Өсөлт нь зогссон “нялх” үйлдвэрлэл

ЗГМ: Сэдэв

Өвлийн хахир хүйтнээс урьтаж нэхий гутал авахаар нэгэн үндэсний үйлдвэрлэгчийн нэрийн дэлгүүрийг зорив. Гэтэл нэхий дээл, гутал ид эрэлттэй байдаг энэ үед дэлгүүрийн лангуу хоосон шахуу байв. Зорьж ирсэн худалдан авагчид өнгө, хэмжээний сонголт байхгүйд бухимдаж харагдсан. Энэ бол манай нэхий үйлдвэрлэлийн салбарын өнөөгийн төрх. Социализмын үед цэргийн ангиудыг нэхий дээлээр 100 хувь хангадаг байсан энэ салбар яагаад ийнхүү нурж, сэхэх тэнхэлгүй болчихов. Угтаа бол хонины нэхий дэлхийн зах зээлд тансаг хэрэглээнд тооцогддог. АНУ-д төвөд, өвөр монгол хонины нэхийгээр хийсэн дэвсгэр 100 ам.доллар хүрдэг бол австрали бойтог үүнээс ч илүү үнэтэй. Харин 61.2 сая малтай Монголын нэхий эдлэл дотоодын хэрэгцээгээ хангаж чадахгүй, үлгэн салган, амьтай, голтой төдий байна.


ӨТТЭЙ НЭХИЙ ҮНЭ ХҮРЭХГҮЙ

Өдгөө манайд нэхийг угааж, экспортод гаргадаг цөөнгүй үйлдвэр бий ч эцсийн бүтээгдэхүүн болгож, нэмүү өртөг шингээдэг нь хоёрхон. “Дархан нэхий”, “Дархан минж” гээд энэ жагсаалт дуусна. Жил гаруйн өмнө бохины үнэтэй хэмээн баалуулж байсан хонины нэхийний үнэ өдгөө 10 дахин өсчээ. Малчны хотонд хог шиг хэвтэж байдаг нэхийний үнэ 6000 төгрөгт хүрсэн нь малчдын хувьд сайн мэдээ. Гэвч дотоодын үйлдвэрлэгчдэд нэхийний үнэ 600 эсвэл 6000 байна уу төдийлэн хамаагүй аж. Учир нь үйлдвэрлэгчдэд үнэ чухал биш, ямар нэгэн гэмтэлгүй эрүүл хонины арьс олох нь нэн тэргүүний бэрхшээл болдог байна. “Монгол хонины нэхий түүхий эдээсээ эхлээд гологддог.

Монгол хонь төвөд, австрали зэрэг орнуудынхыг бодвол давжаа биетэй, үс нь тачир. Цаашлаад малчид малынхаа эрүүл мэндэд анхаардаггүйгээс арьс нь өвчилж, будаад ч арилахгүй шарх, сорвитой болсон байдаг” гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны мэргэжилтэн Д.Амаржаргал өгүүлэв. Тэрбээр “Мал муулахдаа арьсыг нь хайр найргүй сийчиж байна. Махны үйлдвэрүүд махаа арьсан дээр нь эвдэж байгаад маш их эгдүүцдэг. Үүнийг хөгшчүүл ихэд цээрлэдэг. Угтаа монголчууд мал муулахдаа махыг нь салгаж, өлгөөд дараа нь арьсыг нь цэвэрлэдэг” гэлээ. Нэхий яг сүү шиг уургаас бүтдэг. Тиймээс олон хоног тээвэрлэхэд өмхийрч, мууддаг. Ядаж байхад малчид нэхийний дотор өлөнг нь хийдэг учраас орон нутгаас ачиж ирсэн нэхий зуны улиралд өтөж, өмхийрч ирэх нь байнгын үзэгдэл аж. Өмнө нь малчид нэхийгээ давсалж хатаагаад тээвэрлэдэг байсан ч өдгөө энэ уламжлал үгүй болжээ. Арьс нь муудаагүй ирлээ гэхэд отрын бүсэд зонхилон ургадаг шивээ өвс арьсанд нь битүү шивсэн байх тохиолдол мөн цөөнгүй.

• Сэлэнгэ, Сүхбаатар аймагт австралийнх шиг нарийн ноост хонь үржүүлж байсан түүх бий.

• Эмээлт, Налайхын мал нядалгааны газруудыг автоматжуулах шаардлагатай.

• АНУ-д төвөд, өвөр монгол хонины нэхийгээр хийсэн дэвсгэр 100

Химийн бодисоор угааж, цэвэрлээд байхад л шивээ өвс нь салдаггүй гээд хонины нэхий малчны хотноос үйлдвэрлэгчхүрэх замдаа түмэн зовлон туулдаг байна. Гэтэл нийслэлийн түүхий эдийн захуудад ч хонины нэхийг хог болгодог байдал мөн л үргэлжилсээр. Мал муулахдаа стандартын дагуу ажилладаггүй, зүсэж, гэмтээж, шороотой хутгадаг. Тиймээс хамгийн эхэнд түүхий эдийн эрэлтийн талаас их хувийг хангаж буй Эмээлт болон Налайхын мал нядалгааны газруудыг стандартчилж, автоматжуулах шаардлагатайг үйлдвэрлэгчид хэлж байна. Ингэвэл түүхий эдийнхээ багагүй хэсгийг хот орчмоосоо хангах боломж гарах юм. Ийнхүү гаднын зах зээл дээр чинээлэг иргэдийн гангараа болдог нэхий түүхий эдийн шатандаа л шаардлага хангахгүй болж, хамаг үнэт чанараа гээж байна.

Хятадуудын технологи сайтай, нэхийгээр хувцаснаас гадна, гоо сайхан, эмчилгээний төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг тул муу ч, сайн ч хямд үнээр авах дуртай байдаг. Харин үндэсний үйлдвэрлэгчдийн хувьд тийм биш. Хонины нэхийгээр хийж буй бүтээгдэхүүний тоо зөвхөн нэхий эдлэлээр хязгаарлагдаж байна.

САЛБАРАА ӨӨД ТАТАХ БОЛОМЖ

Аж үйлдвэрлэлийн салбар хөгжсөн эринд манай үйлдвэрүүдийн техник, технологи дэндүү балчирт тооцогдоно. Нэхийг боловсруулахад ашигладаг бүх төхөөрөмж, химийн бодисыг гаднаас авдаг учраас тэр бүр сүүлийн үеийн технологи ашиглаж чаддаггүй. Гэхдээ “Дархан нэхий” ХК хамгийн сүүлд нано технологи ашигладаггүй, усанд нордоггүй, амьсгалдаг нэхийгээр дээл, гутал хийснээ танилцуулсан юм. Гэхдээ санаа амрах болоогүй. Монгол нэхий бусад орны хөгжилд дарагдаж буй шалтгаан нь хонины ноосны ширхэгт бий.

Өмнө нь төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед Сэлэнгэ, Сүхбаатар аймагт Австралийнх шиг нарийн ноост хонь үржүүлж байсан түүх бий. Хэрэв үүнийг үргэлжлүүлж ноолуур, нэхийний чиглэлийн хонь бэлтгэвэл түүхий эдийн түмэн зовлонг шийдэж болох нь. Ийм нарийн ноост хонины арьс Хятадын зах зээлд 120 юаниар авдаг. Боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн буюу суудлын бүрээс хийж хамгийн багадаа 1000 юаниар зардаг аж. Манай дотоодын үйлдвэрлэгчид ийм нэхийг 45-60 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд үүнээс өндөр ханштай байсан ч сайн бүтээгдэхүүний төлөө худалдаж авна гэдгээ хэлж байна.

Харамсалтай нь, малын үүлдэр, угсаанд санаа тавих ёстой Мал аж ахуйн хүрээлэнгийн үйл ажиллагаа зогсонги байдалд орж, ямар ч тооцоо судалгаа хийхгүйн зэрэгцээ төсөл хөтөлбөр нь царцжээ. Угтаа бол аж үйлдвэр эдийн засгийн суурь болох учиртай. Ялангуяа газрын баялаг нь гаднын зах зээлээс хамаардаг бол аж үйлдвэрийн хөгжил нь ханшийн савлагаанаас хамгаалдаг. Нэхийг ноолуур шиг дэлхийн брэнд болгож чадвал гологдоод буй малын буяныг эдийн засгаа солонгоруулах салбар болгох боломж бас бий. Арьс шир боловсруулах үйлдвэрлэлийн нийт ашгийн 15 хувь нь анхан шатны боловсруулалт байдаг бол эцсийн бүтээгдэхүүн үлдсэн 85 хувийг нь эзэлдэг. Тиймээс зөв залуурдвал дэлхийд тансаг брэнд болж буй нэхийгээр эдийн засгаа өөд татах боломж бий. Даанч малчны хотонд хог шиг хөглөрдөг хонины нэхийг үнэт баялаг болгож, өсөлт нь зогссон салбарыг өөд татахад асар олон шат дутуу байна.

САНАЛ БОЛГОХ