Chalco-гийн цэвэр ашиг 10 дахин нэмэгдлээ
Хөрөнгө оруулалт
Металлын ханш сэргэсэнтэй холбоотойгоор БНХАУ-ын Chalco компанийн цэвэр ашиг оны эхний есөн сард 1.36 тэрбум юань болсон байна. Энэ нь жилийн өмнөхтэй харьцуулахад 10 дахин өссөн үзүүлэлт юм. Тус компанийн тайлант хугацааны орлого нь 52.5 хувиар нэмэгдэж, 139.9 тэрбум юань болсон талаар тус компани санхүүгийн тайландаа дурджээ. БНХАУ-ын Засгийн газар байгаль орчноо хамгаалах чиглэлд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь зах зээлд хөнгөн цагааны нийлүүлэлтийг бууруулж буй. Үүний улмаас энэ онд хөнгөн цагааны фьючерс ханш 20 хувиар өссөн нь Chalco ашигтай ажиллахад голлон нөлөөлсөн байна. Хонконгийн Хөрөнгийн бирж дэх Chalcoгийн хувьцааны ханш бүтэн жилийн хугацаанд 100 гаруй хувиар өсөөд байгаа юм.
Харин тус компани хөрөнгийн бүтцээ шинэчлэх гэж байгаатай холбоотойгоор Шанхайн Хөрөнгийн бирж дэх хувьцааны арилжаа нь есдүгээр сараас эхлэн түр зогссон. Chalco компани өөрийн салбар таван компанидаа 16 тэрбум юанийн гаднын хөрөнгө оруулалт татахаар төлөвлөж байна. БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж ажиллана гэж Коммунист намын XIX их хурлын үеэр мэдэгдсэн юм. Монгол Улсын хувьд төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компани Chalcoд зүүн Цанхийн нүүрсийг нийлүүлж байгаа бөгөөд өнгөрсөн гуравдугаар сард өр төлбөрөө бүгдийг нь барагдуулж дууссан. Түүнээс хойш гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу зүүн Цанхийн нүүрсийг үргэлжлүүлэн Chalcoд нийлүүлж байгаа ч үнэ, ханшаа шинэчлэн тохирч чадахгүй байгаа юм.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй