Орлого өөдрөг ч олз нь бүүдгэр төсөв

Төсөв


Улсын төсвийн орлого 700 орчим тэрбум төгрөгөөр тэлнэ

Он шувтарч, олз, гарзаа тооцох цаг ирлээ. Хүүдээ хүрэм, гэртээ хөргөгч авна гээд өрх бүр өнгө өнгийн төсвөө багцаалж буй үед компанийн менежерүүд ч ирэх оны бизнес төлөвлөгөөгөө төсөөлөөд эхэлчихэж. Гадаа намрын налгар өдрүүд үргэлжилж буй ч хэн, хүнгүй өвлийн бэлтгэлээ базаагаад зав алга. Нар цаашилж, жавар наашилдаг энэ үеэр Монгол Улс ирэх оны төсвийн төслөө хэлэлцэж байна. Уг нь төсөв бол зөвхөн УИХ, Засгийн газарт хамаатай биш. Татвар төлөгч иргэн бүрт холбоотой баримт бичиг. Төсөв тойрсон том тооны цаана өдөр бүр авдаг талхнаас эхлээд сар бүр төлдөг татвар хүртэл багтаж байдаг.

Тиймээс ч иргэн бүрийн халаас, өрх болгоны хэтэвчийг хөнддөг нь үнэн. Ийм нэгэн чухал баримт бичгийг өнгөрсөн баасан гарагт Засгийн газраас УИХ-д өргөн барилаа. Өмнөхийг нь эргүүлэн татаж, дахин өргөн барьсан тул ирэх оны төсвийн төсөл илүүтэй сонирхол татах нь дамжиггүй. Тэгвэл хүлээлт дагуулсан төслийн орлогын онцлох үзүүлэлтүүдийг хүргэж байна. Төсвийн орлоготой танилцахын тулд толгой эрүүлдэг ч тойм мэдээлэл өгөх том тоонуудад анхаарлаа хандуулъя.

Төсвийн тулгуур хос багана

Төсвийн талаар таны хамгийн түрүүнд мэдэх ёстой мэдээлэл бол ирэх онд төсөв дахиад л тэлнэ. Төсвийн төсөлд тусгаснаар 2018 оны төсвийн орлого түүхэн дээд цэгт хүрэхээр байна. Төсөөлж буй орлогын хэмжээ 2009 оныхоос 3-4, 2010 оныхоос хоёр дахин өндөр байхаар тооцжээ.

Сангийн яамны өргөн барьснаар төсвийн орлого 700 орчим тэрбум төгрөгөөр өсөж, 7.2 их наяд төгрөгтэй тэнцэнэ. Тэгвэл түүхэн дээд түвшинд хүрэхээр байгаа энэ орлогыг хаанаас бүрдүүлэх вэ. Мэдээж, уул уурхайн салбар улсын сангийн багагүй хэсгийг бүрдүүлэх нь тодорхой. Төсвийн орлогын дөрөв хуваасны нэг буюу 24 хувийг эрдэс баялгийн салбараас олохоор байна. Мөнгөн дүнгээр 1.7 их наяд төгрөг уул уурхайгаас төсөв рүү урсана. Тэгвэл энэ мөнгөний бараг 90 хувь нь ердөө хоёрхон түүхий эдээс бүрдэхээр байгаа юм. Ялангуяа, зэс улсын төсөвт онцгой үүрэг гүйцэтгэнэ. Улбар шаргал металлын ногдол ашиг, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр зэрэг татвар, хураамж нийлээд нэг их наяд төгрөгийг давж байгаа. Төсвийн орлогын долоо хуваасны нэг нь зөвхөн зэснээс бүрдэхээр байна.

Ирэх онд зэстэй нүүрс хүч хавсарч, төсвийн орлогыг тулна
Дээрээс нь нүүрс хүч хавсарна. Хүрэн түүхий эдийн экспортоос улсын төсөвт хагас их наяд төгрөгийн орлого олох төлөвтэй. Зэс, нүүрсний хослолоос хагас болон бүтэн их наяд төгрөгийн орлого олно. Өөрөөр хэлбэл, хоёр түүхий эдийн хослол улсын төсөв дэх уул уурхайн салбарын өнгийг тодорхойлох нь. Харин уул уурхайн орлогын 10 гаруй хувь нь алт, цайрын баяжмал, төмрийн хүдэр болон бусад түүхий эдээс хамаарах аж.

Зэсийн ханш тогтворжино

Тэгвэл төсвийн тулгуур болсон хос хоёрын ханш хэрхэн тогтох бол. Өнгөрсөн жилүүдэд түүхий эдийн ханшийг хэт өөдрөгөөр төсөөлж, “тэнгэр”-ийн тоонуудыг тусгасан нь төсвийн алдагдал нэмэгдэх нэг шалтгаан болсон. Тиймээс ус даасан төсөв хэмээн шүүмжилсээр ирсэн. Тэгвэл ирэх оны төсвийн төлөвлөлт хэр нүдээ олж, хөрсөндөө буусан бол. Сангийн яам ирэх онд тонн зэсийн үнийг 6430 ам.доллараар тооцжээ.

Дэлхийн зах зээлд ханш ийм байгаа нөхцөлд зэсийн 1.3 сая тонн баяжмал экспортолж, төсөвтөө нэг их наяд төгрөг олохоор тооцож сууна. Хэдийгээр энэ зах зээлийг Хятад жолооддог гэхэд хилсдэхгүй ч олон улсын шинжээчид ирэх оны зэсийн ханшийн төлөвийг танилцуулаад эхэлсэн. Өнгөрсөн баасан гарагт гэхэд Дэлхийн банк түүхий эдийн төлөвөө танилцуулсан ба зэсийн ханш 2018 онд 6118 ам.долларт хэлбэлзэнэ хэмээн таамаглажээ. Олон улсын шинжээчид зэсийн ханшийг 6000 ам.доллараар төсөөлж байгаа. Үүнээс үзэхэд, төсөвт суулгасан үнэ өөдрөг төсөөлөлд хөтлөгдсөн байх талтай байна. Дашрамд дурдахад, Олон улсын зэс судлалын групп 2018 онд дэлхийн зэсийн үйлдвэрлэл 24.2, зэсийн хэрэглээ 24.3 сая тонн байна гэж зурагласан байна. Өөрөөр хэлбэл, зэсийн ханш огцом өсөх, эсвэл унах магадлал бага.

Дээрээс нь энэ зах зээлд Хятадаас гадна Энэтхэг нөлөөлөхөөр байна. Мөн ирэх онд улам хүчирхэгжиж мэдэх ам.долларын нөлөөг мартаж болохгүй.

Нүүрс нүүр өгөх үү

Энэ онд Монголын эдийн засагт гэгээ татуулсан нүүрс эрчээ ирэх онд хадгалах болов уу. Хилийн хоригт хүлэгдээд буй энэ түүхий эдийн ирээдүй өнөөг хүртэл ээдрээтэй хэвээр. Ирэх онд Монгол Улс 28 сая тонн нүүрс хилийн чанадад нийлүүлж, түүнээс төсөвт 500 орчим тэрбум төгрөг олохоор төсөөлчихсөн.

• Орлогын хэмжээ 2009 оныхоос 3-4, 2010 оныхоос хоёр дахин өндөр байхаар тооцжээ.

• Төсвийн орлогын дөрөв хуваасны нэг буюу 24 хувийг эрдэс баялгийн салбараас олохоор байна.

• Төрийн өмчийг хувьчилж, 100.7 тэрбум төгрөг олохоор тусгасан. Энэ мөнгөний дийлэнхийг Төрийн банкийг хувьчилснаар олох бөгөөд 75 орчим тэрбум төгрөгөөр үнэлжээ.


Ингэхдээ баяжуулсан коксжих нүүрсний үнийг тонн тутам 100, боловсруулаагүйг нь 60 ам.доллараар тооцжээ. Өнгөрсөн сарын байдлаар баяжуулсан коксжих нүүрсний үнэ тонн тутамд 142.7 ам.долларт хэлбэлзэж байгаа. Бас есдүгээр сарын байдлаар нийт 25 сая тонн нүүрс экспортолчихоод буйгаас үзвэл ирэх онд нүүрсний экспортын үнэ хийгээд хэмжээ харьцангуй хөрсөндөө буусан гэж тооцож болно. Гэхдээ эрсдэл бий. БНХАУ-ын гангийн үйлдвэрлэл 2018 онд тав орчим сая тонноор буурах таамгийг Австралийн албаныхан тооцоолжээ. Гангийн үйлдвэрлэл буурахаар түүний үндсэн түүхий эдийн нэг нүүрсний эрэлт багасах нь ойлгомжтой. Эрэлт буурахаар үнэ буурдаг нь зах зээлийн хууль. Зэс, нүүрсний үнэ хийгээд хэмжээ ялимгүй өөрчлөгдөхөд улсын төсвийн зарим татварт хэрхэн нөлөөлөхийг дээрх хүснэгтээс харна уу.

Төрийн банкийг хувьчилна

УИХ-ын өмнө дэлгээд буй төсвийн төсөлд өөр ямар хачир байна вэ. Олон нийтийн анхаарал татдаг өмч хувьчлал ирэх онд үргэлжлэхээр байна. Төсвийн төсөлд төрийн өмчийг хувьчилж, 100.7 тэрбум төгрөг олохоор тусгачихаж. Энэ мөнгөний дийлэнхийг Төрийн банкийг хувьчилснаар олох бөгөөд 75 орчим тэрбум төгрөгөөр үнэлжээ. Мөн төрийн нэр дээрх зарим хөрөнгийг худалдаж, төсөвт суусан мөнгийг олох аж. Бас газрын төлбөрөөс нийт 57.9 тэрбум төгрөг олохоор тусгасан нь сүүлийн хэдэн жилд гаргаагүй зоримог шийдэл. Түүнчлэн төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн менежментийг сайжруулж, ашигт ажиллагааг нэмэгдүүлж, 95.9 тэрбум төгрөгийн ногдол ашиг хүртэхээр тооцжээ. Өнөөг хүртэл улсын төсөвт олон тэрбумын дарамт дагуулдаг төрийн өмчүүд ашиг олох уу. Анхаарлын тэмдэг дагуулсан асуулт. Мөн төрийн өмч тойрсон аливаа шийдэл, хөтөлбөр гацсан, улс төржилтийн сэдэв болж царцдаг түүх өнгөрсөн жилүүдэд ажиглагдсан. Энэ онд гэхэд өмч хувьчлалыг үргэлжлүүлж, 100 гаруй тэрбум төгрөг олохоор тусгасан.

Гэвч хувьчлал гацсанаас үүдэн төдий хэмжээний цоорхой төсөвт үүссэн юм. Иймд ирэх онд ч төсвийн орлогын багагүй хэсгийг эзлэх эдгээр орлогын эх үүсвэрийг урагшлуулах шаардлага байна.

Татвар тойрсон хэдэн тоо

Уг нь импорт улсын төсвийн хамгийн сайн “нөхөр” болдог. Төсвийг тэтгэдэг олон эх үүсвэр импортоос урган гардаг билээ. Ирэх онд импорт төлөвлөснөөс 100 сая ам.доллараар буурах тутамд төсвийн орлого 33.6 тэрбум төгрөгөөр тасрах эрсдэл хүлээж байна. Учир нь Монгол Улсын төсвийн нийт орлогын 25 орчим хувь нь импортоос шууд хамааралтай. Бизнес, цаашлаад гадаадын хөрөнгө оруулалт импортыг өдөөж, төсөвт нөлөөлөх нь. Ирэх онд Монголыг чиглэх мөнгөний урсгалыг ажвал муугүй дүр зураг бууж байгаа. Тэгэхээр импортод эрсдэл үүсэх магадлал бага.

Мөн Нэмэгдсэн өртгийн албан татвар гэх төсвийн нэг ундарга бий болжээ. Энэ татвараас улсын төсөвт 1.5 их наяд төгрөг төвлөрөхөөр байна. 2003 онд НӨАТ-тай худалдан авалт 1.2 их наяд төгрөг байсан бол 2016 онд 17.5 их наяд төгрөгт хүрч 14 дахин өссөн байна. Эцэст нь ирэх оны төсвийн орлогын онцлох үзүүлэлт ийм байна. 2018 оны төсөвт эдийн засгаа сэргээж, ОУВС-гийн амаргүй шаардлагад нийцүүлэх гээд олон олон сорилт байсан нь дамжиггүй. Гэхдээ түүхий эдийн үнэ, экспортын хэмжээг аль болох хөрсөндөө буулгах гэж хичээсэн нь энэ оноос эхэлсэн төсвийн бодлогын ололттой тал. Мөн төрийн данхар бүтцийг хумьж, төрийн гэх тодотголтой зарим өмч болон газрыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар зорьжээ. Гэсэн хэдий ч орлогын зарим эх үүсвэр бүүдгэр хэвээр байна. Дээрээс нь хэдхэн төрлийн түүхий эдийн үнэ унахад л төсвийг тэтгэгч олон татварын орлого бүрдэлт тасрахыг үгүйсгэхгүй.

САНАЛ БОЛГОХ