Мэндчилгээ

Байр суурь

Монголын өдөр тутмын сонинуудын холбоо Дэлхийн сонинуудын холбоонд албан ёсны, бүрэн эрхт гишүүнээр элссэн нь Монголд тогтмол хэвлэл үүсэн хөгжсөн 100 гаруй жилийн түүхэнд, Монголын сэтгүүл зүйн салбарт тохиолдож буй тэмдэглэлт, томоохон үйл явдал юм. Тиймээс Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа Монголынхоо нийт сэтгүүлчдэд, Монголын өдөр тутмын сонинуудын холбоонд чин сэтгэлийн халуун баяр хүргэе.  

Далан жилийн түүхэн замналтай, таван тивийн 120 гаруй орны 18 000 гаруй хэвлэлийн байгууллага эгнээнд нь багтдаг олон улсын хэмжээний мэргэжлийн том байгууллагын гишүүнээр Монголын өдөр тутмын сонинуудын холбоо элсэн орсноор Монголын сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн байгууллага, монгол сэтгүүлчдэд дэлхий рүү дэвшин гарах нэгэн том гарц нээгдэж байна гэж хэлж болно.

1913 онд Нийслэл хүрээнд “Шинэ толь” хэмээх сонин бичиг хэвлэгдэн гарсныг Монголын тогтмол хэвлэлийн түүхийн эхлэл гэж үздэг. Ийнхүү монголчууд сонинтой болсон нь, улмаар хэвлэл мэдээлэл хөгжин төлөвшсөн нь манай ард түмний хувьд мэдлэг соёл хүртэх, хүмүүжин боловсрох, дэлхий ертөнцтэй танилцах, шинэ ирээдүй, хөгжил дэвшилд тэмүүлэх сайхан боломжийг олгосон билээ.

Монгол Улсын түүхийн сүүлийн 100 гаруй жилийн хөгжил дэвшил, бүтээн байгуулалт, ардчилсан шинэтгэлийн ололт амжилт бүхэн сонины хуудсанд хадгалагдан үлдсэн. Тиймээс сонин бол Монголыг харах толь юм.

Дэлхийн сонинуудын холбоонд Монгол Улсын Өдөр тутмын сонинуудын холбоо гишүүнээр элссэн үйл явдал нь Монгол орон дэлхий ертөнцтэй хөл нийлэн алхаж байгаагийн нэгэн илрэл, Монголын хэвлэл мэдээлэл дэлхийн жишиг, стандартаар хөгжих, тэдэнтэй дуу хоолойгоо нэгтгэх, хэвлэл мэдээллийн байгууллагуудын хараат бус байдлыг бэхжүүлэх, хэвлэлийн бизнесийн үр ашгийг дээшлүүлэх, дэлхийн хэвлэлийн шинэ чиг хандлага, шилдэг технологиос Монголын сонин хэвлэлийн салбарынхан суралцах сайхан боломж олгоно гэдэгт найдаж байна.

Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурал Дэлхийн сонины холбооны бүрэн эрхт гишүүн Монголын Өдөр тутмын сонины холбоотой эрх зүйт төрийг төлөвшүүлэх, хууль ёсыг дээдлэх, хэрэгжүүлэх, сурталчлах, мэдээлэх зэрэг олон чиглэлээр цаашид тууштай хамтран ажиллах болно. Төр-ард түмнийг холбох гүүр болсон Монголын Өдөр тутмын сонинуудын холбооны гишүүн байгууллага, тэдгээрт ажиллаж буй сэтгүүлчдэдээ сайн сайхны ерөөл өргөж, үг нь үнэн, үзэг нь хурц байхыг хүсэн ерөөе.



МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД

2017 оны 11 дүгээр сарын 09
Улаанбаатар хот


САНАЛ БОЛГОХ