“Alibaba” компани "Singles' day”-ээр 168.2 тэрбум юанийн борлуулалт хийж, дээд амжилтаа шинэчлэв

Мэдээ

БНХАУ-д жил бүрийн 11 дүгээр сарын 11-нд зохион байгуулдаг “Singles' day” буюу “Ганц биечүүдийн өдөр”-өөр “Alibaba” компани 168.2 тэрбум юань буюу 25.3 тэрбум ам.долларын борлуулалт хийж, дээд амжилтаа дахин шинэчиллээ. Энэ нь өнгөрсөн оныхоос 40 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Зөвхөн эхний 13 цагийн дотор 18 тэрбум ам.долларын бараа, бүтээгдэхүүн борлуулж, өнгөрсөн жилийн дээд амжилтаа давсан байна. Мөн энэ жилийн нийт борлуулалт “Citigroup”-ийн шинжээчдийн таамаглаж байснаас 1.3 тэрбум ам.доллараар илүү гарчээ.

Түүнчлэн “Alibaba”-ийн төлбөрийн хэрэгсэл “Alipay” секундэд 256 мянган гүйлгээ гүйцэтгэж шинэ дээд амжилт тогтоосон байна. Энэ нь өнгөрсөн оныхтой харьцуулахад хоёр дахин их үзүүлэлт болжээ. Мөн хэрэглэгчдийн 90 хувь нь ухаалаг гар утсаараа худалдан авалт хийсэн байна. Түүнчлэн энэ жил дэлхийн 225 орон, хот суурин газрын хэрэглэгчид “Alibaba”-ийн цахим хуудсаар зочилж, худалдан авалт хийжээ. Мөн “Alibaba”-ийн онлайн худалдааны хэмжээ АНУ-ын өмнөх жилийн “Талархлын баяр” болон “Cyber Monday”-ийн хямдралтай худалдааны нийлбэр хэмжээнээс 12.8 тэрбум ам.доллар буюу хоёр дахин их дүнтэй гарсан байна.

Жил ирэх тусам “Alibaba” өргөжихийн хэрээр бусад хамтран ажилладаг компани, байгууллагын ашиг төдийгүй тэрбумтнуудын тоо ч нэмэгддэг ажээ. Тодруулбал, энэ жил нийт хөрөнгө нь 100 тэрбум ам.доллараар хэмжигдэх 10 тэрбумтан шинээр төрөн гарсан байна. Түүнчлэн өөр нэгэн анхаарал татсан тоо баримтыг харвал Жак Ма болон “Alibaba” группийн нийт хөрөнгө 52 сая ам.доллараар хэмжигдэж байгаа нь дэлхийн 132 орны эдийн засгийн үзүүлэлтээс давсан дүн болоод байгаа аж.




САНАЛ БОЛГОХ