APEC-ийн гишүүн орнууд худалдааны протекционист бодлогыг эсэргүүцэхэд дахин санал нэгдэв

Мэдээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Азид хийж буй анхны айлчлал Филиппинд үргэлжилж байна. Тэрбээр ASEAN-ийн үүсгэн байгуулагдсаны 50 жилийн ойн арга хэмжээнд оролцож байгаа юм. Үүнээс өмнө Дональд Трамп Вьетнамд зохион байгуулагдсан Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа буюу APEC-ийн 25 дахь удаагийн чуулга уулзалтад оролцлоо. Энэ үеэр APEC-ийн гишүүн орнууд худалдааны протекционист бодлогыг эсэргүүцэхэд дахин санал нэгдсэн байна.

Вьетнамын Данан хотод болсон чуулга уулзалтын дараа гаргасан тунхагт олон талт худалдааны хэлэлцээр болон АНУ-ын худалдааны бодлогыг онцолжээ. Өөрөөр хэлбэл APEC-ийн гишүүд "Дональд Трампын баримталж буй протекционист бодлого АНУ-ыг олон улсын худалдааны тавцангаас тусгаарлаж байгаа"-г дурдсан юм. Харин АНУ-ын Төрийн тэргүүн Дональд Трамп энэ удаагийн чуулга уулзалтыг Дэлхийн худалдааны байгууллагыг шүүмжлэх индэр болголоо гэж олон улсын ажиглагчид харж байна. Учир нь тэрбээр Дэлхийн худалдааны байгууллага АНУ-ын эдийн засгийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж байгааг шүүмжилсэн юм.

Дональд Трамп "АНУ хэд хэдэн нөхцөлийн дагуу эдийн засгаа олон жилийн турш нээлттэй байлгасаар ирсэн. Бид тарифыг бууруулж, цуцалж, худалдааны саад хоригийг арилган, гаднын бараа, бүтээгдэхүүнийг улсдаа чөлөөтэй нэвтрүүлэхийг хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ бид худалдааны саадыг бууруулж байхад бусад улс зах зээлээ АНУ-д нээлттэй болгоогүй. Үүнээсээ тэд ашиг хүртсээр байгаа. Тэгвэл үндсэн суурь зарчмыг нь дагаж мөрдөхгүй байхад Дэлхийн худалдааны байгууллага тэдэнд дэмжлэг үзүүлсээр байна. Үнэн хэрэгтээ тус байгууллагын зарчмын дагуу АНУ шударга байдлыг хүртэхгүй байна. Бид шударга бус худалдааг цаашид тэвчихгүй" гэж мэдэгдсэн байна.




САНАЛ БОЛГОХ