Монгол хүний амь нас автомашинаас ч хямд
Нийтлэлчийн булан
Ихэнх орон сэтгэл санааны хохирлыг тусад нь тооцож, үнэлдэг тогтолцоонд шилжжээ
Иргэн О-г 2005 оны гуравдугаар сарын 18-наас 2013 оны гуравдугаар сарын 27 хүртэлх найман жил, нэг сар, 12 хоногийн хугацаанд онц хүнд, хүндэвтэр гэмт хэргүүдэд холбогдуулан шалгажээ. Энэ хугацаанд нийт 276 хоног эрх чөлөөг нь хязгаарлан түүнийг цагдан хорьсон байдаг. Гэвч хожим хууль бусаар эрүүгийн хэрэгт шалгагдсан болох нь тогтоогдсон. Улмаар Хүний эрхийн үндэсний комисс иргэн О-г төлөөлөн, хууль бусаар эрүүгийн хэрэгт шалгагдсаны улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг Хэнтий аймгийн сум дундын шүүхэд гаргасан юм. Шүүх Засгийн газрын нөөц сангаас 24 сая төгрөг гаргуулж, иргэн О-д олгохоор шийдвэрлэсэн. Товчхондоо, найман жил гаруйн хугацаанд эрүүгийн хэрэгт хууль бусаар шалгагдсан иргэн О-д учирсан бүхий л төрлийн хохирлыг төр 24 сая төгрөгөөр үнэлсэн нь энэ. Иргэн О-д тохиолдсон явдлаар хязгаарлагдахгүй ийм төрлийн хэрэг Монгол Улсад гарсаар байдаг.
Хүний эрхийн үндэсний комиссоос жил бүр гаргадаг Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын илтгэлд та, бидний амьдралд тохиолдож буй ийм бодит “кейсүүдийг” дурдсан байдаг. Нэг талаар төр өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч, гэмээ цайруулж буй үзэгдэл боловч нөгөө талдаа хүний амь нас, эрүүл мэнд, сэтгэл санааны хохирлыг үнэгүйдүүлж буйн тод жишээ юм. Хэдийгээр ийнхүү хохирлыг нь мөнгөн хэлбэрээр үнэлж, барагдуулж буй мэт боловч анзаарч үзвэл учир дутагдалтай асуудлууд энд бий. Учир нь Монгол Улс сэтгэл санааны хохирлыг амь нас, эрүүл мэнд болон эд хөрөнгөд учирсан хохиролтой хамтад нь тооцож олгодог. Өөрөөр хэлбэл, сэтгэл санааны хохирлыг “дагалдах хэрэгсэл” болгожээ.
Гэтэл дэлхийн ихэнх орон сэтгэл санааны хохирлыг тусад нь тооцож, үнэлдэг тогтолцоонд шилжжээ. Тухайлбал, БНСУ-д сэтгэл санааны хохирлыг тооцох тусгай аргачлалтай. БНСУ-д хохирогчид сэтгэл санааны хохирлын нөхөн төлбөр олгоод зогсохгүй хохирогчийн гэр бүлийн гишүүн бүрт нь тооцож өгдөг байна. Өөрөөр хэлбэл, хохирогчид үүссэн сэтгэл санааны тавгүй байдал гэр бүлийн гишүүдэд нөлөөлдөг хэмээн үзжээ. Гэтэл өнөөдрийн байдлаар манай улсад нийгмээс ирэх сэтгэл зүйн дайралт, дарамтыг хэрхэн тэсвэрлэж, нэр алдар, бие эрхтэнд учирсан хохирлоо яаж барагдуулах нь тодорхойгүй байна. Гэмт хэрэг хийсэн этгээд хуулиараа ял авах нь ойлгомжтой ч хохирогчийн амссан сэтгэл санааны хохирлыг барагдуулах нь бүү хэл, үнэлэх эрх зүйн зохицуулалт манай улсад байхгүй гэхэд болно.
Товчхондоо, энэ хохирлын хэмжээг хэрхэн, яаж тооцож, барагдуулах талаар эрх зүйн зохицуулалт дутмагаас иргэд хохирлоо бодитой, бүрэн дүүрэн төлүүлэх эрхээ эдэлж чадахгүй үлдэж байна. Хэдийгээр Эрүүгийн болон Иргэний хуульд сэтгэл санааны хохирлыг барагдуулахаар холбогдох зүйл, заалтыг тусгасан байдаг ч хэрэгжсэн тохиолдол хараахан бүртгэгдээгүй гэдгийг албаны хүн хэлэв. Ихэвчлэн амь нас, эрүүл мэнд зэрэг нотолж болох хохирлын сүүдэр дор сэтгэл санааны хохирлыг тооцдог байна.
• Эрүүгийн хэргийн хувьд бодит хохирлыг шүүх шийдвэрлэж байгаа ч эдийн бус хохирлын хэмжээг хэрхэн тооцох нь тодорхойгүй.
• Эрх зүй өндөр хөгжсөн зарим улс оронд гэм буруутай этгээдээс сэтгэл санааны хохирлыг нэхэмжилж барагдуулдаг тогтолцоо байдаг.
• БНСУ-д хохирогчид сэтгэл санааны хохирлын нөхөн төлбөр олгоод зогсохгүй хохирогчийн гэр бүлийн гишүүн бүрт нь тооцож өгдөг.
Өөрөөр хэлбэл, учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэхдээ зөвхөн нотлох баримтад тулгуурлаж байгаа тул эмчилгээ, оршуулга, тээврийн зардлын баримт зэргийг харгалзан хохирлыг тогтоож байна. Эрүүгийн хэргийн хохирогчийн хувьд бодит хохирлыг шүүх хангаж шийдвэрлэж байгаа ч эдийн бус хохирлын хэмжээг хэрхэн тооцох нь тодорхойгүй. Уг нь өнгөрсөн долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуульд сэтгэл санааны хохирлыг барагдуулах заалт шигтгэсэн.
Зөвхөн хуульд холбогдох заалтыг тусгаснаар сэтгэл санааны хохирлыг тооцох, барагдуулах эрх зүйн орчин бүрдсэн гэвэл өрөөсгөл ойлголт. Хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах үүрэгтэй Хууль зүй, дотоод хэргийн яам холбогдох дүрэм, журам боловсруулах шаардлагатай байгаа аж. Өөрөөр хэлбэл, Хууль зүй, дотоод хэрэг болон Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар сэтгэл санааны хохирлыг тооцох аргачлалыг журамлах ёстойг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар онцлов. Тэрбээр “Өмнөх Эрүүгийн хуульд зөвхөн гэмтлийн зэргээр нь хохирлын хэмжээг тогтоодог байсан. Харин сэтгэл санааны болон бусад хохирлыг иргэний нэхэмжлэлээр хангуулдаг тогтолцоотой байсан. Өнгөрсөн долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуульд сэтгэл санааны хохирлыг тооцож олгохоор тусгасан. Гэхдээ сэтгэл санааны хохирлыг тооцдог практик туршлага Монгол Улсад байхгүй” гэсэн юм. Хууль хэрэгжээд даруй тав дахь сартайгаа золгож буй ч журмын төсөл боловсруулах талаар холбогдох яамныхан ямар ч мэдээлэлгүй байна.
Угтаа бол эрх зүй өндөр хөгжсөн зарим улс оронд гэм буруутай этгээдээс сэтгэл санааны хохирлыг нэхэмжилж барагдуулах, гэм буруутай этгээд тогтоогдоогүй бол эд хөрөнгө бие эрхтэнд учирсан хохирлоос гадна сэтгэл санаанд учирсан хохирлыг төрөөс нөхөн төлж барагдуулдаг тогтолцоо байдаг. Тухайлбал, Их Британи улс бага зэргийн сэтгэл санааны хохирлыг 1290- 4900 фунт стерлингээр үнэлдэг байна. Харин дунд зэргийнх бол 4.9-45 мянга, хүнд зэргийн сэтгэл санааны хохирол учирсан хэмээн үзвэл 45-96 мянга хүртэлх фунт стерлингээр үнэлж, тооцдог аж. Эдгээрийг төгрөгт хөрвүүлэн тооцож үзвэл сэтгэл санааны хохирлыг 4-300 сая хүртэлх төгрөгөөр үнэлдэг байна. Хойд хөршийн Иргэний хуульд “Сэтгэл санааны хохирол гэдэг нь иргэний хувийн эдийн бус эрх, эсхүл түүнд хамааралтай эдийн бус баялгийг зөрчсөн үйлдлийн улмаас учирсан болон бусад хуульд заасан тохиолдолд биеийн болон сэтгэл санааны зовлон шаналал байна” хэмээн томъёолжээ.
Сэтгэл санааны хохирол нь амь нас болон эд хөрөнгийн хохирлоос үүдэлтэй алдагдсан боломж
Ингэхдээ сэтгэл санааны хохирлыг мөнгөн хэлбэрээр төлөх ба хохирогчид учирсан биеийн болон сэтгэл санааны зовлон шаналлын шинж чанар, хохирол учруулсан нөхцөл байдал зэргийг харгалзан нөхөн төлбөрийн хэмжээг шүүх тогтоож байхаар хуульчилсан байна. Харин урд хөршийн хувьд эдийн бус гэм хорыг тооцох аргачлалгүй ч тухайн хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүхээс тогтоодог аж. Германы хувьд сэтгэл санааны гэм хорыг арилгахад тусгай аргачлал боловсруулсан бөгөөд үүнийг шүүх шийдвэр гаргахдаа мөрдлөг болгодог байна. Хохирлын хэмжээг тодорхойлохдоо хариуцагчийн гэм буруу, хохирогчид бий болсон сөрөг үр дагавар, хариуцагчийн эд хөрөнгийн байдал зэргийг харгалзан үздэг. Өмнөд Солонгосын хувьд сэтгэл санааны хохирлын суурь төлбөрийг 80 сая вонноор үнэлдэг аж. Хүний эрхийн хуульч М.Ичинноров нэгэн илтгэлдээ “Хүний алтан амийг мөнгөөр үнэлэх боломжгүй ч мөнгөн дүнгээр илэрхийлдэг систем байдаг. Хүний амь насны эдийн засгийн үнийг тооцохдоо дундаж наслалтаас насыг нь хасаж, дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хүнд ногдох тоогоор үржүүлж гаргадаг жишиг бий.
Үүгээр бодоход монгол хүний эдийн засгийн үнэ цэнэ 150- 300 сая орчим төгрөг болохоор байна. Гадаадын зарим оронд 50, 125 мянган ам.доллараас эхлээд долоон сая ам.доллараар тооцож байна” хэмээн дурджээ. Гэхдээ Монголын хохирол үнэлэгчдийн холбооноос сэтгэл санааны хохирлын хэмжээг тооцох аргачлалыг 2016 онд боловсруулжээ. Төсөл хэлбэрээр байгаа тул хэрэгжүүлэх боломжгүй гэдгийг тус холбооны гүйцэтгэх захирал М.Бизаагундаа онцлов. Тэрбээр “Монгол хүн тээврийн хэрэгслээсээ хямд үнэтэй. Хүний амь нас, эрүүл мэнд болон сэтгэл санаанд учирсан хохирлыг барагдуулахаар хуулийн байгууллагад ханддаг боловч практик туршлага байхгүй гэсэн үндэслэлээр буцаадаг” гэлээ. Дэлхийн хөгжингүй болоод хөгжиж буй бусад орны жишгээр хэрэв Монгол Улсад сэтгэл санааны хохирлыг мөнгөн хэлбэрээр илэрхийлж, хуульчилбал гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ үйлдэгдсэн нөхцөлд хохирогчийн эдийн засгийн баталгааг хангах давхар ач холбогдолтой юм. Сэтгэл санааны хохирол гэдэг нь амь нас, эрүүл мэнд болон эд хөрөнгийн хохирлоос үүдэлтэй алдагдсан боломж юм. Тиймээс алдагдсан боломжийг алдахгүйн тулд холбогдох төрийн байгууллагууд анхааралдаа авах нь зүйн хэрэг биз ээ.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй