Ажил хэрэг болгох "албан шаардлага"

ЗГМ: Сэдэв


Машин ачилтын бизнес эрхэлдэг нийт 17 компанийн ердөө нэг нь төрийн мэдлийнх

Машин ачилтын “бизнес” хөгжөөд багагүй хугацаа өнгөрч байна. Уг нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс нэгдүгээр эгнээнд зам хааж зогссон автомашиныг ачихаар
болж, үүнтэй холбогдох тогтоол шийдвэр гаргасан. Гэтэл цаасан дээрх тогтоолын хэрэгжилт бодит байдал дээр хэдхэн компанийн мөнгө угаах арга болчихоод байна.

Гэхдээ өндөр торгуультай ч болхи аргатай машин ачилтын үйлчилгээ авто замын ачааллыг багасгахад зөв хөшүүрэг болж чадахгүй байгаа тул бид дахин энэ асуудлыг хөндөж байна. Манай сонин өнгөрсөн сард “Арван саяын ашигтай ачилтын бизнес” сэдвийг хөндөж, хувийн компаниуд иргэдийн машиныг хэрхэн ачдаг, торгуулийн хураамж юунд зарцуулагддаг талаар хөндсөн билээ. Гэтэл уг асуудалд өнөөдрийг хүртэл хотын удирдлагууд анхаарахгүй байна. Яагаад вэ? Өнөөдрийн байдлаар нийслэлд 17 компанийн нийт 96 ачигч машин байна. Багахан тооцоолол хийе. 96 ачигч машин өдөрт хамгийн багадаа хоёр автомашин ачдаг. Нэг машин ачуулсны торгууль 60 мянган төгрөг гэж тооцвол нийт 11 сая 520 мянган төгрөгийн орлого олж байна. Энэ бол зөвхөн нэг өдрийн торгуулийн төлбөр гэдгийг анхаараарай.

Тэгвэл эдгээр 17 компанийн хэд нь төрийн мэдэлд байдаг, хэдэн сая төгрөгийг нийслэлийн төсөвт суулгадаг талаар сонирхож, Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Ачиж журамлах албаны ахлах Б.Баттай холбогдлоо. Тэрбээр “Нийт 17 компанийн нэг нь төрийн өмчийнх. Үлдсэн 16 нь хувийнх гэсэн үг. Манайх төрийн мэдлийнх бөгөөд 12 ачигч машинтай. Нэг машин өдөрт 1-2 автомашин ачиж, зөөвөрлөдөг. Хамгийн ихээр тооцвол өдөрт 24 машин ачдаг гэсэн үг. Ачилтаас суутгасан төлбөр, хураамж Төрийн санд төвлөрдөг” гэв. ЗХУТ өдөрт 24 машин ачдаг гэхээр Төрийн санд өдөрт 1.4 сая, сард 43, жилд 518 сая төгрөг төвлөрдөг байх нь. Тэгвэл үлдсэн 16 компанийн орлого хэний халаасанд ордог вэ гэсэн асуулт эндээс ургаж байна. Энэ талаар бид нийслэлийн Авто замын хөгжлийн газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн дотоод хяналтын мэргэжилтэн Ө.Төрбатаас тодруулахад “Нийслэлийн ИТХ-ын 2015 оны арванхоёрдугаар сарын 24-нд гаргасан 33/35 дугаар тоот тогтоолд автомашиныг зөөж, шилжүүлэх төлбөрийн хэмжээг тогтоосноос бус хувийн компаниудын олсон орлогоос улсын төсөвт тэдэн хувийг нь суутгана гэж заасан зохицуулалт байдаггүй. Тиймээс хувийн компаниуд орлогоо 100 хувь өөрсдөө авдаг гэсэн үг” гэлээ.

Ийм л ашигтай болохоор ачилтын компаниуд борооны дараах мөөг шиг олширч, иргэдийн өмч, цаашлаад халаасанд бүдүүлгээр халдаж байгаа хэрэг. Бүр тодруулбал, ачилтын компаниуд нийслэлийн замын хөдөлгөөний дүрмийг сахиулах гэхээсээ илүү торгуулийн мөнгө илүү олохын тулд ачих машины тооны хойноос хөөцөлдөж байна гэвэл үнэнд нийцнэ. Мэдээж нэгдүгээр эгнээнд машин тавих нь замын хөдөлгөөний дүрэм, журам зөрчсөн үйлдэл мөн. Жолооч нар ч үүнийхээ төлөө хариуцлага хүлээх ёстой. Хамгийн гол нь, автомашин ачих журам хэрэгжээд хоёр жилийн нүүр үзэж байхад нийслэлийн удирдлагууд иргэдийнхээ төлөө нэг ширхэг зогсоол нэмж байгуулсан уу. Уг нь хөгжингүй улсад эхлээд торгуулийн хуудсыг цонхон дээр нь нааж үлдээх, дахин ийм үйлдэл гаргавал дугуйг нь түгжих, давтан үйлдвэл автомашиныг нь ачих зэргээр шат дараатай арга хэмжээ авдаг.

Гэтэл манайд дотор нь нялх хүүхэд байсан ч хамаагүй ачаад явчихдаг, ачилтын машинууд байнгын эргэлддэг цэгтэй болчихсон, боломж олдвол сэмээрхэн гарч ирээд хулгайлах шахам ачаад явчихдаг байдал хэрээс хэтэрлээ. Нийслэлд зогсоол олж, машинаа тавина гэдэг толгойны өвчин болчихсон. Зам дагуу үйл ажиллагаа явуулдаг зогсоолгүй байгууллагад орж үйлчилгээ авахын тулд түр зогсохоос өөр аргагүй байдаг. Гэтэл ганцхан минут болоод л гараад ирэх хооронд машиныг нь ачаад явчихсан байх жишээтэй. Энэ бол хүний эрхэнд бүдүүлгээр халдаж байгаа үйлдэл мөн. Ачилтын компаниуд ийн иргэдийг “айлгадаг” бол төрийн байгууллагууд нь гаднах зогсоолоо төлбөртэй болгочихсон нь үнэхээр гайхмаар.

Товчхондоо, түр зогслоо гээд 60 мянгаар торгоно. Зогсоол хайгаад явахаар олдохгүй. Арай хийж олохоор өөдөөс мөнгө нэхчихдэг ийм л дүр зураг ажиглагдаж байна. Машинтай гээд үргэлж халаасандаа мөнгөтэй явахгүй. Тиймээс хотын удирдлагууд ядахдаа хашааныхаа булан тохой бүрийг төлбөртэй зогсоол болгочихсон төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууддаа шаардах бичиг хүргүүлээд төлбөргүй болгоод өгчих хэрэгтэй. Бид гарц байгааг хэлж бас сануулж байна. Хувийн хэвшлийн машин ачилтын 16 компанийн орлогоос тодорхой хэмжээний татвар авч, нийслэлийн төсөвтөө төвлөрүүлэх шаардлагатай байгааг удаа дараа хөндөж байна. Төсөвт төвлөрсөн хөрөнгөөр туслах замуудын сүлжээг сайжруулж, давхар зогсоолуудаа байгуулчихвал асуудал бага ч гэсэн арилна. Жолооч нар ч зогсоол хайж цаг заваа үрэхгүй, ачилтын компаниуд ингэтлээ даврахгүй шүү дээ. Арга чаргыг нь бэлээхэн хэлж өгөөд байхад өлгөж аваад ажил хэрэг болгочих эрх мэдэлтэн байна уу. Машин ачилтын бизнесийг зогсоогооч, хотын удирдлагууд аа.


САНАЛ БОЛГОХ