“Ах нар” хүчтэй далайж, зөөлөн буулгав

Мэдээ


УИХ-ын эцсийн шийдвэр Ч.Хүрэлбаатарын талд гарлаа

Ингэснээр М.Энхболдын фракц буюу 32-ын бүлэгт “хөзрийн мод”-ыг шилжүүлж, боломж атгуулсан юм. Угтаа бол Ерөнхийлөгч Сангийн сайд Ч.Хүрэлбааатарыг дэд бүтэц, уул уурхайн салбар дахь ашиг сонирхол, авлигаар холбогдсон 30 гэр бүлийн төлөөллийн нэг хэмээн зарласан. Мөн Сангийн сайдын төрийн албан хаагчдад 300 мянган төгрөгийн нэг удаагийн тэтгэмж олгох анхны шийдвэрийг эсэргүүцэж, дээрх хоригийг тавьсан юм. Улс орны эдийн засаг хүнд байгаа энэ үед төсвийн хөрөнгийг үр ашиггүй тарааж улсынхаа эдийн засгийг улам бүр хүндрүүлдэг, хохироодог Сангийн сайдтай байж болохгүй гэдгийг хоригтоо онцолж, Ч.Хүрэлбаатарыг эргүүлэн татахыг хүссэн юм.

32-ын бүлэгт “хөзрийн мод”- ыг шилжүүлж, боломж атгуулсан юм
Тэгвэл Ерөнхийлөгчийн тавьсан энэхүү хориг дээр тус намын туршлагатай улстөрчид тоглолт хийж, шинэ Засгийн газрын тогтвортой байдлыг дэнжигнүүлэв. Хэдийгээр ганцхан сайдыг эргүүлэн татах асуудал хөндөгдсөн ч танхимаа бүрэн бүтэн авч үлдэх гэсэн Ерөнхий сайдын хичээл зүтгэл, танхимын гишүүдийн хүчин чармайлт талаар болсонгүй. Эрх баригч хүчний “ах нар”- ын далайлт хүчтэй байсан ч буулт нь зөөлөн байлаа. Учир нь өнгөрсөн есдүгээр сард намын бүлгийнхээ 33 гишүүнд тонгоруулсан Ж.Эрдэнэбатын кабинетынхан энэ удаад даагаа нэхэж, УИХ-ын үйл ажиллагааг багагүй хугацаанд түгжсэн ч эцсийн шийдвэр Засгийн газрын талд гарлаа. Чуулганы нэгдсэн хуралдаанд суусан МАН-ын 56 гишүүн шинэ засгийнхаа талд зогсож, Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг авч үлдэв.

Б.Бат-Эрдэнэ, Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Д.Ганболд болон Х.Болорчулуун нарын гишүүн Ерөнхийлөгчийн байр суурьтай санал нэг байгаагаа илэрхийлж, эсрэг кноп дарав. Мөн Ардчилсан намын таван гишүүн ч эрх баригчдыг алдаагаа өөрсдөөсөө эрэхийг сануулаад эсрэг санал өгөв. Харин чуулганы танхимд Ерөнхий сайдтай ана мана үзэлцсэн ЗГХЭГ-ын дарга асан Ж.Мөнхбат санал хураалтад оролцсонгүй. Гэхдээ түүний санал Сангийн сайдад дэмжлэг болсон юм. Ямартай ч, шинэ Засгийн газрын тогтвортой байдал баталгаажив. Нэг талдаа Ерөнхийлөгчийн хориг МАН-д үүссэн 33, 32 гэсэн албан бус бүлгийн байр суурийг тодотгосон бол нөгөө талдаа эрх баригчдыг муухай харагдуулж, эв түнжинг нь эвдлээ. Ерөнхийлөгчийн энэ удаагийн хориг гал дээр тос асгасантай адил эрх баригчдын дунд үүсээд буй “дайн”-ыг өдөөж, шинэ Засгийн газрыг барьц алдуулав. Эрх баригчдын дунд үүссэн энэхүү толхилцоон энэ сарын сүүлээр болох Их хурлаар хайнаа хагална.


САНАЛ БОЛГОХ