Бизнесийн "барометр" эрэмбэ ахилаа

Мөнгө ба бизнес


“Бизнес эрхлэхүй” индексээр Монгол Улс 190 орноос 62-т бичигдлээ

Монгол Улс хоёр байраар урагшиллаа. Дэлхийн банкнаас танилцуулдаг “Doing Business буюу “Бизнес эрхлэхүй” индексээр манай улс 2017-2018 онд хоёр шат ахиж, 190 орноос 62-т эрэмбэлэгдсэн байна. Бизнесийн орчны чухал “барометр” болдог тус индексээр Монгол Улс өнгөрсөн онд найман байраар ухарч байсан юм. Харин энэ удаад ухралгүй урагшилсан нь энэ. Монгол Улсын үзүүлэлттэй ойролцоо буюу 60, 61 дүгээр байранд Турк, Коста Рика бичигдсэн бол Люксембург, Албани зэрэг улс бидний араас жагсчээ.

Уг индексийг тооцохдоо бизнес эхлүүлэх, хөрөнгө бүртгүүлэх, барилгын зөвшөөрөл, зээл авах зэрэг 10 үзүүлэлтийг үндэслэн, дүгнэдэг. Өөрөөр хэлбэл, эдгээр дэд индексийг харгалзан ерөнхий үзүүлэлт тооцдог. Тухайлбал, жилийн өмнө 62-т эрэм бэлэгдэж байсан тус дэд индекс энэ удаа 42 байраар урагшилж, 20 дугаарт бичигдсэн нь онцлох үзүүлэлт болов. Ялангуяа, “Хөдлөх хөрөнгө барьцаа болгоход чиглэсэн хууль эрхзүйн орчин бүрдүүлсэн нь нэмэх оноо авчирсан юм. Ингэснээр малчид болон бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан зээлийн хүртээмж сайжирсан гэж дүгнэж байна.

Учир нь жижиг, дунд бизнес эрхлэгчид санхүүжилт татахад барьцаа хөрөнгийн дутагдал сорилт болсоор ирсэн. Харин хөдлөх хөрөнгийг барьцаанд тооцох болсноор зээлийн хүртээмж сайжирчээ. Ийн бизнес эрхлэгчдэд эергээр нөлөөлөөд зогсохгүй Монголын эрэмбийг ч дээш татаж чадав. Энэ чиглэлийн эрх зүйн орчин бүрдүүлж, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай шинэ хууль боловсруулж, энэ оны гуравдугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хүрээнд хөдлөх барьцааны мэдэгдлийг бүртгэх цахим мэдээллийн сан нэвтрүүлсэн юм. Тус санд нийт 90 мянган хөдлөх хөрөнгө бүртгэгдсэн байгаа. Нийт барьцааны 38 хувь нь тоног төхөөрөмж, 24 хувь мал байна.

Харин 5.4 хувь нь авлага, хоёр хувь нь автомашин эзэлж байгаа аж. Хэдийгээр Монгол Улс ерөнхий индексээр ахисан ч дийлэнх дэд үзүүлэлт ухарчээ. “Зээл авах” болон “Барилга барих зөвшөөрөл авах” гэсэн хоёр дэд индекс л урагшилсан. Үлдсэн найман индексийн эрэмбэ ухарсан нь улаан гэрэл ассаар буйн шинж тэмдэг. Тухайлбал, өнгөрсөн онд 16-гаар урагшилж байсан “Цөөн хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах” индекс зургаан байраар хойшилжээ. Бас “татвар төлөх”-ийг илтгэсэн дэд индекс 35 дугаар байрнаас 62 хүртлээ ухарсан нь алгасаж болохгүй үзүүлэлт. Тэрчлэн “Бизнес эрхлэхүй”-г илтгэдэг дийлэнх индекс 30-62 хүртэлх байранд жагсаж байна. Харин “Эрчим хүчинд холбогдох” болон “Хил дамнасан худалдаа” гэсэн үзүүлэлт дундаж эрэмбээс хойно буюу 110-139-д жагсаж, сүүл мушгиж буй нь анхаарал татаж буй үзүүлэлт. Ялангуяа, дотоодын үйлдвэрлэл хийгээд эрэлт харьцангуй сул Монгол Улсын хувьд “хил дамнасан худалдаа” чухал.

• Тус индексээр Монгол Улс өнгөрсөн онд найман байраар ухарч байсан юм.

• Зээл авах боломжийг илэрхийлсэн дэд индекс хамгийн олон байраар урагшилжээ.

• Хэдийгээр Монгол Улс ерөнхий индексээр ахисан ч дийлэнх дэд үзүүлэлт ухарчээ.

• “Эрчим хүчинд холбогдох” болон “Хил дамнасан худалдаа” гэсэн үзүүлэлт дундаж эрэмбээс хойно буюу 110-139-д жагсаж, сүүл мушгиж буй.

Гэвч уг үзүүлэлтээр Монгол Улс дэлхийн 190 орноос 110- т жагсаж байгаа нь бодлого тодорхойлогчдын анхаарвал зохих асуудал. Гэхдээ энэ онд бизнес эрхлэлтийг дэмжсэн дорвитой шинэчлэл хийгээгүй гэж үзэв. “Бизнес эрхлэхүй” индексийг Шинэ Зеланд тэргүүлж, Сингапур, Дани улс удаалсан. Мөн БНС У, Хонконг эхний тавд багтжээ. Харин Сомали, Эритрей зэрэг улс сүүл мушгисан байна. Бизнесийн ээлтэй орчны шинэчлэл манай бүс нутаг буюу Зүүн Ази, Номхон далайд эрчимтэй урагшилж байгааг Дэлхийн банкнаас онцоллоо. Шинэчлэл хэрэгжүүлсэн үзүүлэлтэд тулгуурлан бизнесийн орчноо сайжруулсан улсад Тайланд, Энэтхэг, Узбекистан зэрэг орнууд багтаж байна.


САНАЛ БОЛГОХ