Шоовдорлогдсон хүүхдүүдийн шорвог амьдрал

Сурвалжилга

Хүүхдүүдийн дийлэнх нь эмзэг болон зорилтот бүлгийнх

“Багш аа, ахиад хоёр өдөр цэцэрлэгтээ байж болохгүй юм уу” хэмээн гэртээ харихаа хүлээж суугаа хүүхдүүд хошуугаа унжуулан гуйна. Тэд архинд донтсон эцэг эх, мөсөн хонгил шиг гэр орон, хоол ундгүй газарт очихыг үл хүснэ. Хүүхдүүдийн байх дуртай газар гэр орон нь биш цэцэрлэг, хамт байхыг хүссэн хүн эцэг эх нь биш багш нь болчихжээ. Энэ бол 24 цагийн цэцэрлэгт хүмүүжиж буй шоовдорлогдсон хүүхдүүдийн дүр төрх.  Социализмийн үед бүтээн байгуулалт, ажил хөдөлмөрийн амтанд орсон эцэг эхчүүд хүүхдүүдээ 24 цагийн цэцэрлэгт өгдөг байв. Би өөрөө ч энэ цэцэрлэгээр хүмүүжиж, хүн болсон хүний хувьд сайн мэднэ. Эцэг эх маань үйлдвэрлэлийн цаг наргүй ажилтай байсан учраас “24-ийн хүүхэд” болсон шалтгаан маань ердөө л энэ.

Даваа гарагийн өглөө цэцэрлэгтээ хүргүүлж, баасан гарагт ээжийг авахаар ирэхэд нь багшдаа үнсүүлээд баавгайтай чихрээ аваад гэртээ харьдаг байсан дурсамж маань санаанд тодхон. Энэ л дүр зураглал, сэтгэлд үлдсэн дурсамжаа тээн би Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороонд байрлах 24 цагийн үйл ажиллагаатай 106 дугаарыг цэцэрлэгийг зорилоо. Хүүхдийн инээд цангинасан их өргөө нам гүмхэн байв. Өдрийн хоолны цаг тааржээ. Ширээнийхээ ард суугаа бяцхан үрс яагаад ч юм гунигтай харагдана. Танихгүй зочныг хараад тэд “Эгч ээ” хэмээн дуудаж, хормойноос зүүгдэх нь холгүй. Ямар нэг зүйл надаас хүсэж байгаа нь илт. Чухам юу вэ. Ээжийнхээ энгэрт тэврүүлж, аавынхаа өвөрт эрхэлж суух учиртай хүүхдүүд “хорио”-ны амьдралын зах зухаас амсаж, хүний ая талыг олоод сурчихжээ.

Тус цэцэрлэгт хүмүүжиж буй хүүхдүүдийн дийлэнх нь эмзэг болон зорилтот бүлгийн, хагас, бүтэн өнчин, нэн ядуу айлын хүүхдүүд байдаг юм байна. Ялангуяа, өрх толгойлсон эмэгтэй, архины хамааралтай эцэг эх, орцны жижүүр, их нарангийн хогийн цэг дээр амьдардаг айлын хүүхдүүд 80 хувийг эзэлдэг гэдгийг тус цэцэрлэгийн эрхлэгч Н.Хоролмаа ярьж байна. Тэрбээр “Хоёр жилийн өмнө, хацар хайрам өвлийн хүйтэнд Тахилтын орчмоос өвлийн бээлий хөлдөө угалчихсан гуталгүй хүүхэд манайд ирж байсныг ер мартдаггүй юм. Үнэхээр зүрх шимширмээр. Манай багш нар өөрийнхөө хүүхдийн багадсан хувцас хунараас илүүчилж, амьдралын боломжгүй хүүхдүүдэд авчирч өгдөг” гэв.

Өвлийн бээлий хөлдөө угалчихсан гуталгүй хүүхэд ирж байжээ
Түүнээс гадна цэцэрлэгт нь 32 ихэр хүүхэд хүмүүжиж байгааг сонирхууллаа. Учрыг нь лавлахад “Хоёр хүүхэд зэрэг асрахад хүндрэлтэй эсвэл ихрүүд дүүтэй байдаг шалтгаанаар манай цэцэрлэгт хамрагддаг” хэмээн тайлбарлав. Анги танхим, коридороор нь явахад өөрийн эрхгүй Монгол ардын уламжлалт тоглоом наадгай, нүүдэлчин ахуй соёл, зан заншлийг харуулсан хэрэгслүүд анхаарал татаж байлаа. Тус цэцэрлэг ардын уламжлалт тоглоом наадгайгаар дамжуулж, хүүхдүүдээ хүмүүжүүлэх зорилго тавьсан учраас анги, танхимаа ийн тохижуулжээ. Хүүхдүүдийн унтлагын цаг таарсан учир нүцгэн гүйлдэх багачууд орондоо орохоор зэхнэ.

Харин тэдний дотор нэгэн охин “Ээжийгээ санаад байна” хэмээн уйлж суугаа харагдав. Цэцэрлэгт ороод удаагүй учир түүнд орчиндоо дасахад амаргүй байгаа хэмээн багш нь тайлбарлаж, аргадаад үлдсэн юм. Хүүхдүүд эцэг эхийнхээ хайраар дутдаг учраас багш нараасаа цаг үргэлж хайр халамж, энхрийлэл хүсэж үнсүүлэх дуртай байдаг аж. “Жилийн 365 хоногийн 200 орчим хоногийг тэд цэцэрлэгт өнгөрөөдөг. Муу эцэг эхээсээ хүүхдүүд буруу үлгэр дуурайл авдаг нь багш нарын хувьд асуудал болдог.

Хүүхдүүд бүдүүлэг үг хэллэг хэрэглэх, насандаа баймгүй хүмүүжлийн доголдол гаргах, шөнө унтаж байхдаа цочиж сэрэх гэх мэт зан байдлын хувьд доголдолтой байдаг. Тиймээс хүүхдүүдээ төрснөөс ялгаагүй үзэн хүмүүжилж, зохисгүй авирыг засахыг хичээдэг” хэмээн тус цэцэрлэгийн арга зүйч багш хэллээ. Цэцэрлэгийн эрхлэгч Н.Хоролмаа “Манай цэцэрлэгийн нэг жилийн төсөв 525 сая орчим төгрөг. Үүний 298 сая орчим төгрөг нь цалинд, 116 сая нь хүүхдүүдийн хоолонд зарцуулагддаг. Үлдсэн нь халаалт, дулаан гэх мэт бусад зардлынх. Энгийн цэцэрлэгийн нэг хүүхдэд ногдох өдрийн хоолны мөнгө 1650 төгрөг байдаг бол манайх 2400 төгрөг. Энэ мөнгөөр бид хүүхдийг өдөрт таван удаа хооллох ёстой.

Гэсэн ч бодит байдал дээр 2400 төгрөгийн төсөв огтхон ч хүрэлцдэггүй. ингэснээр нэг хүүхдэд ногдох илчлэг заасан хэмжээнд хүрдэггүй гээд олон асуудал гарна шүү. Манай хүүхдүүдийн ар гэрийнхэн нь цэцэрлэгт 100 төгрөгийн ч хандив өгөх боломжгүй хүмүүс байдаг. Тиймээс хүүхэд хөгжүүлэх тоглоом авах тухай бодох нь битгий хэл хоолны мөнгийг нь яаж хүргэх вэ гэдэг асуудал болдог” гэв. Баасан гараг болмогц л багш нарын санааг зовоосон асуудал ундардаг нь хэний эцэг эх хүүхдээ ирж авахгүй байх бол гэсэн айдас. Заримдаа эцэг эхчүүд хүүхдээ цэцэрлэгээс нь авахгүй алга болчихдог учраас багш нар аав ээжийг нь ирэхийг 20.00 цаг хүртэл хүлээгээд ирэхгүй бол гэртээ дагуулаад явахаас өөр аргагүй болдог гэнэ.

Зарим нь бүр амралтын өдрүүдэд хүүхдээ өвтгөчихөөд хэнэг ч үгүй цэцэрлэгийн үүдээр түлхэх нь холгүй оруулаад утсаа салгаад зугтаад алга болдог аж. энэ тохиолдолд багш нь хүүхдээ эмнэлэгт үзүүлэх гээд эцэг эхийг нь орлоно. Тэрчлэн согтуу хөлчүү эцэг эхчүүд хүүхдээ авахаар ирэхдээ агсам тавих нь энүүхэнд. Хүүхдийг согтуу хүний гарт өгч явуулж болохгүй учраас мөн л багш нь гэртээ дагуулаад явахаас өөр аргагүй нөхцөл байдалд ордог гэдгээ тэд нуусангүй. Тэр битгий хэл, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд хүртэл ханддаг аж. Хамгийн сүүлийн жишээ дурдахад, өнгөрсөн наймдугаар сард 26 настай бүсгүй хоёр, гурван настай хоёр хүүхдээ цэцэрлэгт хамруулах хүсэлт гаргажээ.

Тэрбээр “Ам бүл гурвуулаа. Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд түр оршин суудаг. Манай хүүхдүүд хойд эцгийн дарамтад амьдарч, байнга зодуулдаг. Тиймээс хоёр хүүхдийг маань 24 цагийн цэцэрлэгт хамруулж амьдралд минь тус нэмэр болно уу. Ажил хийж гэр оронтой болж, хотын иргэн болно. Амлаж байна. Надад туслаач” хэмээн өргөдөлдөө бичжээ. Энд л нийгмээс шоовдорлогдсон хүүхдүүдийн бараан бас шорвог амьдрал оршиж байна.

Улаанбаатар хотын хэмжээнд 24 цагаар ажилладаг дөрөвхөн цэцэрлэг байдгийн нэг нь 106 дугаар цэцэрлэг. Тус цэцэрлэг 1986 оноос хойш 31 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй бөгөөд дүүргийнхээ нийт 32 хорооны хүүхдүүдийг хамруулдаг. Өнөөдрийн байдлаар тус цэцэрлэгийн зургаан бүлэгт 3-6 хүртэлх насны 270 хүүхэд хүмүүжиж байна. Магадгүй тэдэн шиг эмзэг бүлгийн хэчнээн хүүхэд гудамжинд хоног төрүүлж байгаа бол. Энэ тухай бодохоос ч зүрх шимширмээр. Тиймээс төр засгийн зүгээс эдгээр хүүхдүүдэд анхаарч, 24 цагийн цэцэрлэгийн тоо, нэг хүүхдэд ногдох хоолны мөнгийг нэмэх шаардлага тулгарч байна.


САНАЛ БОЛГОХ