Орчин үеийн олимпиад мөнгө олох арга болжээ
Боловсрол
Өнгөрсөн амралтын өдөр нэгэн ерөнхий боловсролын сургуулийн нэрэмжит математикийн олимпиад болсон юм. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус олимпиадад нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх сургуулийн сурагчид оролцох эрхтэй. Энэ нь төрийн болон хувийн хэвшлийн гэдгээс үл хамаарахыг энд тодотгоё. Олимпиадын дүнг анги тус бүрээр нь гаргаж, монголын математикийн олимпиад нэртэй фэйсбүүк хуудасны группт мэдээлжээ. Оролцогч хүүхдүүдийн тоог анги бүрээр нь шүүж, нэгтгэвэл 112 дугаар ангийн нийт 2043 хүүхэд хамрагдсан байв.
Мандатын 5000 төгрөгөө өгсөн л бол хүүхдийн сурлагын үзүүлэлтээс үл хамааран олимпиадад оролцох эрх нь нээгддэг. Мандатын хураам жийг оролцсон хүүхдийн тоогоор үржүүлж харвал 10 сая 215 мянган төгрөг болж байна. Нэг хүүхдийн 5000 төгрөг гэдэг их биш ч, нийлүүлээд харвал аргагүй анхаарал татсан дүн юм. Энэ мөнгө юунд зарцуулагддаг вэ? Биднийг бага байхад олимпиадад тухайн хичээлдээ хамгийн шил дэг нэг сурагч л ангиа төлөөлдөг байж билээ.
Бас мандатын хураамж гэж зүйл байсангүй. Тиймдээ ч олимпиадад оролцоно гэдэг асар их өрсөлдөөн, нэр хүнд бас хариуцлага дагадаг байсныг санаж байна. Тэгвэл сүүлийн үеийн олимпиад яагаад хүссэн хүүхэд бүрт нээлттэй, бас хураамжтай болов. Энэ нь л олимпиадын нэр хүндийг унагааж, мөн чанарыг алдагдуулж байгаа юм биш үү. Тодруулбал, хэт мөнгөний хойноос хөөцөлдсөн хэлбэр төдий зүйл болоо юудаа гэж дүгнэмээр. Зөвхөн нэг удаагийн олимпиад зохион байгуулаад 10 гаруй сая төгрөгийг хураамжийн мөнгөнөөс олж байна. Харин энэ мөнгөөр олимпиадад түрүүлсэн хүүхдүүдийг урамшуулж байна уу гэвэл үгүй. Мөн зохион байгуулалтын зардалд зориулж байна уу гэвэл бас тийм биш.
Тус олимпиадын удирдамжаас харвал анги бүрийн 1-3 дугаар байрт шалгарсан зургаан сурагчийг шагнана гэжээ. Тодруулбал, нэгдүгээр байрт шалгарсан нэг сурагчийг, удаах байранд орсон хоёр сурагчийг, гуравдугаар байр эзэлсэн гурван сурагчийг гээд нийт 12 ангийн 72 сурагчид шагнал гардуулах аж. Гэхдээ үүнд мөнгөн шагнал гэж байсангүй, зөвхөн өргөмжлөл, медаль өгч байлаа. Өгч байгаа диплом, медалийг агуулгаар нь харвал юу юм гэхээс үнэ хүрээд байх зүйл ч биш байв. Олимпиадад хүүхдээ оруулсан нэгэн ээж “Манай хүүхэд өнгөрсөн жил бас энэ олимпиадад оролцон, нэгдүгээр зэргийн диплом авч байсан. Диплом нь А4-ийн цаасыг голоор нь хувааж, өнгөтөөр хэвлээд, сканнердаж, нэр усыг нь бичсэн цаас л байсан. Медалийг нь харахад “Нарантуул” зах дээр 1500 төгрөгөөр бөөнддөг медаль байна билээ” хэмээн голонгуй хэлсэн юм.
Сургуулиудын зохион байгуулж буй олимпиадад хяналт тавьдаггүй
Сүүлийн жилүүдэд төрийн болон хувийн өмчит сургууль эсвэл хэн нэгэн багшийн нэрэмжит олимпиадууд өдөр алгасахгүй зохион байгуулагддаг болсон гэхэд хилсдэхгүй. Математик, Монгол хэл, Байгалийн ухаан, Англи, Орос хэлний “Стандарт” гэсэн тодотголтой логикийн алдаатай бодлого, хэний ч хариулахад амархан асуулттай тестүүд нь мөнгө олох зорилготой арга гэдэг нь мэдэгдэж, эцэг эхчүүдийн бухимдлыг төрүүлэх болсон. Үүнийг батлах бас нэгэн жишээг өгүүлье. Саяхан буюу өнгөрсөн аравдугаар сард “Номч” бүрэн дунд сургуулийн нэрэмжит математикийн “Стандарт” олимпиад дуулиан шуугиантайхан болж өнгөрсөн. Ийн тодотгосны учир нь энэхүү олимпиадад хүүхдээ оруулахаар очсон эцэг, эхчүүд нэлээд бухимдаж, “Олимпиад нэрийн дор бизнес хийж байна” хэмээн олон нийтийн сүлжээгээр шүүмжилсэнтэй холбоотой. Учир нь олимпиадын зохион байгуулалт тун муу буюу ашиг олох зорилгоор хэтэрхий олон хүүхэд бүртгэснээс болж асуудал үүсчээ.
Тодруулбал, хүүхдүүдээс шалгалт авах анги танхим хүрэлцэхгүйн улмаас эцэг эхчүүд хүүхэдтэйгээ шалгалт болохыг хүлээж өвлийн хүйтэнд гадаа олон цаг зогссон, шалгалтын тест задарсан зэрэг олон асуудал гарсны зэрэгцээ хүүхдээ олохгүй сандралдаж, улмаар хууль хүчний байгууллагынхныг дуудсан байна. Үймээн шуугиантай болсон олимпиад тэгсхийгээд намжив. Харин энэ бүхий эцэст “Номч” бүрэн дунд сургууль багагүй орлого олжээ. Тэд олимпиадад оролцсон хүүхэд тус бүрээс мөн л 5000 төгрөгийн бүртгэлийн хураамж авсан юм. Харин хот хөдөөгүй нийлсэн 100 гаруй сургуулийн нийт 6230 хүүхэд оролцсон юм. Ингээд 6230 хүүхдийг 5000 төгрөгөөр тооцвол “Номч”-ынхон мандатны хураамжаас нийт 31 сая 150 мянган төгрөг олсон байх нь.
Зарим сургууль нэрэмжит олимпиадаа 2-3 удаа зохион байгуулдаг
Нэрээ нууцлахыг хүссэн томоохон их сургуулийн математикийн багшийн хэлснээр олимпиад хамгийн ашигтай бизнес болжээ. Бүр зарим сургууль нэрэмжит олимпиадаа нэг хичээлээр л гэхэд 2-3 удаа зохион байгуулдаг болсон гэв. Тэрбээр “Би нэгэн төрийн бус байгууллагад олимпиадын бодлогыг тодорхой хэмжээний төлбөрөөр бэлдэж өгдөг юм. Уг нь нийслэлийн Боловсролын газраас зөвшөөрөл авах ёстой боловч сүүлийн үед “Стандарт” олимпиад зохион байгуулах нь хавтгайрч байна. “Стандарт” гэдэг нь сургалтын материалын тестээр 40 минут шалгалт авахыг хэлнэ. Шалгарсан хүүхдүүдэд 200 төгрөгийн наадаг медаль өгчихдөг цэвэр мөнгөний, ямар ч зөвшөөрөлгүй үйл ажиллагаа. Үүнийг эцэг эхчүүд мэдэхгүй, харин ч хүүхдүүдээ хэдэн мянгаар оруулж байна. Уг нь UB чансааны олимпиад болдог. Энэ нь Монголын математикийн олимпиадаас албан ёсоор зөвшөөрсөн Улаанбаатарын оноо цуглуулах олимпиадыг хэлж байгаа юм. Бодлого нь бодитой, чансаа шаардсан шалгалт байдаг. Ийм 7-8 олимпиад л байдаг" гэв.
"Олимпиадад орж буй хүүхдээс хураамж авах ёсгүй"
Төрийн болон хувийн дунд сургуулийн зохион байгуулж буй олимпиадад хэн зөвшөөрөл өгч, хаанаас хяналт тавьдаг вэ. Асуултын хариултыг олохоор салбарын яам, нийслэлийн Боловсролын газартай холбогдсон боловч тоймтой хариу өгсөнгүй, биднээс халгав. "Хувийн сургуулиудын зохион байгуулж буй олимпиадад ямар нэгэн хяналт, зохицуулалт хийдэггүй. Нийслэлийн боловсролын газар юм уу, Математикийн олимпиад зохион байгуулах хороо л хянаж зохицуулах байх” гэж салбарын яамны хүн хэлэв. Харин нийслэлийн Боловсролын газрын мэргэжилтэн “Манай үйл ажиллагааны чиг үүргийн дагуу Боловсролын тухай хууль, тогтоомжийн стандарт хэрэгжилт, сургалтын төлөвлөгөө хуваарийнхаа дагуу явж байгаа эсэх зэрэг асуудлуудад төвлөрч ажилладаг.
Уг нь сурагчдаас мөнгө хураамж авахыг хориглосон салбарын сайдын А98 дугаар тоот тушаал байгаа. Хэрэв тухайн байгууллага хүүхдээс мөнгө төгрөг хураан авч, үйл ажиллагаа зохион байгуулсан бол энэ нь өөрөө хууль зөрчиж байна гэсэн үг” гэсэн тайлбарыг өгөв. Мэдээж сурагчид мэдлэг, чадвараа сорьж, өөр хоорондоо өрсөлдөнө гэдэг сайн зүйл. Энэ бол хүүхдийг улам их сурах, хичээх, мэдэх мэрийлт олгож, шилдэг нь болох гэсэн хөшүүрэг болж өгнө. Тиймээс олимпиад зохион байгуулах нь буруу гэж шүүмжлэх гэсэнгүй. Харин үнэ төлбөргүй хийгээд жинхэнэ мэдлэг сорьсон уралдаан байгаасай. Түүнээс биш дэлгүүрийн лангуун дээрээс чихэр худалдаж авч байгаа мэт мандатын хураамжаа төлсөн хэн бүхнийг хамруулсан арга хэмжээ байвал нэр хүнд, мөн чанар, утга учир нь ч алдагдаад байгааг сануулах гэсэн юм.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй