Улс төрийн намын шинэчлэл үндэсний зөвшилцлөөс эхлэлтэй

Мэдээ


МАН-ын Шинэчлэл хөгжлийн хорооноос “Төрийн хямрал ба улс төрийн намын шинэчлэл” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг өчигдөр Төрийн ордонд зохион байгууллаа. Уг хуралд парламентад суудалтай болон суудалгүй намын төлөөлөл, улс төр судлаач нар оролцож, намын шинэчлэлийн асуудлаар санал бодлоо илэрхийлэв. Хурлын эхэнд УИХ-ын гишүүн, МАН-ын “Шинэчлэл хөгжлийн хорооны дарга Т.Аюурсайхан “Монгол Улсад төрийн хямрал дээд цэгтээ хүрсэн. Улс төрийн намын нэр хүнд унасан байна. Хямрал юунаас үүссэн бэ гэхээр улс төрийн намуудтай холбоотой. Энэ бол зөвхөн МАН-ын асуудал биш. Эхний ээлжинд парламентад суудалтай улс төрийн намуудын үзэл бодлын нэгдэл бий болгох зорилготой ажиллаж байна” гэлээ.

Харин улс төр судлаач Э.Гэрэлт-Од “Өнгөрсөн хугацаанд улс төрийн намын шинэчлэлийн асуудлыг ярьсан ч намууд өөрсдөө хүсэл, зориг гаргахгүй байгаад харамсдаг. Улс төрийн намууд сонгуульд ялалт байгуулах, сонгогчдыг илүү мэдлэг боловсролгүй болгох үйлдэл хийгээд байгаад би харамсаж байна. 2011 онд Улс төрийн намын тухай хуулийг сайжруулах төсөл, хөтөлбөр хэрэгжсэн. Харамсалтай нь, намууд дэмжээгүй. 2013 онд Улс төрийн намын тухай хуулийг боловсруулах Ажлын хэсэг байгуулагдсан. Мөн л улстөрчид хүсэл зоригоо илэрхийлээгүй. 2015 онд Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хуулийн төслийг шинэчлэх улс төрийн хүсэл зориг гаргаж, хуулийн төслөө боловсруулсан. Хуулийн төслийг 2016 оны нэгдүгээр сарын 19-нд УИХ-аар орсон ч хууль санаачлагч руу буцаасан.

Уг нь энэ төсөлд улс төрийн намуудыг хариуцлагатай, нэг тоглоомын дүрэмтэй, нээлттэй, төрөөс санхүүжилт олгодог, гишүүнчлэлийг нэг тийш шийдэх гэх мэт цогц асуудлыг оруулсан боловч намуудын хүсэл зориг дутсан. Дээр нь парламентад суудалгүй улс төрийн намуудын хүсэл зориг ч дутсан. Тэд парламентад суудалтай намуудтай адил байр суурь илэрхийлсэнд би гайхаж байсан. Энэ бол өнгөрсөн түүх. Одоо Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэх Ажлын хэсэг байгуулах байх. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд ихэнхдээ можаритар сонгуулийн тогтолцоотой байсан. Намууд улс орныг 21 хэсэг болгон хувааж, сонгуулийн жижиг тойрогт ялалт байгуулах гэсэн тэмцэл нь өөрөө намуудын шинэчлэлийг уландаа гишгээд байгаа юм” хэмээн байр сууриа илэрхийлэв. Улс төр судлаач О.Чулуунбилэг “Улс төрийн намын дотоод хямрал өнөөдөр төрийн хямрал болж байгаа нь 65 суудал авсан намын жишээнээс харагдаж байна.

Тэгэхээр Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэх ёстой. Өмнө нь энэ хуулийн шинэчлэл буцах болсон нэг том шалтгаан бол үндэсний зөвшилцөл хийгээгүй юм. Парламентаас гадуур байгаа намууд ч дэмжээгүй. Шалтгаан нь тэдгээр нам МАН-тай гэрээ хийсэн байдаг. Учир нь Ардчилсан намынхан Ерөнхийлөгчтэй нийлээд 2016 онд ялагдуулахын тулд хийж байна гэж хардсан. Яг үнэндээ бол тэр дотор уншсан хүн байгаагүй. Тэгэхээр одоо Т.Аюурсайхан гишүүн санаачлаад Улс төрийн намын тухай хуульд шинэчлэл хийх гэж байгаа бол үндэсний зөвшилцөл хийгээрэй. Ямар ч мундаг хуулийн төсөл байсан хоорондоо хэрэлдээд, бие биенийгээ хардсаар байгаад зогсдог юм билээ. Тиймээс Ажлын хэсгээ өргөтгөсөн байдлаар бүрдүүлээрэй” гэлээ.


САНАЛ БОЛГОХ