Дональд Трампын айлчлалыг хэрхэн дүгнэв

Мэдээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Азид хийж буй анхны айлчлал Филиппин улсад үргэлжилж байна. Тэрбээр ASEAN-ийн үүсгэн байгуулагдсаны 50 жилийн ойн арга хэмжээнд оролцож байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Азийн орнуудаар айлчилж, Япон, БНСУ, БНХАУ-ын Төр, Засгийн тэргүүн нартай худалдааны болон БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийн асуудлаар санал солилцлоо. Мөн хоёр талын бизнесийн гэрээ, хэлэлцээрүүдийг байгуулав.

Дэлхийд тэргүүлэх эдийн засагтай улсын Төрийн тэргүүний хувиар Азид хийсэн анхны айлчлалаа тэрбээр Япон улсаас эхлүүлсэн юм. Түүний айлчлал 11 өдрийн турш үргэлжлэх бөгөөд айлчлалынхаа хүрээнд Дональд Трамп БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийн асуудлаар Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй хэлэлцээрт хүрлээ. Мөн БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй уулзах үедээ Пхеньяны цөмийн асуудлыг шийдвэрлэх боломжит бүх хувилбарыг хэлэлцэхэд бэлэн гэдгээ илэрхийлж, БНАСАУ-тай худалдаа, бизнесийн харилцаагаа зогсоохыг бусад улсуудад хандан уриаллаа.

Түүнчлэн айлчлалынхаа үеэр АНУ-ын Төрийн тэргүүн БНХАУ-тай 253 тэрбум ам.долларын бизнесийн гэрээ, хэлэлцээр байгуулсан юм. Хэдий тийм боловч тэрбээр "АНУ Япон улстай шударга худалдаа хийж чадахгүй байгаа"-г шүүмжлээд, мөн "АНУ-ын компаниуд БНХАУ-ын зах зээлд нэвтрэхэд төдийлөн ахиц гараагүй" гэсэн байна. Энэ нь хоёр улсын хоорондын худалдаанаас хамгийн их алдагдал хүлээж буй орнуудтай нэгдсэн шийдэлд хүрээгүйг харуулсан гэж ажиглагчид үзжээ.

Дашрамд дурдахад, Дональд Трампын айлчлал сүүлийн 25 жилд тохиосон АНУ-ын Төрийн тэргүүний Азид хийж буй хамгийн урт хугацааны айлчлал болж байгаа юм.




САНАЛ БОЛГОХ