“Centerra Gold"-ийн хувьцааны ханш Торонтогийн Хөрөнгийн биржид 2.03 хувиар өсөв
УИХ-ын Төсвийн байнгын хорооны шийдвэрээр стратегийн орд эзэмшигчид дунд аудит хийж эхэлсэн талаар Засгийн газар мэдээллээ. Эдгээр орд дунд Бороо, Гацууртын ордыг мөн багтаажээ. Энэхүү мэдээллийн дараа Гацууртын ордын тусгай зөвшөөрлийг эзэмшигч “Centerra Gold”-ийн хувьцааны ханш Торонтогийн Хөрөнгийн биржид даваа гарагийн арилжаа хаагдах үед 2.03 хувиар өсөж, 8.05 канад доллар болсон байна.
“Centerra Gold” компани өнгөрсөн аравдугаар сард Гацууртын төслийн ТЭЗҮ-ийг шинэчлэн танилцуулсан юм. Энэхүү төслийн ил уурхайд 1.3 сая унц алтны нөөц байгаа гэж тооцоолжээ. Мөн уурхайн ашиглалтын хугацаанд 10 жилийн турш үйл ажиллагаа явуулахад жилд дунджаар 111 мянган унц алт олборлох боломжтой аж. Нийт бүтээн байгуулалтын капиталын өртөг нь 245 сая ам.доллар болно гэж тооцсон байна. Энэхүү ТЭЗҮ дээрээ үндэслээд “Centerra Gold” компани Гацууртын төслийг хэрэгжүүлэх талаар Монгол Улсын Засгийн газартай дахин хэлэлцээ хийж эхэлнэ гэж найдаж байгаа ажээ.
Тус компани 2016 онд Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас 150 сая ам.долларын зээл авсан байна. Үүнээс 50 сая ам.долларыг Гацууртын төсөлд зарцуулахаар төлөвлөсөн ч 2017 оны хоёр болон есдүгээр сард эргүүлэн төлжээ.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй