Эрүүл мэндийн даатгалын санг наймааны хэрэгсэл болгох нь
Байр суурь
Таван сан дотроо хамгийн ашигтай нь ЭМ-ийн даатгалын сан
2018 оны төсвийн төслийг парламентаар хэлэлцэж байгаатай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй ярилцлаа.
-Ирэх оны төсвийн төслийг өнөөдөр Байнгын хороод хэлэлцлээ. НББСШУ-ны байнгын хорооны хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын санг ЭМЯ-ны харьяанд авах талаар санал хураасан. Харин та эсрэг санал дарлаа. Энэ талаараа тайлбарлахгүй юу?
-Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг дэлхийн стандартын дагуу боловсруулах гэж нэлээд олон жил ажилласан. Тухайн үед АН, МАН-аас оролцсон арваад гишүүнтэй Ажлын хэсэг гаргаж, хуулийн төслийг боловсруулж байсан. Нэлээд хэдэн орноор явж туршлага судалж байлаа. Хамгийн гол нь өнөөгийн гишүүд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн гол концевцийг ойлгоогүй байна. Өнөөдөр Эрүүл мэндийн даатгалын санг ЭМЯ-нд шилжүүлчихвэл бүх зүйл сайхан болох юм шиг өнгөц бодож, асуудалд хандаж байгаад харамсаж байна. Олон улсын жишигт Эрүүл мэндийн даатгалын сангийн гол чиг үүрэг нь даатгуулагчдынхаа эрсдэлийг хамгаалах, тэдэнд үзүүлж байгаа эмчилгээ, үйлчилгээний чанарт хяналт тавих байдаг.
Мөн зардлыг нь хөнгөвчлөх зорилготой. Гэтэл Эрүүл мэндийн даатгалын санг наймааны хэрэгсэл болгох нь тэр эмчилгээ үйлчилгээг нь үзүүлдэг яам нь өөрөө тус сангаа харьяандаа авчихаар хэн үйлчилгээнд нь хяналт тавьж, үйлчилгээ үзүүлэх болж байна. Тухайлбал, үйлдвэрлэгчийн гаргаж буй бүтээгдэхүүнд хэрэглэгч хяналт тавьдаг биз дээ. Гэтэл Эрүүл мэндийн яам, түүний харьяа эмнэлэгт эмчлүүлэгч л хяналт тавина. Эмчлүүлэгч гэдэг нэг ёсондоо даатгуулагч. Тэгэхээр даатгуулагчийн эрсдэлийг хамгаалдаг, эмчилгээ, үйлчилгээний зардлын тодорхой хэсгийг санхүүжүүлэгч нь эрүүл мэндийн даатгалын байгууллага. Тэр тусмаа энэ даатгалын байгууллага аль нэг яамны харьяа бус, бие даасан байгууллага байх ёстой юм.
-Тэгэхээр ЭМЯ-ны дэргэд тус сан очсоноор эрсдэл үүснэ гэж та үзээд байна уу?
-Одоо бүр яам хоорондын наймааны хэрэгсэл шиг болгож байна. НХХЯ-наас салгаад Эрүүл мэндийн яамны харьяанд өгчихөж байна л даа. Ингэснээр хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалдаг байгууллага үгүй болчихож байна. Тэр утгаар нь би эсэргүүцээд байгаа юм.
-Гэхдээ их олон жил Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харьяанд явж ирсэн шүү дээ?
-Нийгмийн хамгаалал гэдэг утгаараа иргэдийн эрсдэл, аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээж байгаа. Даатгал, халамжийн үйлчилгээ үзүүлж, хяналт тавьж байгаа яам нь одоохондоо ХНХЯ байна. Гэтэл тэндээс нь шууд салгаад ЭМЯ-нд өгнө гэдэг хуулийн зорилгынхоо эсрэг яваад байгаа юм.
-Байнгын хороон дээр ЭМЯ- ны харьяанд энэ сан байх ёстой гэж гишүүд дэмжчихлээ. Тэгэхээр Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд өөрчлөлт орох шаардлага үүсэх үү?
-Үүснэ. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн гол үзэл санаа нь алдагдчихаж байгаа юм. Нэг үгээр хэлбэл, хуульд тодорхой зохицуулалт хийж, өөрчилж л таарна. Яг одоо бол хуулийн хэрэгжилтийг хангах боломжгүй болчихоод байна.
Төсвөөс эдийн засгийн реформ, бүтээн байгуулалт харагдахгүй байна
-Энэ санг яагаад ЭМЯ-ны дэргэд байх ёстой гэж Засгийн газар үзсэн юм бол?
-ЭМЯ өөрөө асуудлыг дутуу ойлгоод байна. Улсын хэмжээнд эрүүл мэндийн эмчилгээ, үйлчилгээний бодлогыг зохицуулж байдаг салбар. Тэр яамны харьяанд байгаа эмнэлгүүдийн чанарт хяналт тавих, санхүүжилт олгодог санг мэдэлдээ авчихаар гол хуулийн маань үзэл санаа байхгүй болчихож байна.
-Энэ санг дэргэдээ авах сонирхол нь тус байгууллагад төвлөрдөг мөнгөн хуримтлалтай холбоотой байж болох уу?
-Магадгүй юм. Даатгуулагч зуун хувь хамрагддаг сан бол Эрүүл мэндийн даатгалын сан. Монгол Улсын гурван сая иргэн бүгд хамрагдаж байна. Тэр дундаа төр дааж хариуцдаг хүүхэд, ахмад настан, тусгай албаны алба хаагчид бий л дээ. Гэхдээ даатгалыг хаанаас хариуцаж байгаа нь чухал биш. Харин тэр бүх мөнгө Эрүүл мэндийн даатгалын санд төвлөрдөг. Нэлээд их хэмжээний мөнгө тэнд төвлөрдөг. Гэтэл энэ санг ЭМЯ-ны мэдэлд аваачвал ямар ч хяналтгүй болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, иргэдийн төлсөн даатгалын мөнгөнөөс ЭМЯ эмч нарын цалинг тавих, тоног төхөөрөмж авчихыг үгүйсгэх аргагүй шүү дээ.
-Ер нь Эрүүл мэндийн даатгалын санд жилдээ хэдэн төгрөг төвлөрдөг юм бэ?
-Би сүүлийн үеийнх нь мэдээллийг мэдэхгүй байна. Гэхдээ нийгмийн хамгааллын таван сан дотроо хамгийн ашигтай, үйл ажиллагаа нь тогтмол явдаг, чөлөөт мөнгөн үлдэгдэлтэй байдаг нь Эрүүл мэндийн даатгалын сан. Энд нэг л зүйлийг ойлгохгүй байна. Зах зээлийн ерөнхий зарчмыг ойлгодог, эдийн засаг санхүүгийн наад захын мэдлэгтэй бүх хүн Эрүүл мэндийн даатгалын сан ЭМЯ- наас ангид байх ёстойг мэднэ. Гэтэл ЭМЯ-ны харьяа болчихоор энэ сан даатгуулагчийн эрх ашгийг хамгаалж чадахгүй болж байна.
-Засгийн газраас өргөн барьсан ирэх оны төсөвтэй та танилцсан байх. Чамбай төсөл болж чадсан уу?
-2018 оны төсвийн төслийг би гал унтраах гэсэн ээлжит зүйл гэж харж байгаа. Энэ төслөөс шинэ, өөдөө зүйл харагдахгүй байна. Харин ирэх жилийг яаж гал алдахгүй давах вэ гэж л зорьсон бололтой. Ямар ч эдийн засгийн реформ, бүтээн байгуулалт харагдахгүй байна. Харин ч салбарын яамны дунд шатан дээр байдаг түшмэдийн шахааны баахан зүйл орж ирсэн байх.
-ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа тул төсвийг тэлэх, хөрөнгө оруулалт нэмэгдүүлэх боломж манай Засгийн газарт байхгүй байгаа бололтой…
-Бүх зүйл дээр ОУВС гэж тайлбар тавиад байж болохгүй л дээ. Мэдээж төсвийн сахилга батыг сайжруулах чиглэлээр ОУВС-гийн тавьж буй шаардлага зөв үү гэвэл тийм. Гэхдээ тухайн улс орны нийгэм, эдийн засгийн зорилгыг үгүйсгэхгүй байх. Бид өөрсдөө бие даасан улс мөн юм бол төсвөө яаж хуваарилах вэ гэдэг дээр бие даасан бодлоготой байх ёстой юм. Мэдээж үрэлгэн зардлыг битгий гарга, эрсдэлийг бүү бий болго гэж шаардлага тавьж байгаа. Цалин тэтгэвэр нэмэх болохоор ОУВС болохгүй гэж хэлсэн гээд байдаг. Тэгсэн атлаа 55 тэрбум төгрөгийг нэг удаагийн урамшуулал хэлбэрээр тараах гэж байдаг. Төрийн нэг албан хаагч 300 мянган төгрөг аваад юу хийх юм. Өрөө даръя гэхэд хүрэхгүй. Ихэнх нь юань болоод урагшаа гарах байх.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй