Засаглалыг хямруулсан занал, зүхэл зогсохгүй нь ээ

Нийтлэлчийн булан


Эхлээд бүхий л эрх мэдлийг нь түүнд өгье! Дараа нь тооцоогоо нэгмөсөн бодьё

МАН парламентын өнгөрсөн сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулж УИХ-д 65 суудалтай болсноор Засгийн газраа дангаараа байгуулж, эрх мэдлээ хэрэгжүүлэх түүхэн боломжийг олж авсан ч, ашиглаж чадаж байгаа юм нэгээхэн ч алга. Харин ч улс төрийн хямралыг жинхэнэ өдөөлөө. Яг эдүгээ Монголд эдийн засаг, санхүүгийн гэхээсээ илүү, эрх мэдэлтнүүдийн хэн нэгнээсээ давж гарах гэсэн өрсөлдөөн, нэг нэгнийгээ татаж унагах гэсэн өршөөлгүй занал зүхлээс үүдэлтэй засаглалын ужиг хямрал болж байна хэмээн тодорхойлох нь оновчтой тусах болов уу? МАН-ын удирдлагуудын дотоодод эрх мэдэл булаалцан, өс зангидан хонзогносон бүлэглэлүүд үүсч, тун ч эвгүй нөхцөл байдалтайгаар Их хурлаа хуралдуулах гэж байна. Энэ сарын 20-22 нд МАН-ын 1309 төлөөлөгч цуглан 28 дугаар их хурлаа хуралдуулна. Тус намын 100 шахам жилийн түүхэнд ийм олуулаа цугласан хурал болж байгаагүй юм билээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнтэй холбоотойгоор МАН-ын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нар өөрчлөгдөх нь нэгэнт тодорхой болсон. Үүгээр зогсохгүй Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд ч орвонгоороо эргэсэн өөрчлөлт гарах байх.

МАН-ЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭНД ХЭН ГАРЧ ИРЭХ ВЭ?

Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин, С.Баяр гэх мэт ахмадууд, Ж.Эрдэнэбат, Ж.Энхбаяр, С.Бямбацогт нарын “дөч гарч дөрвөө дарсан” эрхмүүд МАН-ын даргад нэрээ дэвшүүлэн өрсөлдөх магадлалтай хэмээн яригдаж байгаа ч, эцсийн эцэст өнөөгийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс өөр сонголтыг их хурлаас хийхгүй гэсэн чимээ дуулдаж байна. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагаахад бий болсон үйл явдал бараг тэр чигээрээ давтагдаж, У.Хүрэлсүх намаа гартаа авах байх.

Түүнчлэн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан ч албан тушаалаа өгч таарна. Ерөнхийлөгчийн сонгуулийн амжилтгүй кампанит үйл ажиллагааныхаа хариуцлагыг түүнээс өөр хэн хүлээх билээ. УИХ-ын дарга М.Энхболд энэ их хурлаар намын даргын албаа хүлээлгэн өгөхөө бараг зарлачихсан. Уг нь хоёр талцан нударга зангидсан энэ намд түүн шиг арай аядуу зөөлөн, харьцангуй эв эеийг эрхэмлэдэг хүн хэрэгтэй байгаа ч түүний бүлэглэлийн нөлөө суларчихсан төдийгүй харин ч намын даргаасаа гадна нэмээд УИХ-ын даргын суудлаа алдаж мэдэх аюул маш ойрхон байгааг М.Энхболд мэдэж байгаа тул У.Хүрэлсүх нарын аясыг дагаж хөдлөх нь тодорхой болов уу.

Хэдийгээр Ерөнхий сайд ч гэлээ намын даргаараа сонгогдож чадахгүй бол У.Хүрэлсүх хэн ч биш болж хувирна. Ядаж байхад өнгөрсөн парламентын сонгуулиар “хар толгойгоо” бодоод намаа орхиод явчихсан болохыг нь сануулах хүн түүний “ноймер нэг ” дайснаар тодроод байгаа МАН-ын хуучин генсек асан Ж.Мөнхбатаас эхлүүлээд УИХ-д олон бий. Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газарт ажиллаж байсан гишүүд хийгээд түүний Засгийн газрыг огцруулахгүй гэсэн байр суурин дээр хатуу зогссон нөхдийн зүгээс У.Хүрэлсүхэд бүх эрхийг өгч байгаад хариуцлага хатуу тооцох хариу барих тактикаар ажиллаж байгаа нь ч нууц биш. Тэгэхээр У.Хүрэлсүх МАН-ын нэгдүгээр хүнээр тодрон гарч ирэх ч, маш хэцүү, бараг л өглөө болгон огцорчих вий гэсэн айдастай сэрж, ажлаа эхлүүлдэг дарамт давхар ирэх буй за.

У.Хүрэлсүхийн Засгийн газар Цагаан сар хүргэхгүйгээр огцорч мэдэх юм
ШИНЭ ЗАСГИЙН ГАЗАР ХЭР УРТ НАСЛАХ БОЛ ОО!

Улстөрчид засаглалын хямрал гэж ярихаасаа илт цэрвэдэг. Харин тулгарсан, тулгамдсан бэрхшээлд эдийн засаг, санхүүгийн хямрал гэсэн хаяг хадаад, өмнөх нөхдөө барьж өгөөд, өөрсдийгөө энэ бүхнийг засаж, залруулах гэж туйлын “зовсон” хүний дүрд хуваарьладаг танил болсон арга барилтай. Уг нь МАН-ынханд өмнөх парламентаар шийдэж болдоггүй, гацаа,маргаан дагуулдаг байсан эрх зүйн шинжтэй асуудлуудыг бүрэн зохицуулан шийдвэрлэж, хуульчлах боломж үүссэнийг дээр дурдсан. Шударгаар хэлэхэд ганцхан жилийн дотор нэг их “пиардалгүйгээр” тэрүүхэндээ ажилласаар Монголын эдийн засаг, санхүүгийн тун хүнд болчихсон нөхцөл байдлыг харьцангуй сайжруулах суурийг тавьсан Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг МАН-ынхан буюу эрх баригчид өөрсдөө унагасан нь засаглалын хямралын эхийг тавьсан юм. Эрх баригч намын түүхэнд өөрийн Засгийн газраа ингэж ялих, шалихгүй шалтгаанаар унагаж байсан тохиолдлыг мэдэхгүй ээ.

Хамгийн эмгэнэлтэй нь энэ үр дагавар цаашдаа үргэлжилж У.Хүрэлсүхийн Засгийн газрыг ч нэг их урт наслуулахгүй байж мэдэхээр байна. У.Хүрэлсүх УИХ- ын танхимын гаднаас сонгогдсон сайд гэдгээс гадна парламентаар Засгийн газрынхаа үйл ажиллагааг “дарамтлуулаад” байлгахгүйн тулд давхар дээлтэй сайд нараар танхимаа бүрдүүлсэн. Үнэндээ сайд болохыг хүссэн 65 гишүүн бүрт боломж олдоогүйгээс хойш түүнд гомдож, өс зангидагсдын 32 хүнтэй бүлэг доторх шинэ бүлэг үүсэж, УИХ-ын олонхийн бүлгээс шийдвэр гаргаж болохгүй байдалд хүрснийг одоо бид харж байгаа. Өөрөөр хэлбэл УИХ дахь МАН- ын бүлэг 33, 32-оор хуваагдсан нь У.Хүрэлсүхийн Засгийн газарт урт наслах баталгаа байхгүй болгочихлоо. Тэртээ тэргүй энэ парламентыг тараасан ч яахав гэсэн байр суурийг барих болсон сөрөг хүчнийнхэн 32–ын бүлэгт Засгийн газрыг сөрсөн ямар ч асуудлаар дэмжлэг үзүүлэхэд гарах үр дүн тодорхой. Намын дарга болсныхоо дараа өөрт гомдогсдын эрх ашиг, сонирхолыг хэр хангаж чадах нь түүний Засгийн газрын насыг үндсэндээ “зурчих”биз ээ. Ер нь Засгийн тэргүүний сүр хүчийг, намын даргын зангарагаар сэлбээд ч найдваргүй ирээдүй “зурагдах” талдаа.

САЙДУУД НЬ ХАРЬЯА ГАЗРУУДАА БУЛААЛДСАН ХЭВЭЭР

Удахгүй болох намынхаа их хурлаар МАН-ын даргад У.Хүрэлсүхээс өөр кандидатыг төлөөлөгчид хүлээж авахгүй байх уур амьсгал хот, хөдөөдгүй бүрдчихсэн талаар эх сурвалжууд яриад эхэлжээ. “Эхлээд бүхий л эрх мэдлийг нь түүнд өгье! Дараа нь тооцоогоо нэгмөсөн бодьё” гэсэн төлөвлөгөө МАН-ын тодорхой хүрээнийхэнд байгаа бололтой. Энэ санаагаа ч Ерөнхий сайдын өрөөнд орж шуудхан ойлгуулаад гарсан гишүүдийн нэр ч дуулдаж байна билээ. “Заавал унагана” гэж бүр заналтайгаар тангараг тавьсан нөхдүүд ч байна цаана чинь. МАН-ын дотоодод үүссэн энэ халуун нөхцөл байдлыг XXVIII их хурлаас огтхон ч шийдэж чадахгүй гэж үзвэл У.Хүрэлсүхийн Засгийн газар Цагаан сар хүргэхгүйгээр огцорч мэдэх юм.

Хэдийгээр танхим нь бүрэн бүрэлдэхүүнээрээ төвхнөж ажиллаад багагүй хугацаа өнгөрсөн ч, зарчмын болон бодлогын чанартай том ажил хийсэнгүй ээ. Бие биенийхээ уусан идсэн, хулгайлсан хураасныг дуудалцсан хэрүүлээр эхэлсэн Засгийн газрын ажил, шинэхэн сайдууд нь салбарынхаа харьяа газруудаа булаалдсан хэрүүлээр үргэлжилсэн хэвээр. Б.Галсансүхийн нэгэн шүлгийн маягаар намынх нь нөхөд “Чи УИХ-д өрсөлдөн нэг ч суудал авчраагүй ч, чамайг нам чинь Шадар сайд болгосон. Чи танхимаа огцруулахад гар бие оролцсон ч ганцаараа буцаад Ерөнхий сайд боллоо. Чи хэлсэн үгнээсээ буцан давхар дээлийг эрхэмлээд тэр хүслээрээ болсон. Чи намын дарга больё гэж ихэд хүсэж байна.Чамайг бид болгоно оо. Харин эцэст нь ганц зүйлийг хэлнэ шүү. Чи битгий давраад байгаарай!” хэмээн У.Хүрэлсүхэд хандах бололтой. Засаглалыг хямруулсан занаа, зүхэл зогсохгүй нь ээ.

САНАЛ БОЛГОХ