхдээ энэ төрлийн түүхий эдийн эрэлт огцом унаагүй, харьцангуй тогтвортой байгааг Дэлхийн банкны “Түүхий эдийн зах зээлийн төлөв”-ийг боловсруулсан багийн ахлах эдийн засагч Жонн Баффис онцолсон байна. Дэлхийн банкны таамгаас харвал энэ онд өсөлт давамгайлж байсан таваарын зах зээлд ирэх онд өсөлт, уналтын аль аль нь хослохоор байна. Гэхдээ 2015, 2016 онтой харьцуулахад энэ зах зээл өндийсөн хэвээр байна. Товчхондоо, үйлдвэрлэлийн металлын зах зээл өсөлтөөс тогтворжилтод шилжинэ. Харин харьцангуй тогтвортой байсан үнэт металлын ханшид уналт давамгайлах төлөвтэй.


САНАЛ БОЛГОХ