“Singles’ day”-ийг “Тулааны урлаг”-аар нээжээ

Мэдээ

БНХАУ-д жил бүрийн 11 дүгээр сарын 11-нд болдог “Singles’ day” буюу “Ганц биечүүдийн өдөр” нэртэй худалдааны арга хэмжээг анх 2009 онд “Alibaba”-ийн үүсгэн байгуулагч Жак Ма санаачилжээ. Түүнээс хойш энэ нь нийгмийн өргөн хүрээг хамардаг арга хэмжээ болоод байна. “Alibaba” компани олон нийтийн анхаарлыг хандуулахын тулд нээлтийн арга хэмжээгээ өргөн цар хүрээтэй хийдэг болоод байгаа юм. Өнгөрсөн оны нээлтийн арга хэмжээнд Дэвид Бэкхэм, Коби Брайант болон “One Republic” хамтлаг оролцож байсан бол энэ жилийн хувьд Жак Ма өөрөө гол дүрд нь тоглосон киногоо танилцуулсан нь багагүй шуугиан тарьсан байна.

“Тулааны урлаг” нэртэй энэхүү киног БНХАУ-ын бие хамгаалах урлагийг сурталчлах зорилготой бүтээж, нэрт жүжигчин Жэт Ли найруулагчаар нь ажиллажээ. 20 гаруй минут үргэлжлэх энэхүү богино хэмжээний кинонд тулааны урлагийн мастерууд Жак Матай "өрсөлддөг" байна. Жак Магийн өрсөлдөгчдийн нэгээр сүмо бөхийн 68 дахь их аварга Ёкозүна Асашёорюү Долгорсүрэнгийн Дагвадорж оролцон тогложээ. Мөн урилгаар Николь Кидман, Мария Шарапова, Фаррелл Уи́льямс зэрэг алдартнууд оролцсон байна.




САНАЛ БОЛГОХ