Ногоон бизнесийн эрэлт өндөр

ТАНСАГ ХЭРЭГЛЭЭ


Хятад, Солонгос улсаас дийлэнх цэцгээ нийлүүлдэг

Улс орон бүр өөрийн гэсэн цэцгийн соёлтой байдаг. Сүүлийн жилүүдэд манайд цэцгийн соёл өргөн дэлгэрч байгаа нь энэ төрлийн бизнес хүрээгээ тэлж, зах зээл хэрхэн өргөжиж байгаагаас харж болно. Саяхныг хүртэл цэцгийн хэрэглээ төрсөн өдөр, хурим найр, баяр ёслол гэх мэт тэмдэглэлт өдрүүдээр хязгаарлагддаг байсан бол өдгөө өдөр тутмын хэрэглээ болгож, энэ хэрээр бизнес өргөжиж байна. Зөвхөн лангуун дээрээс цэцэг сонгодог цаг ард хоцорч, цэцгийн төрөлжсөн дэлгүүрүүд үүд хаалгаа нээж, хүргэлтийн шинэ төрлийн үйлчилгээ хүр тэл зах зээлд нэвтэрлээ.

Тэрчлэн саяхныг хүртэл улаан сарнайгаас өөр төрлийн цэцгийн сонголтгүй байсан бол төрөл бүрийн гоёлын цэцэгс тансаг хэрэглээнд тооцогдох болов. Тиймээс цэцгийн сонголт, үнэ ханшийг сонирхлоо. Хүмүүсийн гол төлөв очдог Улсын их дэлгүүр, Цэцэг төвд улаан, ягаан, шар өнгийн сарнай нэг ширхэг нь 3500, сараана буюу лили 6000, удвал, ромашка 3000, лиш, башир цэцэгс 2500 төгрөгийн ханштай байна. Цэцгийг голдуу 57 ширхэгээр нь багладаг бөгөөд сав баглаа бодлоосоо хамаарч 1545 мянган төгрөгийн үнийн сонголттой.


Албан байгууллагууд олноор нь авах захиалга өгсөн нөхцөлд үнэ нь 500-800 төгрөгөөр хямдардаг аж. Гэхдээ Цэцэг төвийн үнэ Улсын их дэлгүүрээс 500-1000 төгрөгийн хямд байсныг дурдах хэрэгтэй болов уу. Сүүлийн үед цэцгийн баглаа боодол энгийнээс илүү тансаг, гоёмсог болох хандлагатай байна. Тууз, цаасаар чимэглэхээс илүүтэй сагс, хувин эсвэл сонингийн цаасанд боож өгөх нь илүү чамин харагдуулж, бизнес эрхлэгчид хэрэглэгчдийн хүсэлтэд нийцүүлж, дагалдах хэрэгслүүдийг мөн худалдаж байна. Тухайлбал, сагс, хувин жижиг томоосоо хамаарч, 15- 30 мянган төгрөгийн үнэтэй байлаа. Мэдээж хэрэг илүү чамин баглаа боолттой болох тусам үнэ нь нэмэгдэнэ.

Харин цэцгэн дээрээ саа цацдаг мода хэдийнэ хуучирч, өөрийнх нь байгалийн үнэр, өнгөөр нь хадгалахыг хэрэглэгчид илүүд үздэг болсныг цэцгийн бизнес эрхлэгчид хэлж байна. Орлогын тухайд Улсын их дэлгүүр, Цэцэг төв, цэцгийн төрөлжсөн дэлгүүр болон хүргэлтийн үйлчилгээний газруудынх харилцан адилгүй байдаг аж. Олон улсын эмэгтэйчүүдийн баяр, Гэгээн хайрын өдөр, эрдмийн баяр гээд тэмдэглэлт өдрүүдэд хамгийн багадаа таван сая төгрөгийн орлоготой. Харин бусад буюу энгийн өдөр харилцан адилгүй бөгөөд ойролцоогоор 300-500 мянган төгрөгийн орлого олдог гэдгийг худалдагчид хэлж байна. Улаанбаатар хотод цэцэг худалдахын зэрэгцээ гэрт, ажлын газар гээд хүссэн газраа хүргүүлэх боломжтой цэцэг хүргэлтийн үйлчилгээ эрэлттэй аж.

Энэ төрлийн үйлчилгээ үзүүлж буй томоохон 12 газар байдаг бөгөөд үйлчилгээгээ утсаар, онлайнаар гээд төрөл бүрийн хэлбэрээр авч байгаа нь ажил ихтэй завгүй хүмүүсийн цагийг хэмнэсэн шинэ төрлийн соёлтой үйлчилгээ болоод байна. Ийн цэцгийн соёл түгэн дэлгэрч байгаа нь эрчүүдийн зан байдал, соёлтой ч бас салшгүй холбоотой. Тэд зөвхөн тэмдэглэлт өдөр бус жирийн өдрүүдэд ч ээждээ, хайрт бүсгүйдээ, ханьдаа зориулж цэцэг хүргүүлж, халамж хайраа илэрхийлж байгаа нь хүргэлтийн зах зээл тэлэх шалтгаан болж буй. Үнийн хувьд хот дотор үнэгүй хүргэдэг бөгөөд 15-140 мянган төгрөгийн үнэтэй байна. Эрчүүд хайрт бүсгүйдээ зориулж 999 сарнай цэцэг бэлэглэх дуртай байдаг.

Тэгвэл цэцэг хүргэлтийн үйлчилгээний газрууд 999 сарнайг 250-299 мянган төгрөгийн үнэтэй хүргэж өгдөг юм байна. Гэхдээ сүүлийн үед залуус сарнай цэцгээс илүүтэй алтанзулыг сонгодог болсон хэмээн Цэцэг төвийн худалдагч бүсгүй зөвлөв. Цэцэг төвд төрөл бүрийн гоёлын цэцгээс гадна таримал цэцэг ч худалдаж байна. Мөн гоёлын цэцгүүд худалдан авснаас хойш 5-7 хоног л “амьдардаг” тул хүмүүс таримал цэцгийг сонирхдог болсон хэмээн нэмж хэллээ. Ялангуяа, эмэгтэй хүний гоо сайхан, нууцлаг, цэвэр ариун байдлыг илэрхийлдэг гоодаль цэцэг эрэлт ихтэй байдаг аж. Мөн ээждээ, эгчдээ хайтан цэцэг бэлэглэхэд тохиромжтой гэдгийг зөвлөв.

• Цэцэг төвийн үнэ Улсын их дэлгүүрээс 500-1000 төгрөгийн хямд байдаг.

• Хэрэглэгчид тууз, цаасан чимэглэлээс татгалзаж, сагс, хувин эсвэл сонингийн цаасыг түлхүү сонгож байна.

• Тэмдэглэлт өдрүүдэд хамгийн багадаа таван сая төгрөгийн орлоготой байдаг.

Манай улс өнөөдрийн байдлаар Хятад, Солонгос улсаас дийлэнх цэцгээ нийлүүлдэг аж. Шаардлагатай үед Орос, Вьетнам улсаас авдаг. Мэдээж хэрэг Европын орнууд бол цэцгийн вант улс. Ялангуяа, Голланд, Герман, Чех гэх мэт улсууд багтана. Гэхдээ тээвэрлэлтийн зардал хэтэрхий өндөр байдаг учраас тэр бүр Европын орнуудаас цэцэг импортлох боломжгүй гэдгийг бизнес эрхлэгчид хэлж байна. Мөн Эквадор бол жинхэнэ цэцгийн орон юм байна. Тэндээс онцгой тохиолдолд цэцэг, цэцгийн баглаа импортолдог бол ОХУ-аас тасалгааны цэцэг, үр авдаг аж. Импортоор цэцэг оруулж ирэхдээ том хайрцагт хийж энгийн бараа шиг авчирдаг гэнэ. Онцын хамгаалалтгүй бөгөөд галт тэргээр хоёр хоног тээвэрлэж ирдэг байна. Усалж, чийглэсэн цэцгүүд хүйтэнд хөлдөж, хайрагдах эрсдэлтэй гэдгийг худалдаачид хэлэв.

Мөн жирийн өдөр хэчнээн хэмжээний ямар цэцэг оруулж ирэх вэ гэдгийг сайтар тооцохгүй бол үрэгдэх эрсдэлтэй байдаг. Дэлгүүрт ирсэн цэцэг усанд долоо хоног шинээрээ байдаг бөгөөд худалдан авагчийн гар дээр очоод 5-7 хоног амьдардаг аж. Тиймээс цэцгийн бизнес ашигтай ч үүнийгээ дагаад бас эрсдэлтэй гэдгийг тэд нуусангүй. Сонирхолтой нь, цэцгийн бизнесийг дэлхий дахинаа голчлон эмэгтэйчүүд эрхэлдэг бөгөөд тэдэнд хамгийн тохиромжтой бизнесийн салбар гэдгийг судлаачид хэлдэг юм байна.

Тэрчлэн хамгийн ашигтай бизнесийн жагсаалтад дээгүүрт явдаг аж. Манай орны хувьд сүүлийн жилүүдэд хүн бүр амьдрах орчноо эрүүлжүүлэх зорилгоор гэртээ, албан тасалгаандаа цэцэг тарих сонирхол нэмэгдсээр байна. Ногоон бизнес, байгальд ээлтэй аж ахуйн нэгж, анги, сургууль зэрэг аян идэвхтэй өрнөж эхэлсэн нь цэцгийн бизнесийн ашгийг нэмэгдүүлсээр байгаа. Нөгөөтэйгүүр цэцгийн бизнес ногоон бизнес гэдэг утгаараа байгаль орчинд таатай нөлөөтэй эрүүл бизнес гэж болно. “Цэцэгт мэндчилгээ” компанийн захирал Б.Баттөр “Таван жилийн дараачаас цэцгийн өндөр хэрэглээ үүснэ гэж харж байгаа. Гэртээ, ажлын ширээн дээр, зочид буудлууд зааландаа цэцэг тавих гэх мэтээр. Тэгэхээр бидэнд өргөн зах зээл, өсөж дэвжих бүрэн боломж байна гэж харж байна. Манайх томоохон 10 гаруй зочид буудалтай цэцэг нийлүүлэх гэрээ байгуулсан. Энэ нь цэцгийн хэрэглээ хурдан өснө гэдгийг харуулж байгаа юм.

Гагцхүү бид хурдацтай ажиллах хэрэгтэй. Үнийн хувьд ховор цэцэгнүүд илүү үнэтэй байдаг. Харин түгээмэл цэцэг нь хямд байх жишээтэй. Бидний сайн мэдэх сарнай гэхэд зах зээл дээр их байдаг учир хямдхан. Харин ховордоод ирвэл мөн л үнэд орж эхэлнэ. Иймд эрэлт нийлүүлэлтээр үнэ нь зохицуулагддаг гэж ойлгож болно. Мөн тогтмол үнээ алддаггүй цэцэг гэж байгаа” гэв. Цэцгийг харсан хүнд эерэг энерги бий болоод зогсохгүй тэр энерги нь долоо хоног биед нь хадгалагддаг гэсэн тооцоо судалгаа байдаг аж. Тиймээс цэцэг нь хүнд энерги өгөхөөс гадна хүний бодлыг цэвэршүүлдэг ач холбогдолтой. Хүмүүс бие биедээ цэцэг бэлэглэх нь байгалийн гоо сайхныг ашиглан энерги хайрыг бэлэглэж байгаагаас өөрцгүй билээ.

САНАЛ БОЛГОХ