Төсвийн "анд" ба аюул

Уул уурхай


Уул уурхайн орлого төсвийн гуравны нэгийг бүрдүүлнэ

Төсвийн орлогын гуравны нэгийг уул уурхайгаас олно хэмээн Сангийн яамныхан нэлээд нэрэлхүү дүнг төсөлдөө зоочихож. Уг нь уул уурхайгаас төсөв рүү урсах мөнгө улсын орлогын 30 гаруй хувиар хязгаарлагдахгүй. Импортоос эхлээд архи, тамхины албан татвар хүртэл ямар нэг сэжмээр уул уурхайн салбартай холбогддог. Тиймээс ч жил жилийн өнгө өнгийн төсвийн суурь будаг нь яах аргагүй уул уурхайн салбар. Энэ жил ч уг салбар улсын төсвийн орлого бүрдүүлэх их ажлын хүндийг нуруун дээрээ үүрэх нь.

УИХ-аар хэлэлцэж буй 2018 оны төсвийн төслийг сөхвөл уул уурхайгаас төсвийг чиглэх татвар, хураамжийн нийлбэр дүн 1.7 их наяд төгрөгийг давж байна. Үүний 1.5 их наяд төгрөг буюу 90 хувь нь зөвхөн зэс, нүүрсний орлого аж. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар (ААНОАТ), Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ) болон бусад татвараар дамжуулан улсын төсөв уул уурхайн салбараас “хаялга” хүртдэг. Тэгвэл төсөвт төвлөрүүлэх татварын орлогоороо зэс, нүүрс бусад түүхий эдээ хошуучилж байна. Тухайлбал, “Эрдэнэт”, “Оюутолгой”-гоор хүчээ зузаатгасан зэсийн салбар гэхэд улсын төсөвт нэг их наяд төгрөгийн орлого оруулна. Үүний бараг 70 орчим хувийг нь ААНОАТ болон АМНАТ-аас авахаар байгаа аж. Ялангуяа, Монголын зэсийн салбарын хос багана болох “Оюутолгой” 406, “Эрдэнэт” үйлдвэр 538.4 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр тооцжээ.

1.5 их наяд төгрөгийг зөвхөн зэс, нүүрсний орлогоос олно
Мөн зэсийн үүсмэл ордод үйл ажиллагаа явуулдаг бусад компаниас 62.6 тэрбум төгрөгийн татвар авахаар тусгасан байна. Зэстэй нүүрс хүч хавсарна. Нүүрсний салбараас улсын төсөвт хагас их наяд төгрөгийн орлого олох төлөвтэй. Нүүрсний салбарын АМНАТ-ын орлого 212 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна. Ийнхүү зэс, нүүрс төсөвт эзлэх уул уурхайн орлогын дийлэнхийг бүрдүүлэх бол үлдсэн 10 гаруй хувь нь алт, цайрын баяжмал, төмрийн хүдэр болон бусад түүхий эдээс хамаарна. Ирэх онд Монголбанкинд тушаах алтны хэмжээг 21 тонн байхаар төсөөлсөн. Ингэснээр шаргал металлаас улсын төсөвт 80.4 тэрбум төгрөгийн орлого төвлөрөх аж.

Мөн 8.1 сая баррель газрын тос экспортлохоор тооцсон. Ингэхдээ нэг баррелийг 50 ам.доллараас доошгүй үнээр борлуулж, төсөвт нийт 223.4 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төсөөлжээ. Хэдийгээр уул уурхай нь төсвийн орлогын итгэл найдвар болдог ч энэ хэрээр өндөр эрсдэл дагуулдаг. Монголын эдийн засгийн тулгуур болсон нэг түүхий эдийн үнэ унахад л төсвийг тэтгэгч олон татварын орлого тасрах аюул нуугдаж байдаг. Тухайлбал, коксжих нүүрсний үнэ тонн тутамдаа төлөвлөснөөс таван ам.доллараар буурахад АМНАТ-ын орлого 4.9 тэрбум төгрөгөөр буурахаар байна. Мөн зэсийн үнэ 100 ам.доллараар буурахад АМНАТ- ын орлого 7.9 тэрбум төгрөгөөр тасарна гэсэн тооцоо гарчээ.

Тэгвэл төсвийн орлогод жинтэй нөлөөлдөг ханшийн төлөв ямар байгааг харцгаая. Сангийн яам ирэх онд тонн зэсийн үнийг 6430 ам.доллараар тооцжээ. Дэлхийн зах зээлд зэсийн ханш дээрх үнэд хүрвэл Монгол Улс шаргал металлын 1.3 сая тонн баяжмал экспортолж, төсөвтөө нэг их наяд төгрөг олохоор тооцож сууна. Тэгвэл олон улсын шинжээчид ирэх оны зэсийн ханш 6000-6118 ам.доллар хэмээн таамаглажээ. Харин нүүрсний тухайд 28 сая тонныг хилийн чанадад нийлүүлнэ. Ингэхдээ баяжуулсан коксжих нүүрсний үнийг тонн тутам 100, боловсруулаагүйг нь 60 ам.доллараар тооцжээ.

Сүүлийн саруудад баяжуулсан коксжих нүүрсний үнэ тонн тутамд 142.7 ам.долларт хэлбэлзэж байгаа. Бас есдүгээр сарын байдлаар нийт 25 сая тонн нүүрс экспортолчихоод буйгаас үзвэл нүүрсний экспортын үнэ хийгээд хэмжээ харьцангуй хөрсөндөө буусан гэж үзэж болно. Мөн алтны ханшийг 2018 онд 1291.0 ам.доллар байхаар тусгасан. Харин Дэлхийн банк алтны ханш ирэх онд 1206 ам.долларт хэлбэлзэнэ гэж таамагласан юм. Энэ онд геополитикийн хориг, байгалийн гамшиг гээд тооцоолоогүй хүчин зүйлийн нөлөөгөөр таваарын зах зээлийн ханш өссөн. Харин ирэх онд гэнэтийн гэмээр эдгээр хүчин зүйл дахин тохиолдоно гэсэн баталгаа байхгүй. Дээрээс нь гол түүхий эдүүд дэх урд хөршийн эрэлт буурч байгаа. Мөн БНХАУ хилийн боомт дээрх нүүрсний хяналт шалгалт, стандартаа дээшлүүлж байгаа нь ирэх онд төсвийн орлогод эрсдэл дагуулж байна.

САНАЛ БОЛГОХ