Цахим тоглоомын үйлчилгээ "манцуй" үгүйлж байна

ЗГМ: Сэдэв


Хорьж цагдах биш хөгжүүлэх эрх зүйн орчин шаардлагатай

Хагас сарын өмнө БГД- ийн Засаг дарга С.Одонтуяа дүүргийнхээ цахим тоглоомын төвүүдэд хяналт шалгалт хийж, эрүүл ахуйн шаардлага хангаагүй 17 газрыг хаасан тухайгаа олон нийтийн сүлжээгээр цацав. Үйл ажиллагаа нь сонгогчдод таалагдсан нь доорх сэтгэгдлүүдээс илт. Гэтэл үүний цаана 17 хүний бизнес, олон зуун хүүхдийн чөлөөт цагаа өнгөрүүлдэг орчныг үгүй хийж байгааг олж харах хүн тун цөөн биз. Нийслэлийн хэмжээнд цахим тоглоомын 450-аад газар үйл ажиллагаа явуулдаг тухай Интернет, цахим тоглоомын холбооноос мэдээлэв. Эдгээр газраар өдөрт 150 орчим мянган хүүхэд, залуус үйлчлүүлдэг гэсэн баримт байна. Нэг хүн өдөрт нэг цагийн үйлчилгээг 800 төгрөгөөр авдаг гэж тооцвол даруй 120 сая төгрөг эргэлддэг гэсэн үг.

Хамгийн багаар тооцоход шүү дээ. Том зургаар харвал, ирээдүйд чөлөөт цагаа өнгөрүүлэх орчин, стрессээ тайлах үйлчилгээ авахад ийм хэмжээний хөрөнгө оруулалтыг хүүхэл, залуус хийж байна. Хавтгай дэлхийгээс даллаж буй цахим эринд тэд хэний ч дэмжлэггүй бэлтгэж байгаа нь энэ. Харин томчууд бид ирээдүйг нь манцуйлаад өгөхийн оронд сэтгэцийн өвчтэй болгодог харанхуй нүхнээс холхон бай хэмээн үр хүүхдээ хорьж цагдаж сууна.

ХУУЛИЙН ХҮЛЭЭС

Уг нь Засгийн газар 2013 онд цахим тоглоомын газруудын үйл ажиллагааг зохицуулах журам гаргаж өгсөн юм билээ.

Гэтэл 410 дугаартай уг тогтоолд амьдралд нийцэхгүй олон зүйл заалт тусгасан нь өнөөг хүртэл энэ салбар хөл дээрээ босохгүйн гол шалтгаан болжээ. Энэ талаар 15 жилийн өмнө байгуулагдсан “Game Arena” төвийн ерөнхий инженер С.Бадрал “Байрны хонгил, орон сууцны нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулахгүй хэмээсэн нь тогтоолын ганц ололт. Түүнээс биш амьдралд нийцэхгүй олон заалт байгаа. Тухайлбал, интернет кафе цахим тоглоомын үйл ажиллагаа явуулахгүй, цахим тоглоомын газар нь интернетийн үйлчилгээ эрхэлж болохгүй гэж заасан. Нэг зоосны хоёр талыг салгаж болохгүй шүү дээ” хэмээв.

Харин Интернет, цахим тоглоомын холбооны тэргүүн Б.Алтанбагана “Хүний эрхэнд халдсан заалт. Цахим тоглоомын газар ажиллуулж буй хүн үйлчлүүлэгчээ “Тоглож байхдаа фейсбүүк орж болохгүй гэж хэлэх хэрэг үү” хэмээв. Ерөөсөө цахим тоглоомын үйлчилгээнд хууль эрх зүйн зохицуулалт, мэргэжлийн оролцоо дутагдсанаас өнөөдөр түмний хараалыг барсан салбар болж хувираад байна. Үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг нь онцгой байдал, мэргэжлийн хяналт, цагдаагийн газраас олгосон тодорхойлолтын дагуу Харилцаа холбооны зохицуулах хорооноос хоёр жилийн хугацаатай олгодог. Харин 410 дугаар тогтоолд заасан цагийн хуваарь, насны ангилалтай холбоотой заалтыг хэр зэрэг баримталж ажилладаг нь яг үнэндээ цагдаа, мэргэжлийн хяналтынхны хүчрэхгүй асуудал болоод байгаа аж.

ЭР ӨСӨЖ, ЭСГИЙ СУНАДАГ

Цахим спортын шагналын сан NBA болон гольфын томоохон тэмцээнүүдийнхээс хол тасарсан хэмээн Монголын цахим спортын холбооны нарийн бичгийн дарга С.Бадрал хэлж байна. Тухайлбал, өнгөрсөн жилийн “Дота 2” тэмцээний дэлхийн аваргад ялсан баг 11 сая ам.доллараар шагнуулжээ.

Харин манай цахим спортынхны амжилтын талаар сонсоогүй монгол хүн байхгүй байх. Тэр тусмаа сүүлийн 2-3 жилд. Mongolz нэртэй цахим спортын баг Азийн шилдэг гурван багийн нэг болсон бол саяхан Туркменистанд болсон Азийн танхимын болон тулааны спортын аварга шалгаруулах тэмцээнд манай тамирчид оролцож, мөнгө, хүрэл медаль авчээ. Цахим тоглоомыг мансууруулах бодис, архи гээд муу муухай бүхэнтэй адилтган үздэг улсаас төрж гарсан тэд эх орныхоо нэрийг дэлхийд амжилттай гаргаж явна. Монголчууд дийлдэшгүй, цахим спорт маш өндөр хөгжсөн орон гэх ойлголттой яваа өрсөлдөгчид нь бодит үнэнийг мэдвэл хэрхэн хүлээж авахыг таахад бэрх.

Гэхдээ эр өсөж, эсгий сунаж байна. Ялангуяа, сүүлийн хоёр жилд цахим тоглоомын VIP үйлчилгээтэй төвүүд нээгдэж, цахим спортын “заал” бий болж буй нь сайшаалтай. Даанч Сингапур, Малайз, Япон гээд цахим спорт, тоглоомын газрын үйлчилгээ өндөр хөгжсөн орнуудтай харьцуулахад бидний хөгжил хумсны толион чинээ. С.Бадрал “Одоохондоо Монголд VIP үйлчилгээ нь хүчин чадал сайтай 5-10 компьютер байрлуулсан, сандал нь илүү тухтай тусдаа өрөө төдийгөөр л хүрч байна. Уг нь цахим тоглоомын газар өндөр хөгжсөн Азийн орнуудад хоол цайг нь дөхүүлээд өгдөг, унтаж амрахад зориулсан ортой, ажлаасаа тараад ирсэн хүн гялс шүршүүрт орох боломжтой, тэр ч бүү хэл номын сантай, яг л гэртээ байгаа мэт орчин бүрдүүлсэн байдаг. Үйлчилгээний хөлс нь зочид буудлынхаас хямд.

Манайхан ч гэсэн цаашдаа PC тоглоомын газруудын үйлчилгээг стандартын ижил түвшинд хүргэж, Азийн загварыг барьж хөгжих нь зүйтэй” гэсэн юм. Харин энэ салбарт үйлчилгээ эрхэлдэг зарим төлөөлөл “Өнөөдөр цахим тоглоом тоглож байгаа хүүхэд, залуус таван жилийн дараа илүү тухтай, сайн үйлчилгээний гол хэрэглэгч болно. Тиймээс цахим үйлчилгээг соёлтой, орчныг нь тухтай, дэлхийн жишигт хүргэхийн тулд төр дэмждэггүй юм гэхэд саад болохгүй байх хэрэгтэй” гэв. Бид уг нь эдгээр төвүүдийн стандартыг нь баталж, үйл ажиллагааг нь шинэ түвшинд гаргавал төлөвшиж амжаагүй хүүхдүүд халаасны хэдэн төгрөг төлж, хонгилын газруудаар хоног төөрүүлж, өөрсдөө түүндээ донтож, эцэг эхийнхээ санааг зовоодог сөрөг үзэгдэл алга болох боломжтой.

Цахим тоглоом гэдэг өнөөдөр улс орноо сурталчлах нэг хэрэгсэл болоод байна. Азийн орнуудад зорчигчдод заавал очих арван газрын нэгээр цахим тоглоомын газрыг санал болгодог бол Guardian сонин Токиогийн хамгийн шилдэг тоглоомын төвүүдээр аяллын контентоо бэлтгэх жишээтэй. Компьютер тоглоомын болон кино зах зээл уулзах болсон нь цахим эриний бидэнд олгож буй нэг том боломж. Бид энэ боломжийг хүүхэд багачууддаа түүх, соёлоо танин мэдэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин болгож ашиглах ёстой. Түүнээс биш кино болон хүүхэлдэйн театрыг нь булааж, соёл амралтын хүрээлэнг нь хумсалсан шиг хар түүхээр ирээдүйг нь угтаж хэрхэвч болохгүй.

ЗГМ: ТОДРУУЛГА

Б.Алтанбагана: Мэргэжлийн холбооны оролцоог хангах шаардлагатай

Интернет, цахим тоглоомын холбооны тэргүүн Б.Алтанбаганаас цахим тоглоомын газруудын үйлчилгээг сайжруулахад юу хийх шаардлагатай талаар дараах зүйлсийг тодрууллаа.

-Өнөөдөр цахим тоглоомын газрын үйлчилгээнд ямар зохицуулалт дутагдаж байна вэ?
-Зохицуулах шаардлагатай маш их зүйл байна. Уг нь зохицуулалт аль хэдийнэ хэрэгжээд явж байх учиртай. Гэтэл төрийн зохицуулалтын байж байгаа царайг хар л даа.

-Ямар зохицуулалт байх ёстой юм бэ?
-Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг цагдаа, мэргэжлийн хяналтынхан хянадаг. Гэхдээ тэд зөвхөн цахим тоглоомын газруудтай ажиллаагүй шүү дээ. Энэ салбарт мэргэжлийн бүтэц бий болгож, өдөр тутмын үйл ажиллагааг нь зохицуулахгүй бол төр хорьж, цагдахаас өөрөөр яаж ч чадахгүй байна. Гол мэргэжлийн холбооны оролцоог эрх зүйн орчинд хангах нь чухал. Мөн шинээр гаргах дүрэм, журамдаа цахим тоглоомын үйлчилгээ эрхлэгчдийн санал бодлыг тусгах шаардлагатай байна.

-Гол нь бага насны хүүхдүүд хараа хяналтгүй, олон цагаар тоглож байна гэсэн гомдол их байдаг шүү дээ?
-ЕБС-ийн 500 метр дотор бол ийм тоглоомын газруудыг хориглох нь зөв. Гэтэл үүнийг зохицуулах журам алга, үйлчилгээний стандартаа тусгах ёстой. Мэргэжлийн холбооны оролцоо баталгаажвал бага насны хүүхдэд үйлчилдэг, стандарт зөрчсөн газруудын үйл ажиллагааг нэгдсэн байдлаар цахимаар хянах бүрэн боломжтой. Мэдээллийн технологи бидэнд нэг талаараа асар том давуу тал өгч байна. Нууц гэж байхгүй болж байгаа тул давуу талыг нь ашиглах ёстой. Эцэг, эхчүүд хүүхдэдээ байршил тогтоогч зүүлгээд, тоглодог газартай нь байнгын харилцаатай байж болно шүү дээ. Энэ бол хорьж цагдахаас өөр гарцгүй биш, шийдэж болох асуудал.

-Сэтгэцийн эмгэгтэй болж байгаа хүүхдүүдийг ч хянах боломжтой гэж үү?
-Үнэхээр тийм хүүхдүүдийн мэдээллийг бидэнд өгчихвөл хориотой хүмүүсийн бүртгэлд оруулж хяналт тавиад явж болно.

-Хүүхдэд үйлчлэхдээ биеийн байцаалтыг нь шалгадаг уу?
-Сурагчийн үнэмлэхийг нь л шалгахад хангалттай. Үүнийг дотоод журамдаа тусгахыг бид гишүүдээсээ шаардаад явна. Үнэмлэхээ үзүүлэх журамтай гэхэд хүүхдэд хүлээгээд л авна шүү дээ. Мөн тоглоомын төвүүдэд насны онцлогоос нь хамаарч зэрэглэл тогтоож, орчин бүрдүүлэх маягаар зөв үйлчилгээ, хэрэглээг л төлөвшүүлэх нь чухал.

САНАЛ БОЛГОХ