Тэд тэвчээрийнхээ хязгаарт тулжээ

Сурвалжилга


Аливаа зүйлд хэмжээ хязгаар, төрд хүлээсэн үүрэг гэж байх ёстой


БУХИМДАЛ

Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үеэс эхлэн цалингаа нэмэгдүүлэхийг хүссэн багш нарын бухимдал дээд цэгтээ хүрч, шинэ долоо хоногийн эхний өдрөөс хугацаагүй ажил хаялт зарлав. Ажил хаялтад улсын хэмжээнд 177 сургууль, 217 цэцэрлэг, 11 шинжлэх ухааны байгууллага оролцсон гэдгийг Боловсрол, шинжлэх ухааны Үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдээллээ. Энэ бол нийгмийн маш том үзэгдэл. Багш нар эцсээ хүртэл тэвчиж, чинээндээ тултал ажилласан. Өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд тэд улс орныхоо эдийн засгийг тогтворжихыг хүлээж, бас тэвчиж, тэссээр өдий хүрсэн. Одоо тэдэнд хүлээх, тэвчих боломж алга. Учир нь тэд цалингаас цалингийн хооронд амьдарч, хойд хормойгоороо урд хормойгоо нөхсөөр, эцэстээ өр зээлэнд баригдаж дуусчээ. Энэ бол бодит үнэн. Багш нар ч гэсэн амьдрал ахуйтай хүмүүс. Тэд бусадтай адил хооллож, хувцаслаж, гэр бүл болж, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлж, амьдрал ахуйгаа дээшлүүлэхийг хүсдэг.

Гэтэл нийгмийн хэсэг бүлэг хүмүүс ажил хаялтыг буруушааж, тэднийг цахим ертөнцөөр “шүүж” сууна. “Би л болж байвал бусдын амьдрал надад хамаагүй” гэсэн сэтгэлгээтэй хүмүүс багш нарыг баалж байна. Энэ бол хувиа хичээсэн, өчүүхэн бодолтой хүмүүсийн үйлдэл. Багш нар борог амьдарч байна. Тэдний 80 хувь нь хэрэглээний болон орон сууцны зээлтэй. Хоногийн хоолоо аргацааж, түлээ нүүрсээ өдөр өдрөөр нь авч байгаа нь багш нарын бодит дүр төрх.

АРГАЦААХ ГЭСЭН ОРОЛДЛОГО

Багш нарын цалинг нэмэх бололцоогүй гэж Ж.Эрдэнэбатын Засгийн газар шуудхан хэлж байсан бол У.Хүрэлсүхийн Засгийн газар 300 мянган төгрөгөөр амыг нь таглахаар зэхэж байна. Уг нь өмнөх Засгийн газар ОУВС-гийн нэрийг урдаа барьж 2-3 жилийн дараа багш нарын цалинг нэмэх бололцоотой гэсэн ул суурьтай дүгнэлт гаргаж, үүнд нь багш нар итгэж, ахиад хэдэн жил бүсээ чангалах талаар бодож байлаа. Гэтэл багш нарыг “авлигадах” гэсэн У.Хүрэлсүхийн Засгийн газрын оролдлого эсрэгээрээ тэдний дургүйцлийг улам бүр өдөөж, турхирч орхив. Багш нарыг доромжилсон энэ үйлдэл өнөөдөр нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэчихлээ. Шинээр томилогдсон салбарын сайд юу хийж, ямар арга хэмжээ авахаа мэдэхгүй хэдэн багш нарыгаа дэмий л зүхэж, бичиг цаас шидэлцэж сууна. Аливаа зүйлд хэмжээ хязгаар, тэвчээрийн дээд цэг, төрд бас хүлээсэн үүрэг гэж бий. Тиймээс Засгийн газар үүсээд байгаа нөхцөл байдлыг ухаалгаар шийдвэрлэж, багш нарын цалинг нэмэх асуудлыг яаралтай шийдвэрлэж, харилцан ярианы түвшинд ширээний ард сууж бодитой алхам хийх хэрэгтэй байна.

ХЭН ХОХИРЧ БАЙНА ВЭ?

Манай л хүүхдүүд энэ акцын золиос болж байна. Одоогоос 22 жилийн өмнө буюу 1995 онд багш нар цалингаа нэмүүлэхээр ажил хаялт зарлаж байсан удаатай. Миний санаж буйгаар тэр жил төгсөх ангийн хүүхдүүд хичээлээ заалгаж чадаагүйгээс конкурс өгч чадахгүйд хүрч, хүссэн мэргэжлээрээ суралцах боломж нь хязгаарлагдаж байсан билээ. Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ээлжийн амралт баасан гарагаар дуусгавар болж, хүүхдүүд хичээл номдоо шамдах байв. Долоо хоног амарсан хүүхдүүд хичээлдээ явах гэтэл зөрүүлээд багш нар ажил хаячихлаа. Мэдээж хэрэг хүүхдүүд л болсон юм хойно заримд нь багш нарын ажил хаялт таалагдаж байгаа бололтой. Найз нөхөдтэйгээ нийлж гадуур хэсэхээс өөр “ажил” тэдэнд байхгүй болох нь.

• Багш нар цалингаас цалингийн хооронд амьдарч, хойд хормойгоороо урд хормойгоо нөхсөөр, эцэстээ өр зээлэнд баригджээ.

• Тэднийг “авлигадах” гэсэн У.Хүрэлсүхийн Засгийн газрын оролдлого эсрэгээрээ дургүйцлийг нь улам бүр өдөөж, турхирч орхилоо.

• Төр засаг багш нарын цалингаа нэм. Харин багш нар толгой дахь мэдлэгээ нэмэх хэрэгтэй.

Гэтэл ид хальтиргаа гулгаа ихтэй, ханиад томууны дэгдэлтийн үед ийн багш нар ажил хаяснаар магадгүй олон муу үр дагавар авчирч, хүүхдүүд хохирч мэдэхээр байна. Хамгийн наад зах нь өдөржин гадуур зугаалсан багачууд ханиад томуу хүрэх, цаашлаад хальтирч унаад гэмтэх аюултай. Томчуудын үл ойлголцлоос бидний үр хүүхэд ингэж хохирч байна. Хэн хариуцлага хүлээх вэ. Цалингаа нэмүүлэх хүсэлтэй багш нар уу, цалингийн нэмэхгүй байгаа төр засаг уу?

ЯМАР ГАРЦ БАЙЖ БОЛОХ ВЭ?

Төр засаг багш нарын цалингаа нэм. Харин багш нар толгой дахь мэдлэгээ нэмэх хэрэгтэй. Төрийнх нь дутуу, залгамж халаагүй бодлогоос болж эцэстээ Монголын үрс хохирч байна. Борог амьдралдаа боолчлогдсон хөөрхий багш нар ч туйлдаж байна. Гэхдээ өнөөдрийн үүсээд байгаа нөхцөлд төр болон багш нарын аль алиных нь буруу ч бас байх талтай. Яг үнэндээ өнөөдөр аттестачлал явуулбал Монголын багш нарын хэдэн хувь нь тэнцэх бол. Социализмын үеийн арга барил, мэдлэг чадвартаа шинэчлэл хийж, орчин үеийн, эх оронч, түүх, өв соёлоо мэддэг монгол хүнийг тэд бэлдэж чадаж байна уу. Энэ мэтчилэн багшаас асуух асуулт олон байна. Тэд өөрсдийгөө хөгжүүлж, чадавхжуулчихаад мөнгө нэхээд суувал өөр хэрэг гэж шүүмжлэх нэгэн ч байна. Энэ талаар бас бодох л ёстой. Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэдэг онч үг боловсролын салбарт үүсээд байгаа нөхцөл байдалтай утга дүйнэ.

Нөгөөтэйгүүр, боловсролын салбарын системийн гажуудал даамжирсаар эцэстээ ингэж идээ бээр нь хагарч гарч ирж байна. Төр засаг бүтээмж, ажлын нөхцөлөөр нь системчилж, олигтойхон цалин өгдөг, түүнийхээ хэрээр хариуцлага нэхдэг байсан бол ийм байдал үүсэхгүй л байлаа. Тиймээс хамгийн зөв гарцыг хамтдаа хайх нь чухал. Магадгүй багшийг чадвараар нь үнэлж, цалингийн хувь тооцдог системд шилжиж болно. Ингэснээр багш нар өөр хоорондоо өрсөлдөж чадвараа ахиулж, үр дүнд энэ салбар зөв гольдиролдоо орно.



САНАЛ БОЛГОХ