Мөхөлд ойртсон Монгол
ЗГМ: Цуврал
Иргэдийнхээ амиар дэнчин тавьж байгаа улс гэвэл Монгол л байна
Цахилгаан, дулааны хэрэглээнд хүрэн нүүрс түүхийгээр нь түлэх технологийг халъя гээд зоригтой дуугарч байгаа эрх мэдэлтэн энэ улсад байхгүй байгаа нь харамсалтай. Бараг хүн төрөлхтөн аж үйлдвэржихээс ч өмнөх үеийн технологиосоо салаагүй, ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэндээр дэнчин тавьж байгаа улс гэвэл Монгол л байна. Онгон зэрлэг байгальтай, эко хоол хүнс хэрэглэдэг гэгдэх монголчууд яагаад хорт хавдраар дэлхийд тэргүүлж, нялхаст нь хүн болох хувь дутаж байна вэ. Амь тариа залгуулж, азаар гэрэлт хорвоог харсан хүүхдүүд арьсны ямар нь мэдэгдэхгүй, оношлох аргагүй олон төрлийн харшилтай, амьсгалын замын ужиг өвчтэй болж байна. Хэдийгээр шалтгааныг нь агаарын бохирдлоос хайдаг ч нүүрсний утаа агаар төдийгүй хөрс, ундны усыг нь хүртэл уран хэмээх цацраг идэвхит бодисоор хордуулж, чимээгүй хөнөөж буйг тэвчих аргагүй юм.
Манай сонин бохирдлыг арай өөр түвшинд авч үзэх шаардлагатайг “Харангадах эсвэр хордох харгис сонголтын өмнө”, “Утаанд нуугдаж, усанд нэвчсэн уран” нийтлэлээрээ хөндсөн. Гэтэл зарим нэр бүхий эрдэмтэн, судлаачид энэ бүхнийг байх ёстой мэтээр ойлгож, чимээгүй мөхлийг хүлээн зөвшөөрч буй нь харамсалтай. Шийдвэр гаргагчдад энэ сэдэв хэрхэн хүрснийг нарийн хэлж мэдэхгүй. Харин би сэтгүүлчийн хувиар “Бид яагаад энэ бүхнийг тэвчиж амьдрах ёстой юм бэ?” гэж танаас, ард түмнээс бас шийдвэр гаргагчдаас асуумаар байна.
Цацрагт бүслүүлсэн нь
Жилд 6.1 сая тонноор, уурын зууханд орж, утааны яндангаар нь зүсээ хувирган гардаг хүрэн нүүрсэнд агуулагдах уранаас 10 гаруй төрлийн цацраг идэвхт бодис ялгардгийг та мэдэх үү. Үгүй байх. Албаныхан болон судлаачдыг эс тооцвол ард түмэн, жирийн иргэд энэ талаар огт мэдэхгүй. Яагаад гэвэл “Нийслэлийн агаарын найрлагыг хэмжихдээ биологийн гаралтай элемент, байгалийн тоосонцор, шаталтаас үүдсэн хүнд металл, хийн найрлагыг л тогтмол үздэг” гэж Байгаль орчны хэмжил зүйн төв лабораторийн ахлах инженер учирлалаа. Харин цацраг идэвхт бодисын агууламж өнөөдөр нийслэлийн агаар, хөрс, усанд хэр зэрэг агуулагдаж байгааг хэдэн судлаачаас өөр мэддэг хүн байхгүй. Гэхдээ албаныхан бол “Хөрс, усан дахь ураны агууламж нь нүүрснээс эхтэй гэж боддог, магадгүй” гэсэн тайлбар өгдөг юм билээ.
Бид саяхан нэгэн бяцхан туршилт хийв. Агаарын хэм +9, бага зэрэг сэвэлзсэн салхитай өдрийн 13.00 цагийн орчим Цайз захын ойролцоох нэгэн айлын дотоод орчинд радон хэмээх цацраг идэвхт элемент хэр зэрэг агуулагдаж буйг тодорхойлохыг хичээв. Радон нь ураны задралын явцад үүсдэг олон арван цацраг идэвхт бодисын нэг. Нүүрсэнд агуулагдах цацраг идэвхт элементийг 30 гаруй жил судалж буй цөмийн физикч Н.Норовоор ахлуулсан бид ойролцоогоор 5х7 метрийн харьцаатай модон байшинтай айлд очлоо. Амбаартаа нам даралтын зуух байрлуулсан байх агаад дотроо гурван өрөөтэй, өрөө тус бүр паартай аж. Бид 12 ам метр талбай бүхий том өрөөнийх нь агаарыг тусгай багажаар таван минут хэртэй соруулж авлаа.
• Бид 12 ам метр талбай бүхий өрөөний агаарыг тусгай багажаар таван минут соруулж авлаа.
• “Азаар” радоны хэмжээ 56 Бк/м3 гарлаа. Гэвч үүнд баярлах учиргүй.
• Тамхи татдаггүй хүн уушгины хорт хавдартай болох гол эх үүсвэр нь радон.
Монгол Улсын болон дэлхий нийтийн баримталдаг стандартад зааснаар нэг шоо метр агаар дахь радоны зөвшөөрөгдөх дээд хэмжээ 100 Бк-ээс хэтрэх ёсгүй. “Азаар” манай бичил судалгааны үр дүн 56 Бк гарлаа. Гэхдээ үүнд баярлах учиргүй юм. Уг нь тухайн айл нүүрс түлээгүй, бас агаарын бохирдол хамгийн багатай цагийг сонгож хийснийх радоны нэг ширхэг ч атом илрэх учиргүй гэж хүлээж байв. Мөн тухайн байшин модоор хийсэн, шалыг нь цементэлсэн тул радон огт илрэхгүй байх бүрэн үндэслэлтэй талаар Н.Норов гуай ярьсан. Харамсалтай нь, үр дүнд нь урам хугарлаа. Өөрөөр хэлбэл, айлууд хоол цайгаа хийж, гэр орноо дулаалцуулахаар ид галлаж байгаа үед радоны хэмжээ хэд дахин ихсэх нь ойлгомжтой болж таарав.
Хорт хавдрын эх үүсвэр
Нийтлэлийн “гол баатар” болсон радон болон түүний задралын явцад үүссэн бусад цацраг идэвхт элемент нь хорт хавдар үүсгэгч гэдгийг 1988 онд Хорт хавдрын олон улсын судалгааны агентлаг тогтоосон байна. Гэтэл манай улсад хорт хавдар нь 1990 оноос хойш нас баралтын хоёр дахь шалтгаан болж “эрэмбэ” ахисны зэрэгцээ, монголчууд хорт хавдраар дэлхийд тэргүүлэх боллоо. Үүний дотор уушгины хорт хавдар нийт өвчлөлийн дөрөвдүгээрт бичигдэж буйг Монгол Улсын “Эрүүл мэндийн үзүүлэлт 2016” тайланд бичжээ. Цаашлаад уушгины хорт хавдраар өвчлөх эрсдэл өндөр байгаа хүмүүсийн тоо жил ирэх бүр нэмэгдэж байна.
Зөвхөн 2016 оны байдлаар 10 мянган хүн тутмын 1647 нь амьсгалын тогтолцооны өвчлөлд нэрвэгдсэн байна. Хамгийн сонирхолтой нь ийм өвчтэй эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тоо бусад шалтгаантай харьцуулахад тун ойролцоо байгаа нь анхаарал татаж буй. Өнөөдөр тамхи татдаггүй боловч уушгины хорт хавдраар шаналж байгаа 20 сая хүн дэлхий дахинд бий. Тэдний 20 хувь нь радон болон цацраг идэвхт элементийн улмаас нэг ч гэсэн хором илүү амьсгалж, ганц өдөр ч атугай амьдрахыг хүсэж, өвчинтэйгээ тэмцэж байна. Тамхи татдаггүй хүн уушгины хорт хавдартай болох гол эрсдэл нь радон гэдгийг ДЭМБ 2009 онд зарласан байна.
Цацраг идэвхит элемент нь нэг ёсондоо цахилгаан соронзон долгион гэсэн үг. “Хүний биед шингэсэн цахилгаан соронзон долгион нь биеийн 75 хувийг эзэлдэг усыг задалж, устөрөгчийн хэт исэл үүсгэдэг байна. Химийн хордуулагч гэж нэрлэж болох уг хэт исэл нь биед хэрэгтэй бактери, эд эрхтнийг идэж шарх үүсгэснээр хорт хавдрын эх үүсвэр тавигддаг” хэмээн МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны их сургуулийн зөвлөх профессор Н.Норов тайлбарласан юм.
Цацраг идэвхт элемент нь хорт хавдрын гол эх үүсвэр
Нөгөөтэйгүүр, эд эс хэдий чинээ залуу байна төдий чинээ цацрагийн нөлөөнд амархан нэрвэгддэг тул цацраг ихтэй орчин хүүхдэд бүр аюултай. Өнөөдөр дэлхий нийтийн зорьж байгаа ирээдүй бол устөрөгчийн эрчим хүчний хэрэглээ. Энэ дагуу улс орнууд 2050 он гэхэд устөрөгчийн эрчим хүчинд бүрэн шилжих хөтөлбөрөө боловсруулж, хэрэгжүүлээд явж байхад монголчууд л хэдэн зууны өмнөх дүр төрхөөсөө салаагүй сууж байна. Утаагүй болсон жишээ урд зүг рүү нэг өндийхөд Эрээнээс авхуулаад л хаа сайгүй байна шүү дээ. Шөнийн эрчим хүчний хөнгөлөлт нэрээр түүхий нүүрс станцуудад “шахаж” байхаар угаасан нүүрс хэрэглэхийг айлуудаас шаардах эрх бүгдэд бий. Гагцхүү худалдаж авах цэвэр нүүрс л нийслэлд хэрэгтэй байна. Тоос ихтэй, цацраг идэвхтэй нүүрсээ хэн дуртай нь задгай тээвэрлэж, газар сайгүй замбараагүй асгадаг байдлыг зогсоож, эрчим хүчний ирээдүйг технологид элэгтэй нүдээр харах шийдвэр гаргагч энэ улсад байна уу.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй