Эдийн засгийн сэргэлт хөрөнгийн зах зээлийг идэвхжүүлж байна

Албаны хүний үг


Зах зээлийн хоцрогдол нь нөөцийн хуваарилалтын үр ашгийг алдагдуулж байна

Санхүүгийн зохицуулах хорооны дарга, доктор С.Даваасүрэнтэй хөрөнгийн зах зээлийн өнөөгийн төлөв, хөгжлийн чиг хандлага, төрийн бодлого, зохицуулалтын талаар ярилцлаа.

-Хөрөнгийн зах зээлээ хөгжүүлэхээр манай улс олон жил ярьж байна. Гэвч санхүүгийн зах зээлийн дөнгөж тав хүрэхгүй хувийг эзэлсэн хэвээр бараг 20 жил болчихлоо. Үүнд бодлогын дэмжлэг дутсан уу, эсвэл хууль эрх зүйн тааламжтай бус байдал нөлөөлөв үү?
-Монгол Улсад хөрөнгийн зах зээл үүсээд 26 жил өнгөрч байгаа ч хөрвөх чадвар, арилжааны хэмжээ маш бага байна. Энэ нь хувьцааны төвлөрөл өндөр, компаниудын засаглал сул, санхүүгийн тайлагнал, ил тод байдал хангалтгүй, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний нийлүүлэлт хомс гээд олон хүчин зүйлтэй холбоотой. Мөн хууль, эрх зүйн орчин, бодлогын удирдлага хангалтгүй явж ирсний зэрэгцээ сэтгэл дутсан юм болов уу гэж дүгнэж сууна. Уг нь хөрөнгийн зах зээл нөөцийг эдийн засгийн бусад салбаруудад зохистой хуваарилж, өсөлтөд нөлөөлдөг зах зээл шүү дээ. Тэгэхээр хоцрогдож, хөгжихгүй явж ирсэн нь нийт эдийн засгийн хөгжилд чөдөр тушаа болж байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй.

-Арилжаанд идэвхтэй оролцохыг хүсэгчид Засгийн газрын бондоос өөр чанартай, өгөөж авчрах бүтээгдэхүүн алга гэж тайлбарлаж байна. Үүнийг бодлогоор хэрхэн идэвхжүүлэх вэ?
-Өнгөрсөн оны байдлаар үнэт цаасны зах зээл дээр нээлттэй хувьцаат компанийн долоон тэрбум ширхэг хувьцаа байна. Үүний тав хүртэлх хувийг нийт хувьцаа эзэмшигчийн 99.6 хувь нь эзэмшиж байна. Харин 33 хувиас дээш хувьцаатай буюу томоохон хувьцаа эзэмшигчид нийт хувьцаа эзэмшигчдийн ердөө 0.1 хувь нь болдог. Хувьцааны төвлөрөл хэт өндөр байгаа нь хөрвөх чадварыг бууруулж байна. Энэ бол нэг учир шалтгаан нь. Арилжааны идэвх сулрахад хувьцааны төвлөрлөөс гадна оролцдог иргэд, аж ахуйн нэгжийн тоо хэтэрхий цөөн, дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхол татдаггүй, иргэдийн мэдлэг, туршлага тааруу, шинэ бүтээгдэхүүн гарч ирэхгүй байгаа зэрэг олон шалтгаан нөлөөлдөг.

-Тэгвэл гарч буй тодотгох эерэг өөрчлөлт байна уу. Хөгжлийн хөшүүрэг гэдэг ч хангалтгүй байх шиг санагддаг?
-Эдийн засгийн мөчлөг бүрийг санхүүгийн зах зээл хамгийн мэдрэг хүлээн авч байдаг. Манай эдийн засаг нэг, хоёр жилийн өмнөхөөсөө сайжирч, тодорхой хэмжээнд сэргэх хандлага ажиглагдаж байна. Үүнийг дагаад хөрөнгийн зах зээл ч нэг үеэ бодвол хөдөлж эхэллээ. Энэ онд манай хэд хэдэн компани үнэт цаас, компанийн өрийн хэрэгсэл гаргасан нь маш амжилттай боллоо. Тухайлбал, саяхан шинээр гаргасан хоёр хувьцааны захиалгын нэг нь 180 хувь, нөгөө нь 290 гаруй хувиар давж биеллээ. Энэ нь асар их нөөц байгааг, хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах боломж байгааг харуулж байна.

-Хороонд IPO гаргахаар хэчнээн компани хүсэлтээ ирүүлээд байна. Өмнө нь дөрвөн компани хөрөнгө оруулалт татаж чадаагүй, хоёр компанийн хувьцааг танайх бүртгэхээс татгалзаж байсан?
-Энэ жилийнх шиг олон үнэт цаас гаргаж, үнэт цаас бүр амжилттай арилжигдаж байсан түүх байхгүй. Энэ жил шинээр гаргаж байгаа үнэт цааснуудын арилжааны нэг нь ч амжилтгүй болоогүй төдийгүй санаанд оромгүй амжилттай биелж байгаа нь ч бас санамсаргүй хэрэг биш гэдгийг хэлэх хэрэгтэй болов уу. СЗХ өмнөх алдаануудад дүгнэлт хийж, үнэт цаас бүр дээр нарийвчилж ажилласнаар ийм үр дүн гарах нөхцөлийг бүрдүүлсэн. Одоо дахиад нэг үнэт цаас гаргах хүсэлт ирчихсэн байна. Олон нийтээс санхүүжилт татан төвлөрүүлнэ гэдэг зүгээр нэг хүссэн, хэрэгцээ гарсан хэн бүхний дур зоргоор хийчихдэг ажил биш. Шалгуур хангахгүй байгаа, үр дүнтэй хэрэгжих магадлал муутай төслүүдийг буцаах, зөвшөөрөл өгөхөөс татгалзах тохиолдол цөөнгүй гардаг. Цаашлаад үнэт цаас гаргахаар ажиллаж байгаа аж ахуйн нэгж, тэдэнд мэргэжлийн үйлчилгээ үзүүлж байгаа андеррайтер компанийн судалгаа тооцоо, арга аргачлал нь буруу, сул байснаас болж арилжаа амжилтгүй болдог.

Давхар бүртгэл нь хөрөнгийн зах зээлийг шинэ шатанд гаргах хөшүүрэг
-Хөрөнгө оруулалтын сангийн тухайд?
-2013 онд Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль батлагдсанаас хойш СЗХ-ноос нийт 14 компани хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан. Хуулиар, тусгай зөвшөөрлөө авснаас хойш жилийн дотор сангаа байгуулах зохицуулалттай байдаг. Гэтэл хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан компаниуд сангаа байгуулахгүй байх явдал хэвийн зүйл мэт болсон байсан. Эдний 50 хувь нь л хувийн хөрөнгө оруулалтын сан байгуулах баримт бичгээ бүрдүүлж ирүүлснээс ердөө дөрвөн компани сангаа бүрдүүлээд ажиллаж байна. Бүгд 2017 онд байгуулагдсан. Сан байгуулсан компаниудын хоёр нь хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлөө энэ онд авсан компани байна. Энэ жишээ эдийн засаг сэргэж эхэлснийг илтгэхийн зэрэгцээ оролцогчдоо чадавхжуулах, хувийн компаниудыг санхүүгийн зах зээлд тогтвортой үйл ажиллагаа эрхлэхэд хорооны бодлого, үйл ажиллагаа чиглэж ажилласныг харуулж чадах байх.

-Манай улс хөгжиж буй зах зээлийн ажиглалтын жагсаалтаас мултарлаа. Олон улсын индекс тодорхойлогч FTSE Russell компани Frontier зах зээлийн ажиглалтын жагсаалтаасаа ийнхүү хассан нь дотоодын хөрөнгийн зах зээлд, уг зах зээлд бүртгэлтэй компаниудад хэрхэн сөргөөр нөлөөлөх вэ. Хорооны зүгээс үүнийг хэрхэн харж байгаа вэ?
-Ажиглалтын жагсаалтаас үндсэн жагсаалтад орох явдал бидний бодлогын зорилт байсан. Харамсалтай нь хасагдлаа. Гол учир шалтгаан нь үнэт цаасны компаниудын чадавх сул, хөрөнгийн нөөц хомс, дэд бүтцийн хөгжил тааруу байгаа явдал. Өдийг хүртэл 30 шахам жил энэ зах зээлд ажилласан мэргэжлийн оролцогчид маань өнөө хэр чадавхжаагүй, хөрөнгө санхүүгийн болон хүний нөөцийн чадвар бий болгоогүй байгаагийн л илрэл юм. Хөрөнгийн зах зээл хөгжсөн орнуудын хувьд зах зээлийн үнэлгээ, оролцогчдын тоо хоёр эерэг хамааралтай байдаг.

Гэтэл манай зах зээл тийм биш. Нэг жишээ хэлье. Энэ оны хоёрдугаар улирлын байдлаар бүртгэлтэй хувьцаат компаниудын 10 хүрэхгүй хувь нь ногдол ашиг тараалаа. Хувьцаат компаниудын 60 гаруй хувь нь огт ашиггүй, эсхүл алдагдалтай ажиллаж байна. Хувьцаат компаниуд ногдол ашиг хуваарилах эсэх нь нэгдүгээрт, тухайн компанийн үйл ажиллагаа, үр ашгаас хамаарна. Улс орны эдийн засгийн төлөв байдал, өсөлт уналтаас хамаардаг ч хамгийн гол шалтгаан нь компанийн өөрийн нь үйл ажиллагаа. Бид үнэт цаасны зах зээлийн оролцогчид, аж ахуйн нэгжүүдээ цаашид санхүүгийн, төлбөрийн, мэргэжлийн хувьд улам чадавхжуулах, эрх зүй, зохицуулалтын орчныг өнөөдрийнхөөс илүү чамбайруулах, хууль, дүрэм журмын хэрэгжилтийг сайжруулах ажлуудыг шат дараатай хийж байна. Зах зээл дээр оролцогчид, аж ахуйн нэгжүүд чадавхжих нь эргээд жагсаалтад орох, улмаар шат ахих гол хүчин зүйл гэж үзэж бодлого, үйл ажиллагаагаа чиглүүлж байна.

-Үнэт цаасны зах зээлийн нийт үнэлгээнд энэ он гарсаар дорвитой өөрчлөлт гарав уу?
-Энэ оны гуравдугаар улирлын байдлаар үнэт цаасны зах зээлийн нийт үнэлгээ 2.1 их наяд төгрөг байна. Жилийн өмнөхөөсөө 100 хувиар буюу хоёр дахин өссөн гэсэн үг. Энэ нь манай улсын эдийн засгийн өсөлт 17.5 хувьд хүрч байсан 2011 оны түвшинд дөхөж очсон үнэлгээ. Гэтэл эдийн засгийн өсөлт өнөөдөр ямар байгааг бид мэдэж байгаа шүү дээ. Тухайн үед уул уурхайн өсөлттэй холбоотойгоор гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэж, хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ өндөр гарч байсан бол одоогийн энэ өсөлт бол цэвэр дотоодын хөрөнгө оруулагчдын идэвх, оролцоо, сонирхол нэмэгдсэнтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, харьцангуй тогтвортой өсөлт юм.

Өнгөрсөн жил бид ББСБ-уудын хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Бидний энэ алхам тусгай зөвшөөрөлтэй компаниудын тоонд хязгаарлалт болохоос илүүтэй санхүүгийн урсгалыг сайжруулж, нөөцүүд зохистой хуваарилагдахад эерэг нөлөө үзүүлж байна. Үнэт цаасны зах зээлийн үнэлгээ өсөхөд ч нөлөөлж байгааг дурдах хэрэгтэй. Энэ бодлогын шийдвэрийн нөлөөгөөр зээлийн хүү буурна гэдгийг бид тухайн үед тодорхой үндэслэл, судалгаатайгаар танилцуулж байсныг хүмүүс санаж байгаа байх. Өнөөдөр бодлого боловсруулагчид, банкууд зээлийн хүүг бууруулах хуулийн төсөл, стратеги гэхчлэн ярьж эхлээд байгаа нь хорооны бодлогын алхмын үр дүн гэж хэлж болно.

-Монголын зах зээлд зөвшөөрөх биржүүдийн түр жагсаалт гэж баталсан байдаг. Одоогийн байдлаар гадаадын таван хөрөнгийн биржид бүртгэлтэй нийт 34 Монголын компани байна. Давхар бүртгэлийн системийг эхлүүлэх боломжтой юу?
-Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг, гадаадын хөрөнгийн биржид бүртгэлтэй 30 орчим компанийн ихэнх нь уул уурхайн салбарынх. Ашигт малтмалын тухай хуулийн дагуу эдгээр компани хувьцааныхаа 10-аас доошгүй хувийг Монголын зах зээлд арилжих ёстой. Тэгэхээр энэ хуулийг хэрэгжүүлэхийн тулд зайлшгүй давхар бүртгэл хийлгэх шаардлагатай болж байгаа юм. Давхар бүртгэл буюу “Dual listing” Монгол Улсын хөрөнгийн зах зээлийг шинэ шатанд гаргах чухал үйл явц. Компани үнэт цаасаа өөр улсын биржид давхар бүртгүүлэх, гадаад улсад хадгаламжийн бичиг гаргах нь үнэт цаасныхаа хөрвөх чадварыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчийн бааз сууриа өргөжүүлэх, нэмэлт хөрөнгийн эх үүсвэр татах зэрэг олон талын ач холбогдолтой.

Цаашлаад манай үндэсний компаниуд олон улсад үйл ажиллагаагаа таниулж, үнэ цэнээ өсгөх, бүтээгдэхүүнийхээ борлуулалт, ашгийг нэмэгдүүлэх гэх мэт өргөн боломж нээгдэнэ. Хамгийн гол нь давхар бүртгэлийг хэрэгжүүлэхийн тулд бид дотоодын зах зээлийнхээ дэд бүтцийг хөгжүүлэх, арилжаа, төлбөр тооцооны олон улсын нийтлэг стандарт, шаардлагуудыг хангах, хөрөнгө оруулалтын орчныг тогтвортой болгох шаардлагатай. Энэ ажлын хүрээнд манайхаас дэлхийд тэргүүлэгч 26 биржийн жагсаалтыг батлан гаргасан. Одоо давхар бүртгэлийн журмыг батлахаар зах зээлийн мэргэжлийн оролцогчид, хөрөнгө оруулагчид, иргэд, олон нийтээс санал авч байна.



САНАЛ БОЛГОХ