С.Дэмбэрэл: Төсвийн орлогын төрлийг нэмэгдүүлэх ёстой

Байр суурь


Малчдаас нэг хувийн хөрөнгийн албан татвар авах нь зөв

Хуулиараа энэ сарын 15-ны дотор баталсан байх ёстой ирэх оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг УИХ хийж байна. Хэрэв хуулийн хугацаанд 2018 оны төсвийг батлахгүй бол парламент бүрэн бүрэлдэхүүнээрээ тарахаар хуульчилсан. Магадгүй хугацаандаа амжаад төсвөө баталсан ч дутуу дулимаг төсөв гарах эрсдэлтэй юм. Ингэснээр жилдээ нэгээс хоёр удаа тодотгодог хуульчлагдаагүй тогтолцоо энэ удаад ч хадгалагдах магадлалтай. Энэ талаар УИХ-ын гишүүн асан С.Дэмбэрэлтэй ярилцлаа.

-УИХ ирэх оны төсвөө хуулийн хугацаанд амжиж баталж чадах болов уу?
-Хуулийн хугацаанд амжуулаад баталдаг шүү дээ. Хэлэлцүүлгийг яаралтай хийж, энэ сарын 15-ны дотор ирэх оны төсвөө баталж таарна. Харин дөрвөн удаагийн хэлэлцүүлгийн үр дүнд ямар чанар гарав гэдэг л чухал.

-Ирэх оны төсвийн төсөл хэр чамбай болсон бэ. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өмнөх Засгийн газрын боловсруулсан төсөлд шинэчлэл хийх хугацаа байсангүй гэх тайлбарыг өгч байна?
-2018 оны төсвийн төсөлд анализ хийж үзсэн. Нэгдүгээрт, төсвийн орлогын төрлийг нэмэгдүүлэх асуудалд сайн ажиллаж чадаагүй байна. Орлогын төлөвлөлт дээр анхаарах ёстой байсан. ААНОАТ төлдөг 90 мянга орчим аж ахуйн нэгжийн ихэнх нь Х тайлан гаргадаг. Эсвэл алдагдалтай ажилласан хэмээн тайлагнадаг. Монголын бизнесийн болон татварын орчинд реформын шинжтэй өөрчлөлт хийгдээгүй, төрөөс үр дүнтэй бодлого, арга хэмжээ хэрэгжүүлж чадаагүйн тод илэрхийлэл. Хамгийн гол нь 2018-2020 оны хугацаанд дөрөв, 6.6, 4.6 хувь өснө гэж төсөөлж буй ДНБ-ий өсөлтийг татвар төлөгчдийн ийм архагшиж тогтсон бүтэцтэйгээр хангах хэрэг үү.

Учир нь энэ бүтцийг дараагийн гурван жилд ийм тийм бодлогоор ингэж тэгж өөрчилнө, үүний үр дүнд төсвийн орлогын бүтэц, хэмжээ ингэж өөрчлөгдөнө гэсэн утгатай нэг ч С.Дэмбэрэл: Төсвийн орлогын төрлийг нэмэгдүүлэх ёстой өгүүлбэр төсвийн төсөлд алга. Ийм хандлага, байдалтай байхад зэс, нүүрсний үнийн өсөлтөөр голдуу төсөөллөө хийгээд татвар төлөгчид, аж ахуйн нэгжүүдийн болон өрхүүдийн эдийн засгийн өсөлтөд хүртээмжтэй, тогтвортой эдийн засгийн өсөлт хангагдаж чадахгүй. НӨАТ-ын орлогын хувьд харьцангуй гайгүй дүр зураг харагдаж буй. Гэвч НӨАТ-ын урамшууллын асуудлыг иргэдийн азтай эсэхтэй холбож буй хөшүүрэг сүүлийн үед эдийн засгийн утгаа алдлаа. Хамгийн их азтай иргэн хэн бэ гэхээсээ илүү энэ урамшууллын хөшүүргийн татвар төлөгчдийн суурийг өргөжүүлэх сэдэл санааг нь голлох ёстой.

-Төсвийн орлогын төрлийг нэмэгдүүлэх ямар боломж байгаа вэ?
-Малчдаас нэг хувийн хөрөнгийн албан татвар авах ёстой. Ингэснээр улсын төсөвт 135 тэрбум төгрөг төвлөрөх тооцоо бий. Энэхүү татварын орлогыг малчин, малтай өрхүүдэд, тэдний авч буй зээлийн хүүг бууруулах, 2014 оны сүүлчээс эхлэн одоо болтол үргэлжилсээр байгаа мал, малын түүхий эдийн зах зээлийн үнийн уналтаас хамгаалахад зарцуулж болно. Өөрөөр хэлбэл, зорилтот шинжтэй татвар болгож тусгай сан үүсгэвэл мал аж ахуйн секторын хөгжилд бодитой хувь нэмэр, өөрчлөлт болно. Энэ хуримтлагдсан мөнгөн дээр төрөөс төсөвт суулгаж жил бүр зарцуулдаг ноосны урамшуулалын 20-24 тэрбум төгрөг, бусад холбогдолтой татаас, эх үүсвэрийг нэмж нэг удаагийн санхүүжилтээр төр 135 тэрбумын хөрөнгө оруулалт хийснээр нийт 270 тэрбум төгрөгийн сан үүснэ. Энэ хэмжээгээр мал аж ахуйн секторт үр ашигтай хөрөнгө оруулалт болж очино. Малтай болон малчин өрхүүдийн амьжиргааны эерэг өөрчлөлт, малын зах зээлд сэргэлт гарна.

-Засгийн газар төсвийн зарлагыг хангалттай танаж чадсан уу?
-Төсвийн зарлагын хувьд томоохон шинэчлэл хэрэгтэй. Сангийн Сангийн шинэ сайд үүнийг мөдхөн хэрэгжүүлэх биз. 192 мянган төрийн албан хаагчид тус бүр 300 мянган төгрөгөөр бодож, 55 тэрбум төгрөгийн нэг удаагийн тэтгэлэг байдлаар тараана гэсэн Засгийн газар, ОУВС-ийн шийдвэр гайхал төрүүлж байна.

Төрийн үйлчилгээний албаны олонх, төрийн жинхэнэ албаны цөөнхөд энэ бэлэн мөнгө нэг удаа мэдэгдэх нь ойлгомжтой. Гэвч зугуухан нэмэгдэж буй инфляц, түүний дотор эрэлтийн инфляцид яаж нөлөөлөх талаар Монголбанкныхаа санал бодлыг сонссон юм болов уу. Ямар ч байсан, 2018 оны төсөвт хөрөнгө оруулалт нь эдийн засагт шууд өгөөжөө өгөх төсөл, хөтөлбөрүүдийг эрэмблэх зайлшгүй шаардлагатай. Урсгал зардлын хувьд гүйцэтгэлээр нь “шахах” ажлыг Сангийн яам тууштай хийх, нэгдсэн төсөв ба орон нутгийн төсвийн харьцааг оновчтой болгох, төсвийн тогтвортой байдал, сахилга бат гэдгийг зөвхөн нэгдсэн төсөв дээр бус орон нутгийн төсөвт бас зайлшгүй шаардлага, шалгуурууд бий болгох ёстой. Ингэж байж л төсвийн сахилга бат, тогтвортой байдал хэвтээ төдийгүй босоо чиглэлээр хэрэгжих бодит боломжтой болно. Өнөөдрийн байдлаар төсвийн сахилга батыг зөвхөн Сангийн яам хариуцаж байна. Төсвийн ерөнхийлөн захирагч нар үүнд анхаарал хандуулахгүй байна шүү дээ. Угтаа бол төсвийн сахилга бат, улсын өрийн хэмжээнд төсвийн ерөнхийлөн захирагч нар анхаарах ёстой.


Тодотгол хийх нөхцөл, шаардлагыг нь хуульчилъя
-Ирэх оны төсвийг чамбайруулах боломж байгаа юу. Сангийн яам тодотгол хийх замаар төсвөө сайжруулах боломжтой хэмээн үзэж байх шиг байна?
-Хууль эрх зүйн орчноо байнга өөрчлөөд байх нь буруу. Чилийн туршлагаас судлаад 2009 онд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг баталсан. Гэхдээ Чилийн туршлагаас нэг ололттой зүйлийг орхигдуулсан. Тэр нь төсвийн тогтвортой байдлыг алдагдуулахгүй байх механизм юм. Өнөөдрийн байдлаар УИХ-ын Төсвийн байнгын хорооны дэргэд төсвийн шинжээчдийн багийг бүрдүүлэхээр ярьж байна. Энэ бол Чилийн туршлага. Манай улс одоо л ярьж эхэллээ. Төсвийг хэзээ, ямар тохиолдолд тодотгох талаар эрх зүйн орчин хангалтгүй байна. Тиймээс л жилд дуртай үедээ 2-3 удаа тодотгол хийж байна.

Төсвийг жилд нэг удаа тодотгож болно. Тодотгол хийх нөхцөл, шаардлагыг нь хуульчлах ёстой. Төсвийн алдагдлаа 3-4 нэгжээр бууруулж 5-6 хувь болгох, өрийн тогтвортой байдлын үзүүлэлтүүд, ДНБ-ий тооцоогоо дахин нарийвчлан тооцох, 2018 оны төсвийн хөрөнгө оруулалтаа дэд бүтэц, зам гэхээсээ илүү өрхүүдийн бодит орлогыг нэмэгдүүлэхэд зарцуулах ёстой юм. Мөн мал, малын түүхийн эдийн зах зээлийг дэмжих, бизнес эрхлэгчдийнхээ санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, 29.6 хувь болчихсон ядуурлаа бууруулах чиглэлд анхаарах нь чухал. Хэрэв ирэх оны төсвөө ийм байдлаар баталж чадвал ОУВС-ийн тусламжтайгаар өрийн дарамтаа багасгаж, удирдлагаа сайжруулж, мөнгөний бодлого илүү уян хатан, зохицсон төлөвтэй байлгах боломж бүрдэнэ.


САНАЛ БОЛГОХ