Хадгаламж өрхийг ядуурлаас аварна

Мэдээ


Монголчуудын 27 хувь нь ямар нэг хэмжээгээр хадгаламжтай

Иргэдийн өдөр тутмын хэрэглээндээ зарцуулдаг гар доорх мөнгө улам багассаар. Хүн амын гуравны нэг нь ядуу гэсэн ангилалд багтсан сүүлийн хоёр жилд өрхийн төсөвт багагүй өөрчлөлт гарав. Гурван жилийн өмнө буюу 2014 онд нэг өрхийн сарын мөнгөн орлого 1,080,145 төгрөг байсан бол энэ тоо аажим буурсаар 2016 оны эцэс гэхэд 944,153 төгрөг болсон. Цалин, өрхийн үйлдвэрлэл, үйлчилгээний орлого зэрэг бусад мөнгөний эх үүсвэр ч уруудсан үзүүлэлттэй байна.

Харин өрхийн санхүүгийн хүч чадлыг хэмждэг нэг үзүүлэлтэд л бусдаас илүү эерэг төлөв ажиглагдаж буй. Энэ бол хадгаламж.  Манай иргэдийн нийт хадгаламжийн хэмжээ жил ирэх тусам алгуур өгссөөр байгаа. Улсын хэмжээнд нийт иргэдийн хадгаламж 2013 онд ойролцоогоор 4.4 их наяд төгрөгөөр хэмжигдэж байв. Энэ хэмжээ өнгөрсөн онд 8.1 их наядад хүрсэн нь 2015 оныхоос 4.3 тэрбум төгрөгөөр буюу хоёр дахин өссөн үзүүлэлт. Манай улсын иргэд дунджаар хэдэн төгрөгийн хадгаламжтай талаарх нарийн тоо, баримт одоо гоор алга.

Харин Үндэсний статис тикийн хорооноос тухайн өрх хадгаламжтай эсэхийг асууж, судалгаа гаргадаг. Монголчуудын хэдэн хувь нь орлогоосоо хадгаламжид нэмж чаддагийг сонирхуулъя.

Дундаж давхаргынханд зорилтот хадгаламжтай болох дадал сууж байна
Хамгийн сүүлийн судалгаагаар монголчуудын 27 хувь нь ямар нэг хэмжээгээр хадгаламжтай гэсэн тооцоо гарчээ. Суурьшлаар үзвэл, хадгаламжтай иргэдийн тоо хот, хөдөөд бараг ижил жинтэй байна. Улаанбаатар хотын нийт иргэдийн 27.4 хувь нь хадгаламжтай бол аймгийн төвд 25.1, сумын төвд 26.3 хувийг эзэлж байна. Харин бүсээр нь ангилж үзвэл баруун бүсийн хүн амын 25.7, хангай 26.5, төв 23.2, зүүн 32.9 хувь нь хадгаламжтай байна. Эдгээр тоо хаана амьдарч буйгаас үл хамааран иргэдийн мөнгө хадгалах сонирхол нэмэгдэж буйг харуулна. Ер нь хадгаламжтай байна гэдэг санхүүгийн эрсдэл, өрхийн ядуурлаас хол байгааг илэр хийлнэ. Улаанбаатар хот болон аймгийн төвүүдэд хадгаламжтай иргэд ядууралд өртөх нь бусдаас гурав дахин бага байна. Харин хөдөөд хоёр дахин бага байгааг Үндэсний статистикийн хороо онцолсон юм.

Харин Монголбанкны судалгаа, статистикийн газраас 2016 онд 4000 гаруй иргэний дунд явуулсан судалгаанд 53 хувь нь мөнгөн хуримтлал байхгүй хэмээн хариулжээ. Эсрэгээр нь харвал, 47 хувь нь ямар нэг хэмжээгээр хуримтлал үүсгэсэн гэсэн үг. Хуримтлалтай иргэдийн 25 хувь нь мөнгөө банкинд хадгалдаг гэсэн нь дээр дурдсан судалгаатай ойролцоо дөхөж байна. Харин есөн хувь нь худалдаа, наймаа хийж эргэлдүүлдэг бол бусдад зээлүүлдэг, үл хөдлөх хөрөнгө авдаг, үйлдвэрлэл эрхэлдэг зэрэг хариулт тус бүр 23 хувийг эзэлж байгаа юм.  Сүүлийн жилүүдэд эдийн засгийн хямрал өрхийн төсөвт бодитоор нөлөөлж буй тул иргэд эрсдэлээс холуур өнгөрөхийн тулд бага ч гэсэн хадгаламжтай болохыг хүсдэг болжээ.

Банкууд хадгаламж барьцаалсан зээлийн төрөл, үйлчилгээг илүү олон, хялбар болгож үүнд нөлөөлж буйг үгүйсгэх аргагүй. Ер нь эдийн засгийн хямралтай үед иргэдийн орлого саардаг ч хадгаламжийн тоо нэмэгдэх хандлага ажиглагддаг. Хэдэн зуун саяар хэмжигдэх их биш ч гэсэн бага хэмжээний, зорилготой хадгаламжийн тоо өсдөг. Дундаж давхаргынханд орон сууц, автомашин, оюутны сургалтын төлбөрийн гээд зорилтот хадгаламжид орлогоосоо хурааж, эрсдэлээс өрхийн төсвөө хамгаалах төлөвлөгөө хэрэгжүүлэх дадал сууж байна.


САНАЛ БОЛГОХ