Японы Төв банк бодлогын хүүгээ сөрөг 0.1 хувьд хэвээр үлдээлээ

Мэдээ

Японы Төв банк шинжээчдийн таамаглаж байсанчлан бодлогын хүүгээ сөрөг 0.1 хувьд хэвээр үлдээж, мөнгөний зөөлөн бодлогоо үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ. Японы эдийн засаг сүүлийн 16 жилийн турш өсөлтөө хадгалж, ажилгүйдлийн түвшин сүүлийн 23 жилийн доод түвшинд хүрч буураад байгаа юм. Хэдий тийм боловч инфляц зорилтот хоёр хувьд хүрэхгүй байгаа нь бодлого тодорхойлогчдын тулгамдсан асуудал болоод байна. Урьдчилсан тооцоогоор 2020 он гэхэд тус улсын инфляцын түвшин хоёр хувьд хүрнэ гэж шинжээчид таамаглаж байгаа юм.

Аравдугаар сарын 22-ны өдөр болсон Японы Парламентын доод танхимын сонгуулиар Шинзо Абэгийн нам үнэмлэхүй ялалт байгуулснаар тус улсын Төв банк өнөөгийн мөнгөний бодлогоо үргэлжлүүлнэ гэсэн хүлээлт бий болоод байв. Японы Төв банкны тэргүүн Харухико Курода ч мөн эдийн засгийг дэмжих хөтөлбөрөө тэлэх шаардлагагүй гэж үзэж байгаагаа онцолсон юм.




САНАЛ БОЛГОХ