ОУВС оны эцэст Монголыг хэлэлцэнэ

Хөрөнгө оруулалт


Нэг, хоёрдугаар шатны үнэлгээг нэгтгэн, тайлан боловсруулна

ОУВС-гийн Ажлын хэсэг өнгөрсөн сарын 18-30-ны хооронд Монгол Улсад ажиллаж, “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн эхний хоёр шатыг үнэллээ. Ингэснээр энэ оны дунд үеэс хэрэгжүүлж эхэлсэн хамтарсан хөтөлбөрийн нэг, хоёрдугаар шатны үнэлгээг нэгтгэн, тайлан боловсруулна. Ирэх 2 арванхоёрдугаар сарын дунд үед болох ОУВС-гийн Захирлуудын зөвлөлд уг тайланг танилцуулж, удаах санхүүжилтийг олгох эсэхийг шийдэх юм байна. Хэрэв Захирлуудын зөвлөл зөвшөөрвөл, ОУВС-гийн шинэ санхүүжилтийн багц хэдхэн хоногийн дотор орж ирэх боломжтой гэж албаныхан хэлж байна. Ийнхүү өнгөрсөн есдүгээр сарын дунд үеэс түр хугацаанд гацсан уг хөтөлбөрийн зээлийн багцууд урагшлахад нэг алхам ойртлоо.

Учир нь өнгөрсөн сар гаруйн хугацаанд зөвхөн ОУВС-гийн улирал тутмын багцаас гадна бусад донор орон болон байгууллагууд “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд олгох санхүүжилтийн хугацаагаа түр хойшлуулаад байсан юм. Тэгвэл Засгийн газар болон ОУВС хэсэг тохиролцоонд хүрснээр бусад санхүүжилтийн урсгал Монголыг чиглэх боломжтой болов. Тухайлбал, ирэх оны эхэн үеэр Дэлхийн банкнаас 130 гаруй сая ам.долларын санхүүжилт орж ирэхээр байгаа юм .

• Эхний хоёр шатны үнэлгээний тайланг ирэх арванхоёрдугаар сарын дунд үед болох ОУВС-гийн Захирлуудын зөвлөлд танилцуулна.

• ОУВС-гийн төлөөлөгчид өнгөрсөн сард Монголд ажиллах үеэрээ төсвийн гүйцэтгэлд өндөр үнэлгээ өгчээ.

• Монгол Улсын эдийн засаг тооцоолсноос хурдан сэргэж буй.

Вашингтонд төвтэй ОУВС хамтарсан хөтөлбөрийн талаар мэдэгдэл хийгээд зогсохгүй манай улсын эдийн засгийн төлөвийг танилцуулсан. Тус сангийн шинжээчид Монгол Улсын эдийн засаг тооцоолсноос хурдан сэргэж буйг дурдаад ДНБ энэ оны эцэс гэхэд 3.3 хувиар өснө таамаглажээ. Энэ нь нүүрсний экспортоос гадна үйлчилгээний салбарын өсөлт, хөрөнгө оруулагчдын итгэл сэргэснээс үүдэлтэй болохыг онцолсон байна.

Улмаар ирэх онд манай улсын макро эдийн засгийн өсөлт улам эрчимжих бөгөөд 4.4 хувиар тэлнэ гэж таамагласан байна. Мөн 2018 онд экспортын гол түүхий эдийн ханш харьцангуй тогтвортой байх төлөвтэй ч нүүрсний салбар эрсдэлтэй нүүр тулж болзошгүйг анхааруулжээ. Тэрчлэн банкны салбарыг бэхжүүлж, санхүүгийн зах зээлийг дэмжих нь чухал болохыг тэмдэглэсэн байна. ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд дотоодын арилжааны банкуудад активын чанарын үнэлгээ хийж байгаа бөгөөд үр дүнг нь ирэх арванхоёрдугаар сарын дундуур танилцуулах тов гарчээ. ОУВС-гийн төлөөлөгчид Монголд ажиллах үеэрээ төсвийн гүйцэтгэлд өндөр үнэлгээ өгсөн. Ялангуяа, энэ оны төсөв тойрсон тоон үзүүлэлтүүд тооцоолсноос давж биелж байгаа. Төсвийн алдагдлын ДНБ-д эзлэх хувь энэ онд 7.5 хувь болж буурна гэж тооцжээ.

Тэрчлэн ирэх оны төсвийн төсөл тус сангийн шаардлага, зорилтыг хангасан болохыг тэмдэглэсэн. Гэхдээ төсвийн багц хуулиудаа шинэчилж, эрхзүйн орчноо боловсронгуй болгохыг зөвлөсөн байна. Энэ мэдэгдлээс өмнө Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОУВС-гийн Монголыг хариуцсан Ажлын хэсгийн ахлагч Жэофф Готтлиб, тус сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакер нарыг хүлээн авч уулзсан. Энэ үеэр төсвийн сахилга батыг сайжруулж, төсвийн алдагдлыг бууруулан Засгийн газрын бонд гаргахаас зайлсхийх ёстойг сануулсан юм.

САНАЛ БОЛГОХ