Doing Business: Монгол Улс бизнес эрхлэхэд таатай улс орнуудын жагсаалтад хоёр байр ахив
Дэлхийн банкнаас жил бүр танилцуулдаг “Doing Business” тайланд Монгол Улс 190 орноос 62 дугаарт бичигдсэн байна. Өөрөөр хэлбэл бизнес эрхлэхэд хамгийн таатай улс орнуудыг шалгаруулдаг энэхүү жагсаалтад өнгөрсөн оныхоос хоёр байраар ахилаа. Шинээр бизнес эхлүүлэх, барилгын зөвшөөрөл авахад хялбар байдал болон бизнесийн зээлийн хүртээмжтэй байдал зэрэг голлох үзүүлэлтүүд өнгөрсөн онд буурч байсан юм. Харин “Doing Business 2018" тайланд дурдсанаар 10 шалгуур үзүүлэлтээр тооцсон оноо ерөнхий дүнгээрээ 1.27 хувиар өссөн байна. Задлаад харвал, шинээр бизнес эхлүүлэхэд хялбар байдал өнгөрсөн оныхоос өөрчлөгдөлгүй 90.08 нэгжид хадгалагджээ. Харин зээл авахад хялбар байдал 20 хувиар нэмэгдэж, 80 нэгжид хүрсэн байна. Энэхүү үзүүлэлтээр Монгол Улс 190 орноор 20 дугаарт эрэмбэлэгдсэн нь анхаарал татаж байгаа юм. Хэдий тийм боловч татвар төлөлттэй холбоотой үзүүлэлт долоон хувиар буураад байгааг “Doing Business” 2018 тайланд оруулжээ.
Үүнээс гадна МҮХАҮТ-аас МУИС-тай хамтран боловсруулсан судалгаагаар Монгол Улсын бизнесийн орчны үнэлгээ дунджаас доош гарсан байна. Тухайлбал, бизнес хөгжүүлэлтэд хамгийн их саад болдог Төрийн байгууллагууд нь татварын байгууллага, мэргэжлийн хяналтын байгууллага, яам тамгын газар, орон нутгийн засаг захиргаа, гаалийн байгууллага гэж бизнес эрхлэгчид хариулжээ. Мөн Төрийн болон Төрийн бус байгууллагуудаас хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдээс бизнест хамгийн их дэмжлэг болсон нь Төрийн байгууллагуудын нэг цэгийн үйлчилгээ гэж үзсэн байна. Харин импортын барааны гаалийн татварыг өсгөсөн нь үндэсний үйлдвэрлэлд дэмжлэг болоогүй гэж бизнес эрхлэгчид үзжээ. Цаашид бизнесийн орчныг сайжруулахын тулд татварын дарамтыг багасгах, зээлийн хүүг бууруулах, авлига хээл хахууль, хүнд суртлыг арилгах нь хамгийн эн тэргүүнд хийх ёстой арга хэмжээ гэж хариулсан байна.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй