Дональд Трамп: Худалдааны алдагдлыг бууруулахад ахиц дэвшил гарна гэдэгт итгэлтэй байна

Мэдээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Японд хийсэн айлчлал өндөрлөлөө. Энэхүү айлчлалаар түүний хамгийн их сөхсөн шударга худалдааны асуудал дорвитой шийдэлд хүрсэнгүй гэж шинжээчид дүгнэжээ. Харин автомашины эд анги үйлдвэрлэгч “Denso” компани АНУ-ын Теннеси мужид нэг тэрбум ам.долларын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх болсон нь айлчлалын хүрээнд хийгдсэн хамгийн том худалдааны хэлэлцээр болсон байна. Хэдий тийм боловч энэ нь өмнө яригдаж байсан хэлэлцээ төдийгүй Дональд Трамп айлчлалаараа дамжуулж эцэслэнэ гэж зарласан олон тэрбум ам.долларын гэрээ хэлэлцээрийн амлалтаас эсрэг дүр зураг болжээ. Үүгээр АНУ Японтой хийх худалдаанаас 69 тэрбум ам.долларын алдагдалтай байгааг бууруулах боломж бага байх магадлалтай гэж ажиглагчид таамагласан байна. Түүнчлэн Дональд Трамп Японы автомашин үйлдвэрлэгчдээс АНУ дахь үйлдвэрийнхээ тоог нэмэгдүүлэхийг, хөрөнгө оруулалт хийхийг хүссэн ч Японы Ерөнхий сайд Шинзо Абэ энэ талаар тодорхой байр суурь илэрхийлээгүй аж. Ажиглагчдын онцолсноор дэлхийн тэргүүлэгч эдийн засагтай орнуудын эрх баригчид болох Дональд Трамп, Шинзо Абэ нарын уулзалт халуун дулаан уур амьсгалтай болжээ.

Үүнээс гадна талууд БНАСАУ-д үзүүлэх шахалтаа дээд цэгт нь хүргэхэд санал нэгдсэнийг ажиглагчид онцолж байгаа юм. Хамтарсан мэдэгдлийн үеэр Дональд Трамп "Ерөнхий сайд Шинзо Абэгийн өгсөн хариултыг би хэлье. Япон улс АНУ-аас цэргийн тоног төхөөрөмж их хэмжээгээр худалдаж авсныхаа дараа хэрэв шаардлагатай гэж үзвэл БНАСАУ-ын пуужингуудыг амдан устгана. БНАСАУ-ын пуужин руу гал нээж аюулгүй болгох Японд амархан. Бид өмнө нь Саудын Арабт үүнтэй төстэй арга хэмжээ авч байсныг бүгд санаж байгаа байх" хэмээн онцолсон бол Шинзо Абэ "АНУ болон Японы зэвсэгт хүчний үйл ажиллагааг уялдуулан зохицуулснаар л БНАСАУ-ын пуужингуудыг амдан устгах боломж бүрдэнэ. Шаардлагатай тохиолдолд бид үүнийг гарцаагүй хийнэ. Үүний тулд АНУ болон Япон улс үйл ажиллагаагаа нягт уялдуулан зохицуулах болно" гэжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ мягмар гарагт БНСУ-д айлчилж тус улсын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй уулзана. Талууд уулзалтынхаа дараа хамтарсан мэдэгдлээ лхагва гарагт хийх товтой байна.




САНАЛ БОЛГОХ