Оффшор бүс дэх хөрөнгийн татвараас зайлсхийсэн компаниудыг олонд ил болгов

Мэдээ

Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консорциум оффшор бүс дэх хөрөнгийн татвараас зайлсхийсэн аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн талаарх мэдээллийг олонд ил болгоод байна. Тухайлбал, уул уурхайн салбарт дэлхийд тэргүүлэгч "Glencore" компанийг оффшор хөрөнгийн хэргээр шалгаж эхэлжээ. Оффшор бүсэд хууль зүйн үйлчилгээ үзүүлдэг "Appleby" компани өнгөрсөн онд компанийнхаа дотоод, нууц мэдээллээ олноор алдсан аж. Харин энэхүү алдагдсан мэдээлэл Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консорциумд хүрсэнтэй холбогдуулж, тус консорциумаас “Glencore”-ийн санхүүгийн тайлан, хурлын тэмдэглэл, и-мэйл бүхий олон сая хуудас бүхий баримт бичгүүдийг олон нийтэд ил болгож эхэлсэн байна. Энэхүү баримт бичгийн дагуу тус компани Ардчилсан Конго болон Австрали улсад татвараас зайлсхийж хууль зөрчсөн байж магадгүй байгаа ажээ. “Glencore” компани “Appleby”-ийн томоохон үйлчлүүлэгчдийн нэг бөгөөд тус компанид зориулан "Appleby" компани Бермуда аралд байрлах оффистоо тусгай ажлын хэсэг гарган ажилладаг байна. 100 гаруй жилийн түүхтэй “Appleby” компани одоогоор 100 орчим оффшор компани, чинээлэг эрхмүүдтэй харилцаж байгааг эх сурвалж мэдээлжээ.

Үүнээс гадна “iPhone X” шинэ загварын гар утсаа худалдаанд гаргаад удаагүй байгаа “Apple” компани ч оффшор хөрөнгийн татвараас зайлсхийсэн хэрэгт холбогдож байгаа аж. “Apple” компани оффшор бүсэд хамгийн багадаа 128 тэрбум ам.долларын ашгаа байршуулсан гэсэн тоо баримт гарсан байна. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд босгосон гэж таамаглаж байгаа энэ хөрөнгийн орлогоор тус компани АНУ-д ямар ч татвар төлөөгүй гэж эх сурвалж мэдээлж байгаа юм. “Apple”-аас гадна “Amazon”, “Google”, “Starbucks” зэрэг компаниуд татвар төлөхөөс зайлсхийснээс АНУ-ын төсөв 240 тэрбум ам.долларын орлогоо алдсан гэх тооцоог Эдийн засаг хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага 2015 онд гаргаж байжээ.

Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын удирдлага дор ажилладаг өндөр дээд албан тушаалтнууд Бермуда, Кейманы арал зэрэг бүсэд ихээхэн хэмжээний оффшор хөрөнгөтэй гэж Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консорциум мэдээлсэн байна. Эдгээр хөрөнгө эзэмшигчдийн тоонд АНУ-ын Худалдааны сайд Уилбур Росс, тус улсын Засгийн газрын Эдийн засгийн бодлогын зөвлөх Гари Кон зэрэг хүмүүс багтжээ.




САНАЛ БОЛГОХ