Өөрийгөө ч, өрөөлийг ч зүтгүүлэгч

Ярилцлага


Найман жилийн дараа Cosmic Ariunaa: The remixes цомгоо гаргав


“Би өөрийнхөө дуулах чадвараа 100 сая төгрөгөөр үнэлдэг Монголын цор ганц дуучин. 15 настайгаасаа тасралтгүй 35 жил урлагийн салбарт зүрх сэтгэлээ зориулж ирлээ. Ер нь Аринуаа гэдэг брэнд гаргахад ч болохоор болжээ. Би хүмүүсийн чихэнд биш зүрх сэтгэлд зориулж дуулдаг” хэмээн Монгол Улсын гавьяат жүжигчин, НҮБ-ын Хүүхдийн сангийн элч дуучин Т.Ариунаа бардамхан агаад зоримог өгүүлж байна. Магадгүй зарим нэгэнд түүний энэ үг даруухан бус санагдаж байж болох юм.

Гэхдээ чадаж байгаа юманд арга алга.Түүний өнгөрсөн 35 жилийн хугацаанд хийсэн бүтээснийг эдийн засгийн үндэслэлтэй тооцвол 100 саяар үнэлэхэд ч багадмаар. Хэдийгээр урлаг гэдэг хүнд сэтгэлийн таашаал өгч байдаг ч, нийгмийн бүүдгэр харанхуйг үлдэн гэрэлтүүлж байдаг хамгийн том дэнлүү. Үүгээр л дамжуулж хүмүүс өөрийнхөө ертөнцийг нээж, орон зай, гоо зүйн таашаал авдаг. Бардам, цоглог, өөртөө итгэлтэй, Монголын эстрад урлагийн салбарын хэзээ ч гандан бууршгүй хатагтайг энэ удаа “Хүмүүс” буландаа онцлохын учир шалтгаан надад байлаа. Учир нь дуучин Т.Ариунаа бол Монголын урлагийн ертөнцөд гарч ирсэн том үзэгдэл.

Анх 15 настайдаа буюу 1982 онд “16 нас” дуугаараа од болон гялалзан гарч ирсэн түүнийг одоо танихгүй хүн гэж Монголд үгүй. Түүний дуулсан дуу бүр хүний амьдралын нандин хором, мөчийг санагалзуулдаг хэмээн шүтэн бишрэгчид нь үнэлдэг. Дуулаагүй үлдсэн төрөл, хувираагүй хоцорсон дүр гэж бараг үлдсэнгүй. Түүний дуунуудын өнгө аяс төрөл бүр өөр. Эрч хүчтэй, уянгын, диско, рок хэмнэлийн дууг дуулахаас гадна үндэсний хэв маяг бүхий утга, уянгын, монгол ахуйн дайчин баатарлаг дуунууд ч түүнд зохицдог. Анхны хайр, болзоондоо яарсан бүсгүй, дурлалдаа шатсан залуу, үрээ тэвэрсэн эхийн хайр, насны хань, талын монгол ахуй гээд түүний дууны мөр, бадаг бүр зүрхэнд ойр, сэтгэлд тод, аманд аялгуутай.

Уран бүтээлийнхээ мөн чанарыг сэтгэлдээ мэдэрч, бодолдоо тунгаан үг бүрийг нь шаглаж дуулдаг учраас сонсогчдод хүрдэг болов уу хэмээн түүнийг нэгэн шүтэн бишрэгч нь тодорхойлсон байсан. Т.Ариунаад дуулах авьяас ээжээс нь өвлөгджээ. Нийтээрээ мэдэх хэдий ч, түүний товч намтрыг дурдах нь зүйтэй. Тэрбээр 1967 оны гуравдугаар сарын 15-нд Улаанбаатар хотноо айлын ууган охин болон мэндэлжээ. Түүний аав Ч.Төмөр Өвөрхангай аймгийн Бат- Өлзий сумын, ээж Д.Баянжаргал нь Архангай аймгийн Ихтамир сумын харьяат. Улсын ардын дуу, бүжгийн чуулгын анхны мэргэжлийн хөгжимчдийн нэг бөгөөд таван төрлийн хөгжим гаргууд эзэмшсэн, үндэсний бүжиг гайхалтай бүжиглэдэг байсан ижийнхээ байгалиас заяасан авьяасаас тэр яалт ч үгүй ургажээ. “16 нас”,“Сурагчийн жил”, “Сүүлчийн хонх” зэрэг олон дуугаа Монголын радиогийн “Алтан фонд”-д бичүүлж байснаас хойш даруй хагас жаран өнгөрсөн байна.

Энэ хугацаанд 100 гаруй дуу, долоон цомог, бие даасан 10 тоглолт хийжээ. Хэр баргийн дуучин цаг хугацааг ингэж эзэгнэж чаддаггүй юм. Өнөө цагийн энтертаймент шоунаас гарч ирсэн дуучдын гадаад байдал, секси төрхөөрөө олны анхаарлыг татахад л боллоо гэсэн өрөөсгөл хандлагатай Ариунаагийн хөдөлмөр, өнөөг хүртэл туулж ирсэн дуучны замналыг харьцуулашгүй. Уран бүтээлч хүнд заавал ур дүй байх ёстой. Бүтээлээ урлаж, шаглаж, бүр сэтгэл зүрхээ шингээн хийх ёстой гэсэн үг л дээ. Тухайлбал, Т.Ариунаа дуучин “Хорвоог дүүргэж дэргэд байгаарай” дуун дээрээ бүтэн нэг сар ажилласан гэдэг. Энэ дууны үг бүр дээр шаглаа хийсэн учраас цаг хугацаа шаардсан хэрэг. Чухам яг энэ дуунаас нь Ариунаа гэдэг дуучныг ямар ч томруулах шил, тодорхойлолт үгүйгээр харж болдог юм.

Түүний “Хэдийгээр дуучин хүнд төрмөл авьяас заяасан байдаг ч мэдрэмж, хийж бүтээх хүсэл эрмэлзэл хамгийн чухал. Энэ бол дууны амин сүнс юм” хэмээн өгүүлснийг би хувьдаа түүний уран бүтээлдээ баримталдаг философи нь гэж ойлгосон. Дуу болгондоо энэ мөрдлөгөө хэрэгжүүлдэг болохоор түүний бүтээл сонсоод мартагддаггүй сэтгэлд хоногшин, зүрхэнд шингэдэг амьтай бас увидастай. “Бундан зүрх” дуунаас эр хүний шинж чанар, “Хөх Монголын үр сад”-аас баатарлаг эмэгтэй, “Талын монгол айл"-аас тийм нэгэн уяхан агаад тайван амгалан эрхгүй мэдрэгддэггүй гэж үү? Урлагт энэ олон төрлийн дүр үүсгэнэ гэдэг жинхэнэ мэргэжлийн уран бүтээлч хүний чанар чансааг илтгэнэ. Дуучин болгонд баргийн заяадаггүй өгөгдөл гэдэг энэ юм. Тэрчлэн Ариунаагийн дуунаас хүмүүс ухаарлыг олж авдаг. “Амьдралаас чи юунд ихийг хүсээ вэ
Аз жаргал ойрхон байж дээ
Тэгтлээ их хайсан
Тэр аз жаргалынхаа
Тэвэрт нь би өөрөө ямар их төөрөө вэ…” хэмээх “Чимээгүй ухаарал” дуу бол түүний хит дуунуудын нэг. Хүний амьдралын алдаа оноо, амжилт бүтээлийг дуугаар илэрхийлж, нийгмийг хэрхэн гэрэлтүүлж байгаа нь тухайн уран бүтээлчийн үнэ цэнийг тодорхойлдог болохыг Ариунаа харуулдаг юм.

ОРШИН БУЙН БАТАЛГАА

Тэрбээр Болгарт эстрадын дуучнаар суралцаж төгссөн Монголын жинхэнэ мэргэжлийн дуучин. Түүний дуулсан дуу болгон нь хит болдог. Бүхий л цаг үед үнэ цэнээ алддаггүй, үе үеийнхний сэтгэлд хоногшиж үлдсэн дууг хит дуу гэж тодорхойлж болно. Сүүлийн үеийн залуус нэг шоунд ороод л өөрсдийгөө дуучин болчихсон мэтээр үзэж, оддын өвчин тусдаг болсон энэ цаг үед Ариунаа урлагийн босгыг өндөрт тавьж, хэм хэмжээ, үнэ цэнийг алдахгүй авч явдгаараа содон харагддаг. “Урлагийн салбарт эхлээд амжилт олно гэж ярьдаггүй юм. Яаж үүнд зүрх сэтгэл, хөдөлмөр, авьяас билгээ зориулах вэ гэдэгт илүү анхаарах ёстой. Зоригтой алхам хийж, өөрөө эрсдлээ үүрнэ гэдэг хамгийн зөв алхам” гэх мэт зарим нэгнийг эрхгүй ичээсэн бардам ч юм шиг үг яриа нь ч түүний үнэ цэнийг илтгэдэг.

Ийм хатуу хэрнээ үнэнч сэтгэл, зүтгэл, эрэлхэг, бардам зан чанар урлагийн хүнд байх ёстой. Үзэгчдийн зүрх сэтгэлийг булаадаг тийм нэг нууцлаг зан чанар түүнд бий. Хүмүүсийн дур, сэтгэлийг тэр булааж, үзэгчдийг байлдан дагуулж чаддаг. За тайзан дээр гараад нэг, хоёр дуу дуулчихад болно гэж ханддаггүй өөрийгөө шавхан, бүхий л эрчмээ зориулж байгаа нь мэдрэгддэг. Түүний тоглолтууд дахин давтагдашгүй байдгийн нууц нь үүнд л оршиж байдаг.

ТОГЛОЛТ БА ҮЙЛДВЭРЛЭЛ

Тоглолтыг үйлдвэрлэлтэй зүйрлэж болмоор санагддаг. Өнгөцхөн харахад хоёр гаруй цагийн тоглолт хэдий ч нэг тоглолтыг “үйлдвэрлэхэд” хэдий хэмжээний зардал гардаг нь сонирхолтой. Ялангуяа, Ариунаа шиг том хэмжээний тоглолт хийдэг дуучных бусдаас тэс өөр. Тэр тоглолт бүрээ дахин давтагдашгүй байхыг хүсэж өөрийгөө ч өрөөлийг ч зүтгүүлдэг. “Гайхамшигт үдэш” тоглолтын нугаралтыг хийхийн тулд бүтэн дөрвөн жил балетаар хичээллэсэн гэж байгаа. “Америкийн MTV music awards-ийг үзээд дуучин Pink агаарын иог үзүүлэхийг хараад би яагаад ийм агаарын иог үзүүлж болохгүй гэж гэсэн санаа төрж, хоёр сар циркэд сургуулилалт хийгээд үзүүлсэн. Намайг анх балетаар хичээллэж байхад хэн ч үүнийг тоодоггүй байсан. Харин одоо монгол охидууд маань сонирхох болсон” хэмээн бахдангуй ярина. Энэ бол бусдыг араасаа дагуулж, бусдад үлгэр дуурайл үзүүлж, ямагт анхдагчийн шан татдагийн тод жишээ.

Дуу хөгжим гарт баригдаж, нүдэнд үзэгдэж, сэтгэлд ивэлж байдаг. Бусдыг амьдралд уриалан дуудагч юутай ч зүйрлэмгүй хүч чадал дуу, дуучинд оршдог. Жишээ татахад хөгжлийн бэрхшээлтэй нэг хүүд Ариунаагийн “Бундан зүрх” дууг сонсоод хөл дээрээ босох итгэл найдвар төрсөн гэдгийг түүний фэн клубийн хуудаснаас олж уншиж байлаа. Монголын эстрад урлагийн алтан тайзнаа бий болгосон түүний орон зай агуу. Тэр урлагт өөрийгөө бүрэн зориулчихсан. Ямар нэг салбар руу урваж, арилжаа, ашиг хүртэхийн төлөө яваагүй. Сэтгэлийн хөөрөл, амьдралын гуниг тээж, урлагийн замаа орхиогүй. “Урлаг бол өдөр тутам иддэг талх биш. Дуу хөгжим бол үнэ цэнэтэй бүтээгдэхүүн. Сар бүр дуу гаргавал утгагүй болчихно. Урлагийн хүний тэр ариун мэдрэмж, дотоод хүсэл тэмүүлэл, хөг аялгуу юу ч үгүй хоосорчихдог. Урлаг зүрхнээс зүрхэнд хүрэхээс биш чихнээс чихэнд хүрэх учиргүй” гээд “Өнөө маргаашийн арилжаа хөөсөн дуунууд асар их гарч байна.

Хүмүүс яагаад хуучны дуунд дурладаг вэ. Сүнслэг ариун чанартай учраас тэр. Дуу хуур гэдэг робот биш. Би ч өөрөө тийм хүн биш. Хүний зүрх сэтгэлийн утсыг урлагаар дамжиж хөнддөг учир үүнд арилжааны сэтгэлгээгээр хандаж болохгүй. Харин сайн чанартай дуу, цомог нь арилжааных байх ёстой. Бичлэгийн студид дуугаа дуулчихаад тайзан дээр гараад үзэгчдэд хүргэж чаддаггүй дуучин байдаг. Сайхан тоглолт хийж уран бүтээлээ хамгаалдаг байх ёстой. Өнөө маргаашаа аргацаасан байдалтай байж болохгүй. Энэ бол тухайн уран бүтээлчийн хандлагаас 100 хувь хамаарна. Тайзан дээр гарахдаа би жаргал зовлон бүгдээ хаяж гардаг. Энэ бол уран бүтээлч хүнд байх ёстой бичигдээгүй хууль, зан чанар” хэмээн түүний яриа өрнөж,”Шат байлаа гэхэд гишүүр бүр дээр гишгэж, дээш мацдаг. Нэгдүгээр шатан дээр гишгэчихээд гуравдугаар шат руу мацаж огт болохгүй” гэдгийг тэрбээр шинээр гарч ирж байгаа залуучуудад хандаж хэлж байна.

НАЙМАН ЖИЛИЙН ДАРААХ ШИНЭ ЦОМОГ

Т.Ариунаа уран бүтээлээрээ тэсрэлт хийхийг зорьж, дахиад л анхны гэсэн, шинэ бүхнийг эхлүүлэхийг зорьж явна. Тэрбээр найман жилийн дараа Cosmic Ariunaa: The remixes цомог нийт есөн дуутай цомгоо хэвлүүлэх гэж байна. Шинэ цомогт нь электро жанраар дахин найруулж хийсэн дуунууд дийлэнх хувийг эзэлж байна. Энэхүү цомгийн дуунууд нь барууны шоу бизнесийн ертөнцийн дуулалтын техникийн дагуу электро хөгжмийн хэмнэлд урсгаж дуулсан бүтээл болжээ. Эл цомгийнхоо зарим дууны клипийн зохиолыг бичиж, трилоги буюу гурвалсан үргэлжлэл бүхий клип гурван дуун дээр хийхээр төлөвлөснөөс хоёрынх нь зураг авах ажил дуусаад байгаа юм байна. Тэрээр эдгээр клипнүүддээ дахин дүр бүтээсэн нь олны анхаарлыг татах нь лавтай. Сонирхуулахад шинжлэх ухааны уран зөгнөлт болон пост-апокалиптик жанрыг барьж хийсэн байна.

Монголд энэ чиглэлээр хийж буй анхны уран бүтээл гэдгээрээ яах аргагүй онцлог бүтээл гарч байгааг дуулгахад таатай байна. Тэрбээр “Монголын хөгжмийн зах зээл 1990-ээд онд эрчимтэй хөгжиж байсан. Учир нь одоогийнх шиг хэтэрхий олон дуучин байгаагүй. Цөөн тооны чанартай хэрнээ өрсөлдөөнтэй дуучид байлаа. Харин одоо хөл толгой нь олдохгүй дуучид, шоу энтертайнмет, өөрийн уран бүтээлгүй ковер дуучид олширч. Тиймээс л хөгжмийн зах зээл хөгжихгүй зогсчихсон гэхэд болно. Монголын урлагийн хөгжлийг хойш чангааж байгаа шалтгаан энд л оршдог. Уран бүтээлч хүн өөрийн гэсэн урын сантай байх ёстой. Үүнийхээ жаргал зовлонгийн аль алийг нь амсах ёстой. Хүний дууг дуулж байгаа хүн хэзээ ч уран бүтээлч болж чадахгүй. Тэд бол “хулгайчид” гэсэн үгийг нь онцолмоор санагдлаа.


САНАЛ БОЛГОХ