Монголоо “зарах” шинэ суваг

Амьд ертөнц


Адал явдал эрэлхийлэгчид аялал жуулчлалын орлогын цөмийг бүрдүүлдэг

Дэлхийн аялал жуулчлалын чиг хандлага Монгол орон руу тэмүүлэх бүхэл бүтэн давхаргыг бий болгож байна. XVIII зууны дунд үеэс бий болсон адал явдалт аялал салбарынхаа хамгийн өсөлттэй төрөл болж хувирчээ. Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас гаргасан мэдээгээр 2015-2016 онд жуулчдын тоо 4.4 хувиар өссөн бол адал явдалт аяллын төрөл 2009-2012 онд 65 хувиар нэмэгджээ. 2016 онд 1.18 тэрбумд хүрсэн дэлхийн жуулчдын 30 арай хүрэхгүй хувийг эзэлж буй адал явдалт аяллын зах зээлийн өсөлт ирэх дөрвөн жилд 46 хувь болно хэмээн Дэлхийн аялал жуулчлалын байгууллага тодорхойлов. Өөрөөр хэлбэл, Монгол орон дэлхийн аялал жуулчлалын салбарт нөлөөгөө тэлэх их инерц айсуй. Тиймээс ч нүүдэлчин соёл ахуй, онгон зэрлэг байгалиар нэрийн хуудсаа хийсэн Монголд адал явдал эрэлхийлэгчдийг татахад нэн даруй анхаарах шаардлагатай болох нь.

"Монгол бол адал явдалт аяллын орон” хэмээн адал явдал эрэлхийлэгчдэд 20 шахам жил үйлчилж буй Mongolia Expedition компанийн гүйцэтгэх захирал С.Алдархишиг ярив. Монголд аялал жуулчлалын хөгжил удаан байдаг шалтгаан нь хүн ам сийрэг, дэд бүтэц сул, улирлаас хамааралтай гэж үздэг. Гэхдээ энэ бүх сул тал нь шинэ тутамд бэхжиж буй аялагчдын давхаргыг татах маш том давуу тал болж хувирав. Байгалийн арвин баялаг тогтоцтой учраас зургаа хоног Монголд аялах нь Африкийн ширэнгэн ойд төдий хугацаанд аялахаас хавь илүү сэтгэл ханамжийг аялагчдад өгдөг аж.

Тиймээс Хөвсгөлийн мөнх сарьдаг, баруун Алтайн сүрлэг уулс, Хангай, Хэнтийн нуруунд явган болон дугуйтай аялагчид, динозаврын өндөг, шувуу сонирхогчид, нүүдэлчдийн соёлыг өөр өөр өнцгөөр хальсанд мөнхлөх гэсэн гэрэл зурагчдын их урсгал жилээс жилд нэмэгдэж байна. Монголыг зорих нийт жуулчдын есөн хувь нь адал явдалт аялал эрэлхийлэгчид байдаг тухай БОАЖЯ мэдээлэв. Гэхдээ энэ нь чамлах бус чанга атгах үзүүлэлт юм. Энэ тоог нэмэгдүүлэх хангалттай боломж бий. Монголын аялал жуулчлалын сурталчилгааны 90 орчим хувь нь нүүдэлчин, үзэсгэлэнт байгальд чиглэсэн агуулгатай байдаг аж.

Монгол орны бүс нутаг бүр адал явдалт аяллын нөөц ихтэй
Харин энэ бүхнээ адал явдалт аялагчдын дүртэй хослуулах зэргээр гадаад сурталчилгаагаа сайжруулах боломжтой юм. Манайд жирийн аяллын багц дунджаар 2-3 мянган ам.доллар байдаг бол үүнээс даруй 20- 50 хувь илүү үнэ төлдөг, тогтвортой зах зээл нь адал явдал эрэлхийлэгчид юм. 2016 оны байдлаар Монгол Улсад 274 тур оператор үйл ажиллагаа явуулжээ. Үүний 10 гаруй хувь нь адал явдалт аялагчдад үйлчилдэг бол жирийн жуулчдад үйлчилдэг компанийн аяллын багцад ч тусгай болон адал явдал эрэлхийлэгчдийг татах бүтээгдэхүүн байдаг аж. С.Алдархишиг “Сүүлийн хэдэн жил энэ чиглэл эрчтэй хөгжиж байна. Таван жилийн өмнө өрсөлдөгчгүй шахуу байсан бол одоо 10 гаруй компани адал явдал эрэлхийлэгчдийг хүлээж авах боллоо.

Тэгсэн атлаа манайхаар үйлчлүүлж буй жуулчдын тоо буурахгүй байгаа” гэв. Нөгөөтэйгүүр, адал явдал эрэлхийлэгчид бол биедээ арчаатай, төлөвлөсөн л бол тухайн газар орон, улсад үймээн самуун, өвчин юу ч болж байсан аяллаа үргэлжлүүлдэг онцлогтой. Тэгээд ч зардал ихтэй аяллын төрөл тул чинээлэг давхарга үйлчлүүлдэг. Тиймээс дундаж давхарга шиг эдийн засгийн хямралын улмаас аяллаа цуцалдаггүй, харин ч “дүлий” зах зээл болдог байна. Монголд ч гэсэн SARS, улаан бурхан гэх мэт халдварт өвчин дэгдсэн үед аяллаа цуцалж байгаагүй, мөн эдийн засгийн уналттай жилүүдэд ч аялал жуулчлалын орлогын гол цөмийг бүрдүүлэгч хэвээр байгаа юм. Адал явдал эрэлхийлэгчдийг зөвхөн аялагчид гэж хэлэх нь учир дутагдалтай. Харин дэлхийн ард түмэн амьдралын хэв маягаа энэ чиглэл рүү өөрчилж байгаа хэмээн Дэлхийн аялал жуулчлалын байгууллага онцлоод байна. Тиймээс салбарын яам энэ давхаргыг татах бодлого нэн даруй хэрэгжүүлэх хэрэгтэйг “утаагүй үйлдвэрлэл”- ийн хашир туршлагатай төлөөлөгчид анхааруулав. 2016 онд ДНБ-ий 5.4 хувь, нийт хөрөнгө оруулалтын 21.9 хувийг бүрдүүлсэн аялал жуулчлалын салбарт эрчээ авч буй шинэ хандлагыг төр огт орхигдуулчихаагүй.

Гэхдээ бодлогын тэргүүлэх хэмжээнд авч үзээгүй байна. БОАЖЯ-ны мэргэжилтэн С.Баясгалан “2015 онд тусгай сонирхлын аялал жуулчлалыг аймаг бүрт хөгжүүлэх дэд хөтөлбөр гэж баталсан. Үүний хүрээнд адал явдалт болон тусгай сонирхлын, ангийн гээд олон төрлийн аялал хөгжүүлэхээр заасан” гэв. Мөн аяллын улирлыг уртасгах зорилгоор бүргэдийн баяр, тэмээн поло, талын түмэн адуу гээд хэд хэдэн арга хэмжээ тогтмол явуулах болсон. Гэхдээ л өвлийн арга хэмжээ долоогоос илүү өдөр үргэлжилдэггүй тул дангаараа аяллын бүтээгдэхүүн болоход хангалтгүй юм. Харин энэ бүхнийг адал явдалт төрөл, байгалийн өвөрмөц тогтцуудаа ашиглан хөгжүүлсэн аялал жуулчлалын бүтээгдэхүүнтэй хавсарвал аяллын улирал уртсах боломжтой аж. Ер нь Монгол орны бүс нутаг бүр адал явдалт аяллын нөөц ихтэй. Тухайлбал, өдийд говьд тэмээ унах нь адал явдалт аяллын төрөлд ордог бол зун элсэн манхнаас цанаар гулгаж болно. Энэ мэт байгаа нөөц боломжоо бодитоор үнэлж, бүтээлчээр сэтгэж аяллын бүтээгдэхүүнээ санал болгоход Монголыг үзэсгэлэнт байгальтай нь, жилийн дөрвөн улиралтай борлуулах боломж өндөр байгаа гэдгийг хувийн хэвшлийнхэн хэлж буй юм. Үйлдвэрлэлийн хэмжээгээр химийн болон эмийн аж үйлдвэрийн дараа гуравдугаарт эрэмбэлэгддэг аялал жуулчлалын орлого 13 салбарт хуваарилагддаг, ядуурал, ажилгүйдлийг бууруулах гол тулгуур гэж дэлхий нийт үзэж байна. Харин бид зөв хөдөлж чадвал энэ салбарт гарч буй их тэсрэлтийг ахиухан хуримтлуулах боломж бидэнд байна.

САНАЛ БОЛГОХ