Монгол дизайнерууд дотооддоо танигдаж эхэллээ

Зах зээл


Дизайнерууд коллекциосоо 40-50 сая төгрөгийн орлого олдог

Монголын загварын чиг хандлага, дизайнеруудын зах зээл саяхныг хүртэл “Торго” салон, “Шилмэл загвар” зэрэг томоохон газруудын үйл ажиллагаагаар хязгаарлагддаг байсан бол сүүлийн жилүүдэд Ariunaa Suri, Michel & Amazonka, O couture, Monalun, Atoz, Deer зэрэг чадварлаг дизайнеруудын шинэ өнгө төрхтэй брэндүүдээр бүл нэмлээ. Сүүлийн жилүүдэд Монголын хувцас загварын хөгжил олны анхааралд ихээр өртөж, олон тооны шинэ дизайнер хүч төрөн гарч ирж өрсөлдөөн ширүүсэж байна. Энэ нь хэрэглэгч, үйчлүүлэгчдийн зах зээлийг нэмэгдүүлж байгааг илтгэнэ. Ялангуяа, монголчууд эх орондоо үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг илүүд үзэж, худалдан авалт хийж сурч байгаа нь загварын зах зээлд үзэгдэж буй шинэ соёл. Өмнө нь зөвхөн ноолуур болон арьсан эдлэл эрэлттэй байсан бол одоо өдөр тутмын хувцасны үйлдвэрлэл ч амжилттай оршин тогтнож чадаж байна.

Дизайнерууд жилд 2-6 бүрэн хэмжээний коллекц гаргаж байна

Одоогоор Монголд хэдэн дизайнер идэвхтэй ажиллаж байгааг тооцоход амаргүй ч хамгийн ихдээ 70 гаруй дизайнер байна гэсэн тойм тоог Монголын дизайнеруудын холбоо гаргажээ. Гэхдээ тэдний хэд нь тогтмол үйл ажиллагаа явуулж байгаа нь үнэндээ тодорхойгүй. Хэдий тийм боловч нэр бүхий дизайнерууд жилд 2-6 бүрэн хэмжээний коллекц гаргаж байгаа нь энэ салбар хөгжиж, тэлж буйг харуулж буй юм.

Монгол дизайнерууд салбар бүрт өрсөлдөж, өөрсдийн зах зээлээ бүтээн бий болгож, импортын бараатай өрсөлдөхөөр ханцуй шамлажээ. O Couture брэндийн гүйцэтгэх захирал Э.Энхболд “Сүүлийн гурван жилд дизайнер дээр суурилсан брэндүүд олноор гарч ирж байна. Үндэсний дизайнеруудад өргөн зах зээл, боломж байгаа. Манай брэндийн хувьд тансаг зах зээлд зориулсан хувцас урладаг. Энэ онд гэхэд бүрэн хэмжээний зургаан том коллекц гаргасан. Нэг коллекцид цөөн тооны загвар бүхий 30-40 хувцас багтдаг. Бүх коллекцууд нэг сарын дотор борлогдож дууссан гэхээр монгол дизайнеруудын урласан хувцас ямар эрэлттэй байгааг харж болно.

Судалгаанаас харахад тансаг хэрэглээнээс гадна өдөр тутам өмсөж болох загваруудыг хэрэглэгчид түлхүү сонирхож байна. Тэдний хүсэл сонирхолд нийцүүлж, брэнд гаргаж, бүр олон нийтэд зориулсан үйлдвэрлэл эрхлэх сонирхол бидэнд бий. Борлуулалтын хувьд янз бүр. Хамгийн дээд тал нь 40-50 сая төгрөгийн борлуулалт хийж байсан. Гэхдээ масс үйлдвэрлэл эрхэлдэггүй учраас өдөр бүр орлоготой байдаггүй” гэв.

Европ хувцсыг үндэсний загвартай хослуулах нь шинэ хандлага болов
O couture брэнд гаднын зах зээл, ялангуяа хөрш зэргэлдээ оронд танигдахаар зорьж байгаа аж. Энэ хүрээндээ өнгөрсөн аравдугаар сард Хөх хотод нэрийн дэлгүүрээ нээжээ. Ийн дизайнерууд олноор төрөн гарч, брэнд бий болгож байгаа нь зах зээлийн өрсөлдөөнийг нэмэгдүүлж байна. Өрсөлдөөн бий болохын хэрээр бүтээгдэхүүн чанаржиж, үнэ өртөг буурдаг сайн талтай. Уран бүтээлчид хувьсан өөрчлөгдөх чиг хандлага, хэрэглэгчдийн хүсэл сонирхолд нийцүүлж, хүний биед илүү сайн суудаг, илүү эвтэйхэн загварыг чухалчилж байгааг харж болохоор. Чухамхүү шинэ тутам гарч ирж буй залуу дизайнеруудыг дэмжих, өрсөлдөх боломжоор хангах нь энэхүү зах зээлд дутагдаж байгаа нэг суваг болохыг экспертүүд ч онцолж байгаа юм.
Одоогоор Монголын хувцас загварын зах зээл дээр масс үйлдвэрлэл гэхээс илүүтэй цөөн тооны чанартай, тансаг зэрэглэлийн бүтээл урлаачид давамгайлж байна. Тухайлбал, Michel & Amazonka, Monalun, Atoz гэх мэт амжилттай брэндүүд өрсөлдөж байна.

Өрсөлдөөний зарчим ба хөгжлийн гарц

Одоогоор монгол дизайнерууд хоорондоо бус импортын бараатай өрсөлдөж байгааг онцлох хэрэгтэй. Хямдхан материалтай, асар олноор нь үйлдвэрлэдэг гаднын үйлдвэрийн хувцас сонгож, нэг улирал өмсөхийн оронд монгол дизайнеруудын ур ухаанаа шингээсэн, чанартай хувцсаар олон жил гоёх хүсэлтэй үйлчлүүлэгчид олширч байна. Залуусын давалгаа ч бий болжээ. Энэ салбарт нэг том асуудал байдаг нь бүтээгдэхүүнээ танилцуулах талбар хязгаарлагдмал байгааг дизайнерууд хэлж буй.

Гүмүда дэлгүүрийн үүсгэн байгуулагч Н.Хулан “Монголд хувцас урлаж, өөрийн брэндийг үүсгэх, хувийн дэлгүүртэй болох маш хэцүү. Хүн ам багатай, гаднын импортын бараа ихтэй улсад шинэ залуу дизайнеруудад маш их бэрхшээл тохиолддог. Тиймээс бид Гүмүда сэдэвчилсэн дэлгүүрээ нээсэн. Одоо залуу дизайнеруудын тодорхой хувь нь хувцсаа санаа амар урлаж, борлуулах сурталчилах ажлаа манайд даатгадаг. Зөвхөн Монголд үйлдвэрлэсэн, дизайнерын бүтээгдэхүүн борлуулдаг манай дэлгүүрээр Улаанбаатар хотод амьдардаг гаднын иргэд болон жуулчид үйлчлүүлдэг.

Тэд зөвхөн Монголыг санагдуулахуйц дурсгалын бараанаас илүүтэй өдөр тутмын хувцас, арьсан эдлэл сонирхдог. Монгол дизайнеруудын хувцас загвар, стилийн хувьд олон улстай хөл нийлүүлэн алхаж байна” гэв. Дизайнеруудад тулгарч буй томоохон бэрхшээл нь түүхий эдээ гаднаас худалдаг авдаг явдал юм. Монголд даавууны үйлдвэр байгуулвал энэ зах зээл улам илүү хөгжиж, масс үйлдвэрлэл ч бий болж, монголчууд дотоодод үйлдвэрлэсэн хувцас худалдан авах, цаашлаад эдийн засагт томоохон ахиц үзүүлэх гарц болно гэдгийг энэ салбарт хүчин зүтгэж буй үйлдвэрлэгчид дуу нэгтэй хэлж байна. Тооцооллоор үндсэн түүхий эд буюу материалыг гаднын зах зээлээс худалдан авснаар нийт өртгийн 20-30 хувийг алдаж байдаг аж. Өөрөөр хэлбэл, эцсийн бүтээгдэхүүн гаргах нийт өртгийн 20-30 хувийг зөвхөн түүхий эд эзэлж байна гэсэн үг юм.

• Ariunaa suri, Michel & Amazonka, O couture, Monalun, Atoz, Deer зэрэг чадварлаг дизайнеруудын шинэ өнгө төрхтэй брэндүүд Монголын загварын зах зээлд гарч эхэллээ.

• Өмнө нь зөвхөн ноолуур болон арьсан эдлэл эрэлттэй байсан бол одоо өдөр тутмын хувцасны үйлдвэрлэл ч амжилттай оршин тогтнож эхэллээ.

• Монголын дизайнеруудын холбоо хамгийн ихээр тооцвол 70 гаруй дизайнер байна гэсэн тойм тоог гаргажээ.

Тиймээс хамгийн эхний алхмаас эхлээд эцсийн үйлдвэрлэлийн шат хүртэл бүгдийг Монголд үйлдвэрлэвэл энэ салбарт эргэлдэх мөнгөний хэмжээ томоохон хувиар тооцогдох болно. Ойрын жилүүдэд уламжлалт баяр гэлтгүй хурал, цуглаанд залуус үндэсний хувцсаа сонгон өмсөх болсон. Энэ нь мэдээж үндэсний хувцасны хэв маяг баяжиж байгаатай холбоотой. Мөн урлаг, соёлынхон үндэсний хэв маяг бүхий хувцас сонгох болсон нь олон нийтийн дунд даган дуурайх эерэг хандлага бий болгож байна. Загвар зохион бүтээгчид маань ч үндэсний хувцсыг судалж, орчин үеийн загварт шингээн нэвтрүүлэх болсон нь шинэ үзэгдэл ба загварын чиг хандлага болоод буй. Ялангуяа, дизайнерууд европ хувцсыг үндэсний загвартай хослуулж байгаа нь тэдний онцлог болж байна.

Загварын үүсэл хөгжил ба ойлголт

Хувцас үйлдвэрлэлийн салбар нь дэлхийн долоон тэрбум хүний өдөр тутмын болон бусад хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг хөнгөн үйлдвэрлэлийн салбарын чухал нэгж юм. Хувцасны дизайн (брэнд) гэсэн ойлголтыг 19 дүгээр зуунд Чарльз Фредерик Ворт өөрийн урласан хувцсанд шошго хадсанаар эхлүүлжээ.

Мөн өөрийнхөө гаргасан хувцасны шинэ санааг эскиз болгон буулган захиалагчаар сонгуулж хувцас үйлдвэрлэх нь хэрэглэгчийн хүсэл сонирхолд илүү нийцэж байсан гэдэг. Улмаар олон хэрэглэгчийг өөртөө татаж ашигтай ажиллах боломжийг олгож байгааг мэдэрч эскиз дээр суурилсан захиалга авч, хувцас загварын анхны ордны эхлэл суурийг тавьсан түүхтэй. Хувцасны дизайныг тухайн жил, улирлын чиг хандлагад үндэслэн дизайнер өөрийн бүтээлийг бий болгодог юм. Тухайн жилийн загварын чиг хандлагыг загварын алдартай орднуудын загварын үзүүлбэр тодорхойлдог гэж үзэж болно. Эдгээр загварын үзүүлбэр нь Парис, Милан, Лондон, Нью-Йорк, Токио хотуудад жилд хоёр удаа буюу хавар, зун гэсэн улирлаар өөр өөрийн онцлогтойгоор явагддаг.

Хувцасны дизайныг тансаг хэрэглээний буюу Haute couture (High fashion), өргөн хэрэглээний Pret-et-porter (ready to wear), нийтэд зориулсан (Mass market) гэж ангилна. Haute couture буюу тансаг хэрэглээ, өндөр зэрэглэлийн хувцас гэсэн нэр томъёо 1950-аад оны үед хувцас загварт орж ирсэн бөгөөд онцгой хэрэглэгчдэд зориулсан зөвхөн ганц ширхэгээр хамгийн үнэтэй материал, чимэглэлийг ашиглан ихэвчлэн гар ажиллагааг голлон үйдвэрлэсэн бүтээгдэхүүн хамаарна. Mass market буюу нийтэд зориулсан хувцас нь хүний өдөр тутмын хэрэглээг хангах, худалдан борлуулах зориулалтаар маш олон тоогоор үйлдвэрлэгддэг бүтээгдэхүүн юм.

САНАЛ БОЛГОХ