“Цахим алт”-ны оргил цаг

Мэдээ


Найман “нас”- тай биткойны ханш 7000 ам.долларын босгыг давлаа


Интернет технологийг дагаад бүхий л салбарт өөрчлөлт “буцалж” байна. Энэхүү цахим хувьсгал мөнгө санхүүгийн талбарт хэдийнэ тусгалаа олж, төлбөр тооцооны шинэ хэрэгсэл бидний амьдралд хүч түрэн орж ирлээ. Түүний нэг нь криптовалют. Цаасан мөнгөн дэвсгэртийн эсрэг сөрөх цахим мөнгөнөөс олны анхаарлыг хамгийн их татах болсон нь биткойн. Найман “нас”-тай уг цахим валютын ханш 7000 ам.долларын босгыг давлаа. Биткойны алгоритм нь ердөө 21 сая ширхэг биктойн эргэлтэд орох боломжтойгоор анхнаасаа кодолсон байдаг. Одоогийн байдлаар дэлхий даяар 16.5 сая ширхэг биткойн олборлоод байна. Хоёр долоо хоног тутамд биткойн олборлоход улам хэцүү болж, илүү их хүчин чадалтай компьютер, цахилгаан шаардах боллоо. Ерөнхий тооцооллоор 2140 он гэхэд хамгийн сүүлчийн биткойныг олборлож дуусах аж. Биткойны ард ямар ч Засгийн газар, төв банк гэж байхгүй. Энэ нь бусад мөнгөнөөс ялгарах гол ялгаа нь.

Дэлхий даяар цахим валютын зах зээл тэлж байна. Биткойны ханш чангарах хэрээр криптовалютын эрэлт нэмэгдэж байна. Зарим хүмүүс биткойныг ам.доллар, евротой адилхан гэж ойлгодог. Гэтэл эдгээр валютыг Засгийн газар нь баталгаажуулсан нөхцөлд л бид үнэ цэнэд нь итгэдэг. Хэрэв Засгийн газар хүсэх нь юм бол валютаа нэмж хэвлэх боломжтой бөгөөд хэдий чинээ ихээр хэвлэнэ, мөнгө төдий чинээ үнэгүйдэх эрсдэлтэй байдаг. Тиймээс мэргэжлийн хүмүүс биткойныг ам.доллар, евротой харьцуулахаасаа илүү алт, мөнгөтэй харьцуулдаг. Биткойн тоо хязгаартай учраас байгалийн баялагтай ижил төстэй.

Дэлхийн санхүүгийн хямралын үеэр гарч ирсэн биткойн нь одоогийн байдлаар хамгийн их нэгжид хуваагддаг мөнгөнд тооцогдож байна. Нэг биткойн 100 сая ширхэг сатошид хуваагдана. “Үүлэн” технологи дээр оршиж байдаг биткойныг дэлхийн улс орнууд хуулиараа хүлээн зөвшөөрдөг эсэхийг www.bitlegal.io сайтад мэдээлдэг. Тус сайтад бичсэнээр тэдний индексэд байдаг 74 орны 85 хувь нь биткойныг хүлээн зөвшөөрчээ. Одоогийн байдлаар дэлхийд тэргүүлэгч АНУ, Япон, Их Британи зэрэг улс орнууд биткойныг хэрэглээндээ нэвтрүүлээд байна. Тухайлбал, Япончууд 2020 оны олимпоос өмнө “J-Coin” гаргахаар ажиллаж байгаагаа албан ёсоор зарлалаа.

Мөн дэлхийн биржийн хамгийн аварга операторын нэг CME Group биткойноор фьючерс гарахаар бэлтгэж байна. Энэ нь криптовалют санхүүгийн ертөнцөд нэвтрэхэд шинэ түлхэц хэмээн Financial Times мэдээлжээ. Биткойны үнэ энэ он гарсаар 570 хувиар өсөж, тэсэрсэн. Бид бүхэн АТМ-ээс мөнгө авдагтай адил биткойны АТМ гэж байдаг. АНУ, Канад, Их Британи, Испани улс хамгийн их биткойны АТМ-тэйгээрээ дэлхийд тэргүүлж байна. Хамгийн анхны, хамгийн алдартай криптовалют нь биткойн бөгөөд цахим алтны үүргийг гүйцэтгэж байна. “Сүүлийн 10 жилийн дотор криптовалют эрчимтэйгээр дэлгэрч, цахим ертөнцөд 1000 гаруй криптовалют буюу алткойн ашиглагдаж байна” хэмээн “Цахим алт” номонд дурджээ. Алткойн гэдэг нь биткойноос бусад криптовалютын нэр юм.

Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан тайланд, 90 гаруй орны төв банк дижитал буюу криптовалют сонирхож байна. Эдийн засагч Б.Түвшин “Цасан мөнгөний ирээдүй” өгүүлэлдээ “Үндэсний криптовалют гаргах санаачилгаас томоохон улсууд ч хоцорчих вий гэсэн шамдаж байна” хэмээн бичжээ. Дэлхий дээр хэд хэдэн улс криптовалютын хэрэглээг хүлээн зөвшөөрч, өөрийн улсын цахим мөнгийг гаргах болов. Хамгийн анх Эквадор улс 2015 онд электроник төлбөрийн систем зохиож байжээ. “Цахим алт” гэж тодотгох биткойны нийт үнэлгээ 102 сая ам.долларт хүрэх дөхөж байна.

Дэлхийн хэмжээнд зах зээл дээр байгаа 1000 гаруй криптовалютуудын нийт үнэлгээ гэхэд 150 тэрбум ам.доллар шүргэж байгаа нь зөвхөн бэлнээр гүйлгээнд байгаа ам.доллараас 10 дахин бага гэсэн үг. Бусад криптовалютыг бодвол биткойн нь харьцангуй хөрвөх чадвар сайтай боловч богино хугацаанд үнийн савлагаанд хэт мэдрэмтгий. Сүүлийн үед биткойн нь цахим халдлагад маш ихээр өртөж байна. Мөн биткойны хамгийн сул тал нь арилжааг буцаах хуулийн заалт байхгүйтэй холбоотой аж. Үүнээс болж хэрэглэгчид хохирох тохиолдол цөөнгүй.

• Дэлхийн төв банкууд биткойны технологийг судалж эхэллээ.

• Дэлхий даяар цахим валютын зах зээл тэлж байна. Биткойны ханш чангарах хэрээр криптовалютын эрэлт нэмэгдэж байна.

• Роберт Шиллер гэхэд “Биткойны үнэ бол зах зээл дээрх үнийн хөөсрөлтийн шилдэг жишээ” хэмээн мэдэгдсэн удаатай.

Кембрижийн их сургуулиас энэ оны эхэнд хийсэн нэг судалгаагаар зургаан сая орчим хүн криптовалют хадгалдаг цахим хэтэвч ашиглаж байна. Биткойн тойрсон олон асуулт хариулт нэхэж байна. Уг цахим валют үнэхээр баталгаатай төлбөрийн хэрэгсэл мөн үү, үнэ цэнээ цаашид тогтвортой хадгалж чадах уу, эрсдэл багатай хөрөнгө оруулалт уу гэсэн асуултад хэн ч тодорхой хариулт өгч чадахгүй байсаар өдийг хүргэв. “Тоглоомын дүрэм” нь тодорхой бус биткойныг одоогоор олон улсад ч зохицуулах нэгдсэн зохицуулалт хараахан боловсронгуй болж амжаагүй байна.

Санхүүгийн зохицуулах хорооноос саяхан цахим мөнгөтэй холбогдуулан “Олон улсын зах зээл дээр сүүлийн үед олноор бий болж байгаа биткойн, итериум зэрэг криптовалютаар төлбөр, тооцоо гүйцэтгэх, арилжаа хийх нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хуулиар зөвшөөрөгдөөгүй үйл С.Батсайхан / ЗГМ© ажиллагаа” хэмээн мэдэгдлээ. Биткойны үнийн өсөлтийг зарим эдийн засагч “хөөс” гэж тодорхойлж байгаа юм. Хөрөнгийн үнийн талаарх шилдэг экспертүүдийн нэг, Йелийн их сургуулийн Роберт Шиллер гэхэд “Биткойны үнэ бол зах зээл дээрх үнийн хөөсрөлтийн шилдэг жишээ” хэмээн мэдэгдсэн удаатай. Хэдий ийм боловч биткойны үнэ жил хүрэхгүй хугацаанд тав нугарч, нэг унци алтнаас даруй долоо дахин үнэтэй боллоо. Дэлхийн төв банкууд биткойны технологийг судалж, өөрсдийн криптовалютаа гаргаж мэдэх нь. Манай улсын иргэдийн дунд биткойныг Onecoin-тай андуурах тохиолдол их гарч байна. Onecoin нь криптовалют биш юм. Итали, Герман, Энэтхэг зэрэг оронд Onecoin-ний үйл ажиллагаанд хориг тавьж эхэлсэн. Цаасан мөнгөтэй өрсөлдөх цахим “алт” өндөр эрсдэлтэй хөрөнгө оруулалтыг ийнхүү түүчээлсээр.

САНАЛ БОЛГОХ