Газраар нисдэг ганган шувуу

Авто зах зээл


Автомашиныг жаахан болхидуу тайлбарлавал “дөрвөн дугуйтай, дотор нь хүн суудаг, мотор нь түлшээр ажилладаг, өөрөө явагч техник хэрэгсэл” гэж тодорхойлж болно л доо. Гэвч энэхүү товч, зарим талаараа бүдүүлэгдүү тодорхойлолтод алдарт Bugatti аргагүй нэг ахадна гэдэгтэй усан нүдтэй, цусан зүрхтэй, унаа машинд хорхойтой хэн ч санал нэгдэнэ. Товчхондоо Bugatti-ийн инженерүүд хүн төрөлхтний мөрөөдөл болсон Bugatti-ийг угсрах биш бүтээнэ гэж ярьдаг юм. Үнэхээр ч гар нь алт, сэтгэл нь сувд болсон тэд үүнийгээ дүрслэх урлагийн бүтээл мэт үзэж, тэр хэмжээгээр өөрсдийгөө ч уран бүтээлчид гэж санадаг. Тодруулбал, энэ машины эд анги, сэлбэгийг яг л сансрын “Шатлл” хөлөг бүтээх гэж буй мэт Европын шилдэг үйлдвэрүүдээр тусгайлан захиалж хийлгэдэг юм.

Хүн өндрөөс унахад гурван секундийн дотор 52 км цаг хүртэл хурдалдаг бол үүнээс хоёр дахин хурд мэдрүүлэх “галзуурал” бол Bugatti. Элдэв тойруу өгүүлбэрээс татгалзаж, шууд л хэлчихье. Bugatti бол дэлхийн тэрбумтнуудын “нисдэг таваг”, “тийрэлтэт пуужин”, “сөнөөгч онгоц” юм. Соёлт хүн төрөлхтөн хэдхэн хормын дотор 410 км цагийн хурд авдаг Bugatti шиг автомашин тун цөөхнийг бүтээгээд байгаа билээ. Тийм ээ, Bugatti бол бурхан чөтгөр хоёр гэдэг шиг, айдас, гайхамшиг хоёр хосолсон төмөр “араатан”, бас гоо сайхан. Үхэхээс бусдыг үзэж, үхэр цам харайхыг харсан Bugatti- ийн туршилтын нисгэгчид хүртэл хурдны заалтын зүүг 410 км/ц хүргэж чадалгүй, тоормосолж байсан удаатай.

Тиймээс Bugatti унадаг хүнийг жолооч биш, нисгэгч гэж нэрлэх нь бий. Монгол мөнгөөр 4,5 тэрбум төгрөгт хүрэх Bugatti-ийн жолооч нар түүний эвдрэл гэмтэлд санаа зовох огт хэрэггүй. Учир нь Bugatti-ийн бүхий л эд анги, тэдэнд тулгамдаж мэдэх асуудлыг толгой компани нь агаарын хиймэл дагуулын тусламжтайгаар өдөр, цаг, хором бүр хянаж байдаг. Хэрэв машинд ямар нэг саатал гарахаар байвал үйлдвэрлэгч нь хэрэглэгч рүү утсаар сануулж, мэдэгддэг. Эвдэрч гэмтвэл дэлхийн аль ч өнцөгт очиж засаж өгдөг. Гайхмаар биш гэж үү?

САНАЛ БОЛГОХ