Сүнсний баярыг монголчилъё

Нийтлэлчийн булан


Энэ баярыг бид яагаад монгол төрхөмдөө оруулж болохгүй гэж

Сүүлийн жилүүдэд монголчуудын өргөн тэмдэглэх болсон баяр нь Halloween болжээ. Ямар ач холбогдолтойг нь үл мэдэх хэрнээ сүнсний гэгдсэн энэ баярыг жил ирэх тусам улам эрчтэй тэмдэглэж байгаа нь гайхалтай. Хүүхэд, залуусын хувьд бараг Цагаан сараас илүү өргөн тэмдэглэдэг болсон гэхэд ч хэтрүүлэг болохгүй байх. Энэ жилийн тухайд сүнсний баярын давалгаанд өртсөнөө цөөнгүй хүн цахим ертөнцөөр илэрхийлсэн харагдана. Хүүхдүүд гадаадынхныг дуурайн араг яс хийгээд элдэв гаж дүр бүхий аймшгийн хувцас өмсөж, айл айлаар хэсэн чихэр гуйсан дүр зураг хаа сайгүй. Зарим нэг настай хүмүүс энэ бүхнийг хараад цочиж, даралт нь ихэссэн сурагтай. Өнгөрсөн бямба гарагийн оройноос эхэлж айлуудын хаалга тогшсон бага чуудын цуваа өнөөдөр ч үргэлжлэх байх. Даяаршлын нэг давалгаа гэж тайлбарлаж болох ч бодолцох юм бас байна аа. Энэ баяр бидний уламжлалтай зохицож байна уу. Харь орны баярыг хуулбарлахдаа бодолтой байх ёстой юу гээд эргэцүүлэх асуудал их.

Уг нь баяр, тэмдэглэлт үйл явдал гэдэг нь тухайн улс үндэстний бахархал, түүх соёл, өв уламжлалтай холбоотой, зорилготой, бодлоготой нандин үйл гэж би ойлгодог. Тухайн үндэстний бахархал, омог шил, үнэт зүйлийг тэмдэглэдэг баяр наадмаас нь харж болдог. Яг л наадам, цагаан сараар монголчууд үндэсний дээл хувцсаараа гоёж, түүх, ёс заншлаа эргэн санаж, хойч үедээ өвлүүлэн үлдээдэг шиг. Гэтэл энэхүү хачин үйл явдлыг бид яагаад, ямар зорилгоор, юунд ач холбогдолтой хэмээн тэмдэглэдэг болохыг эргэцүүлээд үзмээр санагдах юм. Дэлхий ертөнц даяаршихын хэрээр гаднын маш олон баярыг бид “коопийдох” болжээ. Харин эдгээр баярыг “нутагшуулахдаа” сайтар бодох ёстой мэт. Үгүй бол хаа холын Африкийн аль нэг улс орны зан заншилтай холбоотой, маньд падгүй баярыг хүртэл тэмдэглэх нь холгүй болжээ. Үүнийг бичиглэхдээ зөвхөн Halloween-ий баярыг ад үзэх гэсэнгүй ээ.

• Баяр, тэмдэглэлт үйл явдал гэдэг нь тухайн улс үндэстний бахархал, түүх соёл, өв уламжлалтай холбоотой, зорилготой, бодлоготой нандин үйл.

• Уг нь аливаа баяр эдийн засгийг дэмжиж, эргэлтэд оруулдаг сайн талтай.

• Бид гаднын баярыг учраа олохгүй хавтгайруулан тэмдэглэж, энэ хүрээ жилээс жилд өргөжсөөр байгааг анзааралгүй орхиж боломгүй.

Тэмдэглэх дуртай хүмүүс нь тэмдэглэж баярлана л биз. Харин улс оронд бодлого гэж байдаг бол үүнд заавал чиглэх учиртай. Жил ирэх тусам өргөжин тэлсээр байгаа энэ баярыг бид яагаад монгол төрхөмдөө оруулж болохгүй гэж. аливааг монголчилдог шигээ зориод үзээч. Энэ нь улс орны эдийн засагт ч үр нөлөөгөө өгмөөр санагдаад байх юм. сүнсний баяраар хамгийн их зарагддаг зүйл юу вэ. Төрөл бүрийн аймшгийн баг, нүүрний зориулалтын будаг, нөмрөг, малгай… гээд цааш хөврөх байх. Гэтэл энэ бүхэн ихэвчлэн урд хөршөөс, бүр тодруулбал, эрээнээс орж ирж байгаа. Уг нь аливаа баяр эдийн засгийг дэмжиж, эргэлтэд оруулдаг сайн талтай. Нэг удаагийн цагаан сараар 3-4 их наяд төгрөг зах зээлд эргэлддэг гэсэн багцаа тоо бий. Halloween-ий үеэр энэ зэргийн биш юмаа гэхэд бас ч гэж багагүй мөнгө эргэлддэг байж таарна. Гэвч тэрхүү мөнгө урьдын адил урд хөршийг чиглэн урссаар.

Зүй нь бид энэ баярыг монголынхоо хөрсөнд буулгаж, хүүхэд залуус нь эртний баатруудынхаа хувцас хэрэглэлээр гангарч яагаад болохгүй гэж. “Монголын нууц товчоо”, “Гэсэр”, ”,Жангар” туулийн болон ардын үлгэр, домгоо сануулсан баатруудын дүрийг бүтээж, илтгэсэн хувцас өмсгөл өмсөж, түүх уламжлал, зан заншлаараа, соёлоороо бахархсан нэг өдрийг өнгөрүүлбэл хэчнээн сайхан байх билээ. Боловсрол, соёлын асуудал эрхэлсэн төрийн яамдын бодлого ч энд чиглэгдэх ёстой биш үү. Сургууль, цэцэрлэг хийгээд хүүхэд залуусын боловсрол, хүмүүжил, хөгжлийн төлөө гэсэн тодотголтой элдэв төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг эндээс хармаар санагддаг.

Монголчилсон баяр нь тэгээд үндэснийхээ үйлдвэрлэгчдийг дэмждэг том хөшүүрэг байж болно. Мөн манай үндэсний үйлд вэрлэгчид нөхцөл байдалд мэдрэмжтэй хандаж, баярт зориулсан бараа бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг олшруулах хэрэгтэй. Хүнсний үйлдвэрлэгчид энэ баярт зориулсан бүтээгдэхүүн, амт тан яагаад үйлдвэрлэж болох гүй гэж. Баярын жигнэмэг, өрмөнцөр, хувцас хунар гээд зах зээлд эрэлттэй бүтээгдэхүүн зөндөө баймаар санагдах юм. Энэ жилээ байг гэхэд хойтонгоос нэгийг бодолцож эхлэхэд буруудахгүй. Halloweenий баяр тэмдэглэж эхэлсэн түүхийг сөхөж харвал манай эриний өмнөх үе рүү ороод явчихна. эртний герман, Францын ургацын баяраас үүсэлтэй юм билээ.

Монголчилсон баяр нь үндэсний үйлдвэрлэгчдийг дэмждэг хөшүүрэг байж болно
Ерөнхийдөө бол Христийн шашны баяр гэж болно. Христийн шашинтай улс орнууд ихэвчлэн тэмдэглэдэг. Энэ үеэр нуугдаж тоглох, аймшгийн хувцас өмсөх, аймшигтай түүх ярих, талийгаачдын булшин дээр лаа асаах гээд олон ёс заншил гүйцэтгэдэг. Харин сүүлийн үед арилжааны шинжтэй баяр болон хувирчээ. Элдэв баг, өмсгөл, будаг сэлт энэ үеэр хамгийн их зарагддаг. Зөвхөн АНУ-д гэхэд Halloween-ий үеэр 1.5 тэрбум ам.долларын хулуу зарагддаг. Мөн 36 сая паунд чихэр эзэндээ очдог гэж бодохоор ямар өргөн цар хүрээг хамардаг нь мэдэгдэх байх. Бизнесийн байгууллагууд үүнийг соргогоор анзаарч, улам өргөн дэлгэр тэмдэглэдэг болгохын тулд сурталчилгааг маш ихээр цацах болсон гэдэг.  Гэхдээ аливаа юм тун хэмжээ нь таарсан байх ёстой.

Аймшгийн баярыг хэт өргөн тэмдэглэх явдал сөрөг үр дагавар араасаа дагуулах болсныг хүмүүс шүүмжилдэг. Тухайлбал, баярын өдөр 5-14 насны хүүхдүүд автомашины осолд өртөх тохиолдол жирийн өдрүүдтэй харьцуулахад дөрөв дахин нэмэгддэг гэсэн статистик байна. Залуус энэ баяраар архи, дарс, мансууруулах бодис хэрэглэдэг болж гэсэн түгшүүртэй мэдээг хууль хяналтынхан ч онцолж байсан. Харин бид гаднын баярыг учраа олохгүй хавтгайруулан тэмдэглэж, энэ хүрээ жилээс жилд өргөжсөөр байгааг анзааралгүй орхиж боломгүй. Баяр наадам гэдэг хэн дуртай нэгний тэмдэглэдэг завхрал биш улс орны төрийн бодлогод хамаарах онцгой үйл явдал. Тиймээс ч Монгол Улс баяр наадам тэмдэглэх тусгайлсан хуультай гэдгээ ч санах хэрэгтэй юм даа.



САНАЛ БОЛГОХ