Ганцмодны боомтоор Монгол Улсаас БНХАУ-д 14.83 сая тонн нүүрс нийлүүлээд байна

Мэдээ

Энэ оны эхний арван сард Ганцмодны боомтоор Монголоос БНХАУ руу 14.83 сая тонн нүүрс тээвэрлэн оруулсан талаар ӨМӨЗО-ы Гаалийн газраас мэдээллээ. Мөнгөн дүнгээр тооцвол энэ нь 1.25 тэрбум ам.доллар болсон байна. Гашуунсухайт-Ганцмодны боомтын нүүрсний тээврийн 88 хувь нь өндөр чанартай коксжих нүүрс бөгөөд дийлэнхийг нь БНХАУ-ын хойд хэсгийн гангийн үйлдвэрүүдэд нийлүүлж байгаа аж. БНХАУ аравдугаар сард 21.2 сая тонн нүүрс импортолсон нь өмнөх сараас 24 хувиар бага дүн болсон байна. Тус улс өдөрт дунджаар 686.4 мянган тонн нүүрс импортолж байжээ. "БНХАУ-ын дотоод зах зээлд үнэ буурснаас гадна агуулахуудын нөөц их, эрэлт бага байгаа зэргээс болж ийнхүү импортын хэмжээ буурсан" гэж “Jefferies Group”-ийн шинжээчид дүгнэсэн байна.

Эрчим хүч үйлдвэрлэгч 504 компанийн агуулах дахь нөөц хоёр долоо хоногийн дээд түвшин буюу 77 сая тоннд хүрээд байгаа юм. Чинхуандао боомтын агуулах дахь нөөц 11 дүгээр сарын эхний долоо хоногт долоон сая тонн болж харьцангуй өндөр түвшинд тогтсон байна. Энэ нь БНХАУ-ын дотоод зах зээлд нүүрсний гол тээврийг хийдэг “Дачин төмөр зам” компани жил тутмын засварын ажлаа хийж байгаагаас тээвэрлэлт саатсантай холбоотой гэж “sccoal.com” мэдээлжээ.

Даваа гарагийн байдлаар Чинхуандао боомтод тонн нүүрсний ханш есдүгээр сарын 11-нээс хойших хамгийн бага дүн буюу 615 юань болсон байна. БНХАУ-ын Засгийн газар нүүрсний ханшийг тонн тутамд нь 500-570 юанийн хооронд барихаар зорьж байгаа талаар тус улсын Үндэсний хөгжил шинэчлэлийн хороо мэдэгдлээ. Нийлүүлэлтээ хязгаарлах зорилгоор БНХАУ-ын Засгийн газар долоодугаар сараас эхлэн зарим жижиг боомтуудаар нүүрс нэвтрүүлэхийг хориглоод байгаа юм.




САНАЛ БОЛГОХ