Ерөнхийлөгчийн хориг МАН-ын бүлгийг дахин хоёр хуваав

Мэдээ


ЗГ-ыг огцруулахыг дэмжээгүй буюу М.Энхболдын тал байр сууриасаа буцаж эхэлсэн

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн эвлэж байгуулсан Засгийн газар нь ажлаа эхэлж амжаагүй шахам байж дахин улс төрийн зөвшилцлийн ширээний ард суухад хүрлээ. Шинэ Засгийн газрын сайдуудын томилсон УИХ-ын шийдвэрт хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хориг 65-ын бүлгийг дахин хоёр хуваагдахад хүргэв. Уг хоригт дурдсанаар Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдаар томилохыг Ерөнхийлөгч Х.Баттулга дэмжихгүй байгаа. Шалтгаан нь Монгол Улсын хөгжлийг хойш нь татаж буй уул уурхайн бизнесээр холбогдсон 30 гэр бүлийн төлөөлөл нь Ч.Хүрэлбаатар гэж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд мэдэгдсэн. Мөн төрийн албан хаагчдад олгох 300 мянган төгрөгийн урамшуулал нь төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан шийдвэр гэж Ерөнхийлөгч үзсэн.

Тэгвэл Ерөнхийлөгчийн байр суурь олонхын бүлэгт нөлөөлж, өмнөх Засгийн газрыг огцруулах үеэр “байгуулагдсан” албан бус хоёр бүлэг “амь оржээ”. Уг нь өмнөх долоо хоногт МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдаад Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж 100 хувь саналаа нэгтгээд байлаа. Харин өчигдөр МАН-ын бүлэг дахиад л 33:32-оороо хуралдсан бөгөөд өмнөх Засгийн газрыг огцруулахыг дэмжээгүй буюу М.Энхболдын тал нь байр сууриасаа буцаж эхэлсэн аж. Тэдэн дээр Ардчилсан намын бүлэг хүч нэмэхэд Сангийн сайдад тавьсан Ерөнхийлөгчийн хориг биеллээ олох нөхцөл бүрдэнэ.

Угаасаа Ерөнхийлөгчтэй санал нэг гэдгээ цөөнхийн бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдэгдээд буй. Мөн өчигдөр УИХ-ын даргын өрөөнд спикер М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа нар энэ асуудлыг ярилцсан талаар эх сурвалж мэдээлж байна. УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар 2018 оны улсын төсвийг хэлэлцэх байсан ч МАН-ын бүлэг зарим зүйлийг тодруулах шаардлагатай гэсэн шалтгаанаар тав хоногийн завсарлага авлаа. Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваагаас тодруулахад “МАН-ын бүлэг төсвийн зарим нэг зүйл, заалттай холбоотой болон гадуур яригдаж байгаа асуудлууд ямар үндэслэлтэй эсэхийг судалж үзнэ.

Мөн хуульд хэр нийцсэн талаас нь анхаарч, ярилцахаар тав хоногийн завсарлага авлаа” хэмээх тайлбарыг өгсөн юм. Хуваарь ёсоор бол өнөөдөр үдээс өмнө Төсвийн байнгын хороо хуралдаж 2018 оны төсвийг хэлэлцэх байсан. Үргэлжлүүлээд чуулганаар эл асуудал орох ёстой байв. Гэхдээ наана нь Ерөнхийлөгчийн хоригийг ярих ёстой байсан ч Байнгын хорооны гишүүдээс ердөө долоо нь л ирсэн гэдэг шалтгаанаар хойшилсон юм. Нэгэнт байнгын хороо хуралдаагүй тул нэгдсэн чуулганд ярих боломж үүсэхгүй. Аливаа асуудал дээр санал нэгдээгүй, улс төрийн зөвшилцөл яриа өрнөж буй үед чуулган, байнгын хорооны ирцийг бүрдүүлэхгүй, хуралдах боломж олгохгүй байх техникийг олонхын бүлэг ашигладаг.

Холбогдох хуулийн дагуу ирэх оны төсвийг арваннэгдүгээр сарын 15-ны өдрийн дотор эцэслэн батлах учиртай. Тодруулбал, өнөөдрөөс эхлээд тоолоход хуулийн төслийг эцэслэн батлахад ажлын 12 хоног үлдээд байгаа юм. Хуулийн хугацаа тулсан энэ үед эрх баригчид төсвөөр бүр тав хоногийн завсарлага авч буй нь Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатарыг томилох асуудлаар тавьсан Ерөнхийлөгчийн хориг улс төрийн хүрээнд зөрчил үүсгэснийг батлах мэт.

САНАЛ БОЛГОХ