“Дипломат” хоригийн төлөөс

Уул уурхай


Худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэхэд хоёр жил үлдлээ

Монголын эрдэс түүхий эдийн экспортын гол хаалга Гашуунсухайтын боомтоор өдөртөө 500-600 хүнд даацын автомашин нэвтэрч байна. Тус боомтоор зорчих нүүрс тээвэрлэлт гурав дахин багассан нь энэ. Уг нь 1500 автомашин хэвийн нэвтэрдэг байсан уг гарц өдгөө их түгжрэлийн хөлд дарагджээ. Сүүлийн дөрвөн сарын турш “хар алт”-ны экспорт түгжирч байна. Үүнтэй зэрэгцээд уурхайн олборлолт удаашрав. Нүүрс тээвэрлэлтийн 260 орчим км-т 800-900 автомашин хонон өнжин урагшилсаар. Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш энэ байдал тус боомт дээр үүссэн бөгөөд одоо хүртэл үргэлжилж байна. Зах зээл ивээсэн ч нүүрсний экспортын биет хэмжээ гуравдугаар улиралд өссөнгүй. Зах зээлийн оргил үе аажмаар хэвийж байна. Үүнийг дагаад эрэлт татарна гэсэн үг.

Өмнөд хөрш Монголын нүүрсэнд “дипломат” хориг тавьсан нь эдийн засагт алдагдал авчирлаа. Эрдэс баялгийн эдийн засагч Л.Наранбаатар “Сар бүр нүүрсний гацаанаас алдаж буй улсын төсөвт орох орлогоор багш нарынхаа 3.6 сарын цалин тавих боломж байжээ” хэмээн халаглав. Түүний тооцолсноор, нүүрсний экспорт ийнхүү тодорхой бус шалтгааны улмаас журманд орсноор манай улс сард ойролцоогоор 135 сая ам.доллар буюу 330 гаруй тэрбум төгрөгийн орлогоо зүгээр алдаж байна. Эдийн засаг дөнгөж сэргэж байгаа энэ үед 330 тэрбум төгрөг гэдэг их мөнгө.

Ялангуяа, өрийн дарамттай эдийн засагт. Орлогын дүнгээр тэргүүлж буй нүүрсний экспорт есдүгээр сард нийт 25.8 сая тоннд хүрсэн. Үүнээс ч илүү байх, өндөр өсөлт үзүүлэх боломж байсан. Хэдийгээр жилийн өмнөх үетэй харьцуулахад тайлант хугацаанд экспорт өссөн ч энэ нь наймдугаар сарынхаас буурсан дүнтэй гарлаа. Долоон сараас нүүрсний экспорт саарч, Тавантолгойн бүлэг ордоос Гашуунсухайтын боомт хүртэлх авто замын түгжрэл 2-3 дахин нэмэгдэв. Тус ордод үйл ажиллагаа явуулж буй компаниудын орлого буурах боловч нөгөө талдаа татварт төвлөрөх орлого алдагдсан боломжийн төлөөс болж байна. Манайх мөнгөө үрж ядсан баян улс биш ээ. Нүүрс олборлож, гадаад зах зээлд нийлүүлж буй компаниуд нөөцийн төлбөр, гаалийн хураамж, агаарын бохирдлын төлбөр, аж ахуйн нэгжийн орлогын албан татвараар төсвийн орлогыг тэтгэж ирсэн.

• Эрдэс баялгийн эдийн засагч Л.Наранбаатар “Сар бүр нүүрсний гацаанаас алдаж буй улсын төсөвт орох орлогоор багш нарынхаа 3.6 сарын цалин тавих боломж байжээ” хэмээн халаглав.

• Орлогын дүнгээр тэргүүлж буй нүүрсний экспорт есдүгээр сард 25.8 сая тоннд хүрсэн. Үүнээс ч илүү байх, өндөр өсөлт үзүүлэх боломж байсан.

Тэгвэл сард зөвхөн нүүрсний саатлаас болж нийт 53.1 тэрбум төгрөг төсөвт бүрдэх боломжгүйг Л.Наранбаатар дурджээ. Нүүрсний салбар дахь тодорхой бус байдал явсаар дөрөвдүгээр улиралтай золголоо.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн сард БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ши Хайминыг хүлээн авч уулзах үеэрээ Гашуунсухайт-Ганцмодны нөхцөл байдлыг тодорхой хөндсөн. Энэхүү уулзалтаас хойш арав гаруй хоног өнгөрч байна. Гэвч өмнөд хил дээрх экспортын түгжрэл багассангүй. Хоёр улсын хооронд хийж буй худалдааны эргэлтийг 2020 он гэхэд 10 тэрбум ам.долларт хүргэх зорилт бий. Үүнд хүрэхэд ердөө хоёр жилийн хугацаа үлдээд байна. Манай улс энэ онд 32 сая тонн нүүрс экспортлохоор тооцолсон бол ирэх жил 28 сая тонныг гаргана. УИХ-д өргөн бариад буй дараа жилийн төсвийн төсөлд нүүрсний экспортыг энэ оныхоос дөрөв орчим сая тонноор бууруулж тооцжээ.

Уул уурхайн салбарын орлогод нүүрс болон зэсийн баяжмал голлох үүрэг гүйцэтгэж ирсэн. Гэвч нүүрсний экспортын 50 гаруй хувийг дангаар бүрдүүлдэг Гашуунсухайтын боомтын гацаа эдийн засагт, тодруулбал, төсөвт хүндрэл үүсгэх бодит эрсдэл болж байна. Үүний “сүүдэр” эхний ээлжинд уурхайн ажилчдад, нүүрс тээвэрлэх 7000 гаруй жолооч нарын амьдралд сөргөөр буух нь.
САНАЛ БОЛГОХ