Ногоон картны мөрөөдөл замхарч магадгүй

Дэлхийн хандлага


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп түүнийг албан тушаалдаа орсноос хойш болсон анхны террорист халдлагын дараа цагаачлалын журам болон Ардчилсан намынхан үүнд буруутай хэмээн шүүмжиллээ. Тэрбээр 1980-аад онд Бүгд найрамдах намын захиргааны үед анх санаачилсан ногоон картын сугалааг нэн даруй зогсоохыг шаардсан байна. Ногоон картыг эхлээд Ирланд, Италийн цагаачдад илүү боломж олгох үүднээс хэрэгжүүлсэн боловч яваандаа дэлхийн өнцөг булан бүрийн 50000 хүнийг жилдээ хамруулдаг болсон. Мягмар гарагт Нью Йоркт халдлага үйлдсэн Узбек гаралтай Сайфулло Сайпов гэгч энэ сугалааны уршгаар 23 хамаатны хамт 2010 онд АНУ-д нэвтэрсэн гэж Ерөнхийлөгч мэдэгдэв. Халдлагын дараагаас алан хядагчдын Узбек гарал үүслийн тухай асуудал сөхөгдөж, ноён Трамп сенат дахь Ардчилсан намын бүлгийн дарга Чарльз Шумерийг үгээр довтоллоо.

Тэрбээр АНУ шалгуурт суурилсан визний системтэй болох ёстой гээд хяналт шалгалтыг чангатгахыг сануулав. Трамп лхагва гарагийн өглөө өөрийн твиттер хуудсанд “Визний сугалаагаар АНУ-д алан хядагч нэвтэрсэн байна. Чак Шумерийн гоё тоглоом. Би шалгуурт суурилахыг хүсэж байна” хэмээн бичжээ. Дараа нь Ерөнхийлөгч Цагаан ордонд сэтгүүлчдэд хэлсэн үгэндээ АНУ-ын засаг захиргаа конгресстэй хамтран амжилтын шалгуурт суурилсан систем бий болгох талаар ажиллана гэсэн юм. Тэрбээр “Бид хэт зөв бодлоготой болохоор юу ч хийж чадахгүй байна” гээд сэжигтэн мэтийн “малыг” Гуантанамо шорон руу илгээх талаар бодож үзэхээ мэдэгдэв. Исламыг терроризмтай хольж хутгаж байна хэмээн Трампыг шүүмжилж, мусульманчуудыг хориглох чиглэлтэй цагаачлалын бодлогыг нь Америкийн шүүхүүд зогсоосон билээ.

Лхагва гарагт түүнийг бас Ерөнхийлөгчийн хувьд энгийнээр эмгэнэл илэрхийлж, эв нэгдэлд уриалсангүй хэмээн буруутгажээ. Ноён Шумер твиттертээ “Ерөнхийлөгч Трамп хямралын үед дандаа биднийг улстөржүүлж, Америкийг хагаралдуулах үйлдлийнхээ оронд нэгтгэх ёстой” хэмээн бичсэн байна. Тэрбээр цааш нь Трампын засаг захиргаа терроризмын эсрэг санхүүжилтийг танах саналаа татвал таарна хэмээв. Түүнчлэн Нью Йоркийн захирагч Эндрю Куомо “Ерөнхийлөгчийн жиргээ тустай зүйл биш гэж бодож байна. Энэ нь алан хядагчдыг дөвийлгөж, нийгэм, хүмүүсийг айлгах, хуваах хор уршигтай. Одоо цагт яг үүний эсрэг үг яриа хэрэгтэй байна” гэжээ. АНУ-ын ногоон картын сугалааны зорилго нь жилд АНУ-д ирж буй нэг сая орчим цагаачийн тоог тэгшитгэх зорилготой. Улмаар бол Энэтхэг, Хятад, Мексик, Филиппин улсуудаас ирэгсэд зонхилдог байна. Сугалаа АНУ-д цагаачлагчдын тоо цөөтэй улсуудад илүү боломж олгодог аж.

Гэвч уг систем гол хоёр намын хооронд улс төрийн хагарал үүсгээд буй. Ноён Шумер 2013 онд системийг сольж, оронд өндөр мэргэжлийн цагаачдыг сонгон ирүүлэх оролдлого хийсэн “Найман дээрэмчний бүлэг” гэгчид багтаж байжээ. Түүнчлэн БНН-ын сенатч Жон МкКейн хуучин системийг халахыг дахин шаардсан байна. Бруклиний коллежийн үндсэн хуулийн шинжээч Анна Ло хэлэхдээ сонгогдох орнуудаас 20 сая хүн оролцож, 50000 нь визний сугалаа хождог энэ арга болон цагаачдын гэр бүлийнхэнд визний квот олгодог журмыг өөрчлөх ёстой гэсэн байна. Уг системийн хүрээнд АНУ-д ирсэн 1.3 сая цагаачаас хоёр нь л террорист халдлага үйлдсэн гэдэг тооцоо бий. Энэ нь Сайпов болон 2002 Лос Анжелесийн нисэх буудалд хоёр хүнийг буудаж хөнөөсөн Египет гаралтай этгээд хоёр юм. Хатагтай Ло ярихдаа ноён Трамп сугалааг зогсоохыг шаардсан боловч дотоод аюулгүй байдлын ноцтой асуудалд анхаарал хандуулахгүй байна хэмээн санууллаа. Ерөнхийлөгч цагаачлалын журмыг чангатгахыг удаа дараа шаардаж ирсэн авч шүүмжлэгчид үүнийг нь “Мусульманы хориг” хэмээн нэрлэсэн.

Улмаар зөвхөн исламын шашинтай орнуудыг гадуурхсан хэрэг гэж буруутгадаг. Жоржтауны их сургуулийн аюулгүйн асуудал судлаач Даниел Биман халдлага бүрийн дараа мусульманы эсрэг бодлого чангардаг талаар анхааруулав. 9/11 комиссын гишүүн ноён Биман “Ийм бодлогогүй арга хэмжээ улс төрийн хувьд Трампад ашигтай байж болох ч нөгөө талаас алан хядагчдын үйл ажиллагаанд тусалж буй хэрэг” хэмээн бичсэн байна. Тэрбээр Нью Йоркийн аллага өмнөх Ерөнхийлөгчийг терроризмын асуудлаар шүүмжилж ирсэн Трампын хувьд асар том сорилт болно гэжээ. Ерөнхийлөгч шалгуурт суурилсан гэдэг ойлголтоо нарийвчлан тайлбарлаагүй боловч түүний бодлого нь өндөр мэргэшилтэй виз хүсэгчдийн тоог нэмэгдүүлэх, гэр бүлийн холбоонд суурилсан цагаачлалыг хязгаарлахын зэрэгцээ сугалааг халахад чиглэгдсэн.

Ноён Трамп халдлага үйлдэгчийн талаар “Бид түүн шиг цагаачдын сүлжээг хүсэхгүй байна. Гэр бүлийнхээ гишүүдийг авчирдгийг зогсоох хэрэгтэй” гэсэн юм. Сугалаагаар виз хүсэгчдэд дөнгөж хоёр жилийн дунд сургуулийн боловсрол буюу мөн хугацааны мэргэжлийн ажлын тодорхойлолт шаардлагатай. Улмаар бүгд аюулгүй байдлын үүднээс шалгалтад хамрагддаг. Цагаачлалын өөр төрлийн виз хүсэгчид бол шинжлэх ухаан, спорт буюу урлагт онцгой чадвартайгаа нотлох ёстой агаад ажил олгогч буюу гэр бүлийн гишүүн нь ивээн тэтгэсэн байх шаардлага тавьдаг билээ.


САНАЛ БОЛГОХ