Улаанбаатарчуудад тавагласан Улаанчулуутын хог

Сурвалжилга


Хогоор хооллодог үхрийн махыг хүнсний захуудад нийлүүлж байна

..Улаанбаатарын алдартай хогийн цэг Улаанчулуут гэж бий. Энэ хогийн цэгтэй хаяа залган суурьшсан айлуудыг харах бүрий гайхшаа барах шиг болдог юм. Жилийн дөрвөн улирлын турш буудал үл сэлгэн тэрүүхэндээ нэвсийж байдаг бичил гэхэд багадахаар багийг зориод очлоо. Ойр хавиар дүүрэн хогон дунд бэлчих үхэр сүрэг. Бодвол тэрхүү сүргийн эзэн байж болох нэг айлд эргэлзэх зүйлгүй хаалгыг нь тогшоод хашаанд нь орлоо. Хов хоосон малын саравчнаас гадна өрхийг нь татсан нэг гэр байгаа харагдана. Гэрийн зүг дөтөлж явахдаа зүүн талын хэсэгт малын гэдэс дотрыг увуулж цувуулан гаргаж тавьсан байхыг харлаа.

Өвлийн хүйтэн агаарт халуун уур савсаж буйгаас анзаарахад төхөөрөөд удаагүй байгаа бололтой. Цав цагаан цасан дээр энд тэндгүй улаан толбо болсон агаад гэдэс дотрын хажууханд овоолсон ялгадас гэмээр ногоон өнгөтэй зүйл анхаарал татав. Сонирхон дөхөж очоод сайтар харвал гялгар уут, даавуу, цаас, үс ноос гээд элдэв янзын хогтой холилдож, зунгааралдсан, найгүй өмхий үнэр танартай зүйл байх нь төхөөрсөн малаас гарсан эд бололтой. Мөн дэргэд нь шулсан яс арзайж, сэрзийж харагдана. Өөрийн эрхгүй огиудас хүрч, сэжиг төрөв. Монголчуудын хүнсний аюулгүй байдал бидний бодож байдгаас хавьгүй ноцтой түвшинд хүрсэн гэдгийг баримтаар нотлон сурвалжлахаар зорьж яваа хойно өрхийг нь татсан гэрийн зүг очиж хаалгыг нь тогшлоо. Хүн байх шинжгүй учир шуудхан л хаалгыг нь татаж орхилоо. Юун дээр яваад орчих минь энэ вэ?

Гэрийн дотор үхрийн таслаад авсан хоёр толгой, туурайнууд газраар хөглөрөн байхыг хараад зогтусав. Хойморын модон орон дээр бас баруун талын ширээн дээр гээд эмх замбараагүйгээр мах тавьсан байсныг та зураг дээрээс харж байна. Гэрээс түүхий мах, цусны тийм гэж хэлэхэд хэцүү, тун таагүй үнэр нэлхийн хаа сайгүй малын цусаар будагджээ. Нүд халтирам дүр зураг. Монгол хүний хувьд өвлийн үүц бэлтгэхийг олонтаа харж байсан ч, энэ арай л биш ээ. Хүн өөртөө зориулж бэлтгэсэн хүнс хоол гэхээсээ ямар нэгэн араатан амьтны харгисаар гөрөөлсөн сэг зэм гэмээр орчин тойрных нь бохир заваан байдал хэрээс хэтэрсэн байсныг дүрслэхийн ч эцэсгүй. Арай ч дээ! Улаанчулуутын хогийн цэг дээр бэлчдэг үхэр сүргийг нядлан махыг нь нийслэлчүүдэд нийлүүлдэг гэсэн дам сураг үнэн болж таарах нь ээ! Сурвалжлагаа анх хогийн цэгээс эхлүүлсэн юм.

Хогийн цэгийг түшиглэн суурьшсан таван айлын 200 орчим үхэр бэлчдэг
Энэхүү хогийн цэг хотын төвөөс ердөө 15-хан км-ийн зайтай байдаг. Хотын удирдлагуудын толгойноос тэнэг шийдвэр бишгүй гардагч, очиж очиж хогийн цэгийг салхин талд байгуулах ийм маанаг шийдвэр гаргасан гэдэг нь гайхмаар байгаа биз. Нийслэлийн салхин талд байрлах энэ газрыг Их Нарангийн энгэр дэх оршуулга, эвгүй үнэр, үргэлжид шаван эргэлдэн нисэх үй олон элээ хэрээгээр баримжаалан төвөггүй олчихно. Эндхийн иргэд телевизийн камер, зургийн аппарат, сэтгүүлч харахаараа ундуйцаж, ойрхон очвол камер эвдэнэ гэж сүрдүүлнэ. Гэсэн ч хог түүдэг иргэд биш, харин хогоор хооллодог үхэр сүрэг сурвалжилгын минь гол цөм гэдгээ ойлгуулсны дараа тэд бидэнд нэг их төвөг удсангүй. Хогон дунд эм нь мэдэгдэхгүй, уранхай ноорхой хувцастай 100 гаруй хүн өөрт хэрэгтэй гэсэн бүхнээ хайж дор бүрнээ зав чөлөөгүй тонголзоно. Цоорхой гутлынх нь завсраар сийгэх өвлийн жаврыг ч тоож байгаа юм алга. Хогийн машин ирэх тоолонд яг л баасан дээр цуглах батгана шиг бужигнаж очоод тэр их хогийг тун ч сурамгайгаар “зохицуулж” орхих аж.

Тэдэнтэй зэрэгцэн үхэр сүргийн бүхэл бүтэн суурь тэнд бий болжээ. Биднийг очих үед харин ч тоо нь цөөрчихсөн, ойролцоогоор 200 орчим үхэр байгааг тэндхийн ТҮК-ийн ажилтан хэлэв. Зуны улиралд 300-400, өвөл 150-200 орчим үхэр бэлчдэг хэмээн тэрбээр нэмж ярилаа. Гялгар уут, картон цаас, даавуу, нохойны сэг зэм, яс, хүнсний ногооны хальс гээд идэхгүй зүйл гэж тэдэнд үгүй. Гол төлөв хязаалан, шүдлэн насны үхэрнүүд байх юм. Гялгар уутыг яг л бохь шиг зажлаад идэж буй малыг анх удаа өөрийн нүдээр харлаа. Монголчууд “нүд үнэн, чих худал” гэж хэлдэг. Хэрэв хэн нэгэн энэ тухай ярьвал би лав хувьдаа итгэхгүй байх байсан. Гэсэн ч бодит байдлыг өөрийн биеэр очиж харсан хүний хувьд хэлэх ч үг алга. Тэрхүү байдлыг дэмий халаглахаас өөр ямар нэг байдлаар хэрхэн илэрхийлэхээ ч мэдэхгүй сууна. Нүдэн баримжаагаар харвал Улаанчулуутын хогийн цэг 20 орчим га газрыг хамрах бололтой. Сүүлийн 30 орчим жил хог хаягдлаар амь амьдралаа зогоож буй 5000 гаруй хүмүүс бий болсон гэх албан бус тоон мэдээ байдаг.

Тэдний хог дагасан амьдрал тусдаа нэгэн ертөнц болжээ. Энэ харанхуй ертөнцөд бидний мэдэхгүй олон аймшигтай зүйл болдгийн нэг нь хогоор хооллодог үхэрнүүдийн мах, сүүг нийслэлчүүдийн хүнсэнд бэлтгэдэг үү гэсэн маш ноцтой асуудлыг бид энэ удаад гаргаж тавьж байна. Улаанчулуут гэх энэ газарт 1975 оноос нийслэлчүүд хогоо хаяж эхэлсэн бөгөөд тэр цагаас хойш 40 гаруй жилийн хугацаанд хог нь улам дагтаршиж овоорсоор, 40-60 метрийн зузаантай гурван сая орчим тонн хур хогон уул үүсчээ. Энд жилдээ нийслэлчүүдийн айл, албан байгууллагуудаас гарсан 400-500 орчим мянган тонн хаягдлыг авчирч асгадаг байна. Хэдийгээр хогийн цэгийг торон хашаагаар хязгаарлаж, 19 га газрыг булах ажилд жил бүр хөрөнгө мөнгө зардаг ч өнөөдөр энэ газар бахь байдгаараа. Энд хүн, мал зэрэгцэн хог ухсаар хэчнээн ч оныг үдэж буй билээ. Яг эндээс “бэлтгэсэн” махаар хооллож, сүүг нь ууж байгаагаа Улаанбаатарын иргэн та ер нь мэддэг үү?

Тэрчлэн хотын төвөөр сүргээрээ явдаг байсан золбин нохдийн махыг ч эндээс “нийлүүлэн” таны тавган дээр тавьдагийг төсөөлөхийг ч хүсэхгүй байх. Хогийн цэг нохдын сэг зэм, өвчсөн ясаар дүүрчээ. Шулсан мах алга. Хаачсан байхав? Эндээс хэчнээнийг хотын ресторан, гуанзуудад нийлүүлдэгийг мэдэхгүй. Нийлүүлж байсан тохиолдлыг илрүүллээ л гэдэг байсан. Холбогдох нөхдүүд тэгээд тэр даруйдаа мартсан бололтой. Нохойн махны яс,үсний үлдэгдлийг үхэр сүрэг мэрж хивээд хээвнэг байж байдгийг харлаа. Хог түүгчид ч дутах юм алга. Чөмөг, шийрээр нь ялгаж, шулсан яснуудаа нэг хэсэг болгоод овоолчихсон байв. Тэд хотын төвийн цайны газруудад эндээс “бэлтгэсэн” махаа нийлүүлдэг гэдгийг тэнд ажиллаж буй ТҮК-ийн жолооч бидэнд хэлсэн юм.

Хогийн цэг дээр ийм л дүр зураг хөвөрнө. Том машинуудыг зохицуулдаг ТҮК-ийн ажилтан Н “Би энд ажиллаад нэг жил болж байна. Зуны улиралд битүү тоосон дунд хаана юу байгаа нь мэдэгддэггүй юм. Чи харин цас орсон үеэр ирлээ. Өнөөдөр үнэр танар нь ч гайгүй байна. Хойд айлын үхэрнүүд байнга бэлчдэг. Бид хөөж туугаад, хашдаг боловч ямар ч нэмэр байдаггүй. Баруун талаараа хашаагүй учраас үхэрнүүд өглөө уул даваад ороод ирнэ. Орой нь өөрсдөө буцаад явчихдаг юм. Бүр сурчихсан байгаа биз. Бид үхэрнүүдийн эздэд байнга шаардлага тавьдаг ч тэд үл тоомсорлодог. Албаар хог руу малаа явуулдаг байх гэж боддог юм. Үхэр заваан амьтан. Идэхгүй юм гэж байхгүй. Гялгар уут, цаас гээд бүгдийг нь хамаад идчихдэг” гэв. Биднийг ийн ярилцаж зогсох зуур 50 орчим насны эмэгтэй бидэн дээр ирж, ярианд шууд оролцов. Тэрбээр “Би энэ хогийн цэг дээр амьдраад 10 гаруй жил болж байна.

Сүүлийн жилүүдэд ойр хавийн айлуудын үхэрнүүд хогоор хооллох болсон. Өнгөрсөн жил шүлхий өвчин гарч, үхэрнүүд олон тоогоороо үхсэн. Тэгсэн гэдэс дотор нь гэж хогоор дүүрсэн юм байсан шүү. Аяга угаадаг парлон хүртэл идчихсэн байгаа юм даа, ёстой заваан” гээд яриагаа таслан дөнгөж ирж байгаа хогийн машины зүг, шуудайгаа барьсаар гүйгээд явчихав. Хэсэг залуус ямар нэг зүйл шатааж байхыг хараад хоолоо хийж байгаа юм болов уу хэмээн санаж сонирхоод очтол “Юу вэ, яах гээд байгаа юм” хэмээн өөдөөс орилж гарав. Тэднээс юу шатааж байгааг нь асуусан боловч “Юу юм шиг байна” хэмээн надаар тохуурхаж, дургүйцлээ илэрхийлэв.

Харин нэгэн төрийн бус байгууллагын ахимаг насны эгч ирээд “Эд нар төмөр шатааж, зэс гаргаж авдаг юм” хэмээн тайлбарлаж, үхэртэй айлуудыг хаанаас олж болохыг замчилсан билээ. Улаанчулуутын хогийн цэгийн доод хэсэгт хог ангилан ялгах нэг үйлдвэр байдаг. Тэнд нийслэлийн Хот тохижилтын газрын мэргэжилтнүүд байрладаг бөгөөд тус газрын мэргэжилтэн А.Энхбаяр гэдэг залуутай хамт явж, үхэртэй айлуудын эзэдтэй уулзахаар болов. Улаанбаатар нэгтгэл болон Сонгинохайрхан дүүргийн тохижилт үйлчилгээний газар эдгээр үхрийг хог руу оруулахгүй гэж тэмцэж, өглөө бүр тууж гаргадаг ч ямар ч нэмэр байдаггүй аж. Хогоор хооллодог үхэрнүүд ердөө 5-6 айлынх гэнэ.

А.Энхбаяр “Айлуудад бид өдөр бүр шаардлага тавьдаг. Өнгөрсөн зун нэг айл нь арга ядахдаа малаа аваад хотоос гарсан ч хогоор хооллоод сурчихсан үхэрнүүд нь өвс идэж чадахгүй турж эцээд байхаар нь эргээд ирсэн удаатай. Үхэрнүүдээ хогоор хооллож, тарга тэвээрэг авахуулж байгаад идэшний цагаар махыг нь “Меркури” хүнсний захад нийлүүлдэг гэж сонссон” хэмээн ярив. Хогоор хооллодог үхэрнүүд дөрвөөс дээш жил амьдардаггүй учир ихэвчлэн хязаалан, шүдлэн насан дээр нь нядалж, борлуулдаг. Ингээд малчдаас бяруу худалдан авч, хогоор хооллож, идшэнд бэлтгэн мөнгө олдог тухай нэмж хэлэв. Улаанчулуутын хогийн цэгийн баруун талын уулын энгэрт хэсэг айлууд суурьшсан байгаагийн хамгийн эхний айлаар ороход л нийтлэлийн өмнө хэсэгт өгүүлсэн дүр зураг биднийг угтсан. Эзэнгүй хашааны арын хашаанд нь малын эзэд амьдардаг ажээ. Хашааны хаалгыг нь нүдэхээр ойртон очтол дунд хэргэм насны нэгэн бүсгүй гэрийнхээ довжоог шүүрдэж байлаа. Гэрийн эзэн нь мөн эсэхийг лавлахад толгой дохиод хашаанаас гарч ирсэн юм. Ингээд түүнтэй хэсэгхэн зуур ярилцлаа.

-Хогийн цэг дээр бэлчиж байгаа үхэрнүүд танайх уу. Хэдэн малтай вэ. Яагаад үхэрнүүдээ хог дээр бэлчээрлүүлдэг юм бэ?
-Манайх 30 гаруй үхэртэй. Таван үнээ бий. Өглөө бүр хогноос зайдуу туудаг боловч өөрсдөө хар аяндаа л хог руу явчихдаг. Тэгээд орой нь буцаад ирдэг юм.

-Урд талын өрхийг нь татсан гэр танайх уу. Хоёр үхэр гаргачихсан байна лээ. Махаа хаана борлуулдаг вэ?
-Тийм ээ, манайх. Нэг үхэр гаргасан. Махаа “Хүчит шонхор” зах дээр кг-ийг нь 3800 төгрөгөөр бөөнддөг. Харин сүүгээ доод талын айлуудын дунд байдаг хүнсний дэлгүүрт нэг литрийг нь 1000 төгрөгөөр зарчихдаг.

-Хог идсэн малын мах, сүү ямар байх нь ойлгомжтой шүү дээ. Энэ тухай та бодож үзсэнгүй юу?
-Харин тийм ээ. Амьдрахын эрхэнд яалтай билээ гэсээр дуугай хураачихлаа. Түүнээс өөр хэдэн айл байдаг талаар асуухад “Манайхтай нийлээд таван айлын 100 гаруй үхэр бий. Хажуу талын ногоон хашаатай айл бас малтай” гээд хуруугаараа заав. Заасан айлд нь очтол 30 орчим насны нэгэн бүсгүй гэртээ ганцаараа байлаа. Гэрийн эздийг нь сураглатал “Хот руу сүүгээ зарахаар явчихсан” гэв. Үнэхээр арай ч дээ гэхээс өөр хэлэх ч үг олдохгүй нь. Үүнээс өөр баталгаа, нотолгоо гэж юу байхав.

Нийслэлчүүд, монголчууд Улаанчулуутын хогийн цэг дээр бэлчиж, хог идэж буй үхрийн сүү, махыг өдөр тутам хүнсэндээ хэрэглэж байгаа нь Монголын эмгэнэл биш гэж үү. Бид өөрсдийгөө 70 сая малтай монголчууд гэж цээжээ дэлддэг ч, бодит байдалд өнөөдөр хог идсэн малын махаар хооллож, сүүгийн уугаад байж байх ч гэж дээ. Улаанчулуутын хогийн цэг дээр яс зэмээс эхлээд цацраг идэвхит хорт бодис, эмнэлгийн болон химийн гаралтай хаягдлууд гэх мэт ангилан ялгалт хийгээгүй олон төрлийн хог бий. Энэ бүхнийг идсэн үхрийн сүү, махыг нийслэлд борлуулдаг талаар мэргэжлийн хяналтын байгууллагад гомдол ирдэг ч үл тоомсорлодог бололтой. Тухайн байгууллагууд төдийлэн хяналт шалгалт хийдэггүйг улаанчулуутаар овоглогсод ярьж байна. Малын эмчээр олон жил ажилласан, академич Я.Ганболд “Үхэр их идэштэй амьтан. Хог дээрээс голдуу хүнсний ногооны хальс зэргийг түүж иддэг болов уу. Хогийн цэг дээр төрөл бүрийн химийн хортой хаягдлууд бий.Тэгэхээр малын биед тодорхой хэмжээнд хуримтлагдаж, гадагшлаж таарна. Гэхдээ нотолгоо баримтгүйгээр мах нь, сүү нь ийм тийм байна гэж хэлэх боломжгүй. Тэгэхээр сүү, махыг нь шинжилгээнд өгөх хэрэгтэй. Миний бодлоор хар тугалга илрэх өндөр эрсдэлтэй” хэмээн тайлбарлав.

Уг нь нийслэлд мал маллахтай холбоотой гаргасан журам байдаг. Тодруулбал, Монгол Улсын хот байгуулалтын хүрээнд хүн амын нутагшилт, суурьшил болон хот төлөвлөлтийн дагуу хот орчмын бүсэд мал аж ахуйг эрчимжсэн хэлбэрээр хөгжүүлж хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэхэд төр, аж ахуй нэгж, байгууллага, иргэний хооронд үүсэх харилцааг зохицуулах зорилгоор нийслэлийн Засаг дарга “Хөтөлбөр, журам батлах тухай” А/451 дугаар захирамж гаргаж, нийслэлийн нутаг дэвсгэрт мал аж ахуй эрхлэх журам гаргасан.

Энэ журамд зааснаар хотын төвийн Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр бүхэлдээ, Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Гачуурт, Хонхор, Жаргалант, Эмээлт, Туул тосгон, Өлзийт хорооноос бусад бүх хорооны нутаг дэвсгэрт мал аж ахуй эрхлэхийг хориглосон. Энэ журам заалтыг зөрчин хотын төвөөс ердөө 15 хан км-ийн зайд монголчуудын эрүүл мэндэд заналхийлж буй аймшигт үйл явдал өрнөж байхад хотын удидлага, төр засгийн тэргүүнүүд нүдэн балай чихэн дүлий суусаар байгааг нь хараад үнэндээ гайхаж байна.Монголчууд бидний өвчлөлтийн олон шалтгааны нэг эндээс үүдэлтэй байж болох юм. Ийм дээрээ тулвал хогоор хооллосон үхрийн мах идсэнээс Хятадад үйлдвэрлэсэн бэлэн гоймон идсэн нь дээр болчихоод байна. Мал хүн хоёр нь зэрэгцэн хогон идэштэн болсон энэ дүр зураг, бодит байдлыг бид сурвалжиллаа. Тиймээс одоо холбогдох холбогдох байгууллагууд яаралтай арга хэмжээ авч, хэрхэхийг бид эргэн сурвалжлах болно.


САНАЛ БОЛГОХ