Хугацаанд хавчигдсан төсөв хууль болж мэндэллээ

Төсөв


Засгийн газар дотоодын зах зээл дэх бондын арилжаагаа хумина

2018 оны нэгдсэн төсвийн төслийг УИХ 14 хүрэхгүй хоногийн хугацаанд шахан хэлэлцэж баталлаа. Хуульд заасан хугацаанд ийнхүү батлахын тулд төсвийн хэлэлцүүлгийг шууруулаад өнгөрөв. Хэрэв тэд хоног хугацаа алдсан бол хариуцлагагүй парламент гэдгээ харуулах байлаа. Төсвийн төслийг хэлэлцэх хугацаа өнөөдрөөр дуусгавар болдог. Ирэх оны эдийн засгийн өсөлтийг 4.2 хувиар тооцсон 2018 оны төсвийн төсөл ийнхүү хуульд заасан хугацаанаасаа ганц хоногийн өмнө амжиж хууль болон мэндэллээ. Төсвөө талхтай зүйрлэвэл дөнгөж саяхан гаргасан гэлтэй халуунаараа байна. Төсвийн алдагдал ДНБ-ий найман хувьтай тэнцэж буй. Үүнийг Сангийн сайд “Төсвийн үндсэн үзүүлэлт сайжрах эхлэл” хэмээн тодотгов. Шинээр баталсан төсөвт энэ үзүүлэлтийг 2020 он гэхэд ДНБ-ий 4.5 хувьд хүргэхээр зураглажээ. Тодруулбал, хоёр жилийн дараа гэхэд манай улсын төсвийн алдагдал хоёр дахин хумигдах нь. 2018 оны төсвийн алдагдал 2.4 их наяд төгрөг байгаа нь хоёр жилийн өмнөхөөс 34 хувиар буурсан үзүүлэлт аж. Сонгуулийн өмнөх жилүүдэд засаг зарлагаа үлэмж ихэсгэснээс төсвийн алдагдал хуулийн хязгаараас хэдэн арав дахин давсан билээ.

Төсөл, хөтөлбөрүүдийг эрчимжүүлэхээр тооцож, баталсан
2018 оны төсвийн орлого 7.2 их наяд төгрөг, зарлага 9.6 их наяд төгрөг байхаар хуульчлав. Нэгдсэн төсвийн зардал сүүлийн жилүүдэд байнга тэлсэн дүр зураг энэ удаад ч түүх болон давтагдав. Эдийн засгийн өсөлтийг тогтворжуулж, өр зээлийн дарамт сааруулахад төсвийн бодлого чиглэж байна. Төсвийн давсан орлогоор өрийн хэмжээг багасгах бөгөөд хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд сангийн хууль гар сунгах нь. Энэ хүрээнд үнэт цаасны арилжаанд гадаад, дотоодын иргэн, компани зэрэг бусад хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлэх аж. Ингэснээр өрсөлдөөн бий болгож, хамрах хүрээг нь өргөжүүлэх юм. Тааруухан төсөв УИХ баталсан талаар эдийн засагчид хэдийнэ яриад эхэллээ. Тэгвэл энэ төсвөөс боломж олж харах гэж оролдъё. Сэргэж буй эдийн засгийн тэлсэн төсвийн хөрөнгөөр ирэх жил нийт 82 сургууль, 147 цэцэрлэг барихаар төлөвлөжээ. Эдийн засгийн суурийг тодорхойлох ирэх жилийн төсөвт төрийн албан хаагчдын цалин нэмэх эх үүсвэр тусгасангүй.

• Төсвөө талхтай зүйрлэвэл дөнгөж саяхан гаргасан гэлтэй халуунаараа байна.

• 2018 оны төсвийн орлого 7.2 их наяд төгрөг, зарлага 9.6 их наяд төгрөг байхаар хуульчлав.

• Сэргэж буй эдийн засгийн тэлсэн төсвийн хөрөнгөөр ирэх жил нийт 82 сургууль, 147 цэцэрлэг барихаар төлөвлөжээ.

Харин тэтгэврийн хувь хэмжээг инфляцитай уялдуулан нэмэхээр нийт 134 тэрбум төгрөг төсөвт суулгасан бол төрийн албан хаагчдад нэг удаагийн урамшуулал олгоход зориулж, 56 тэрбум төгрөг батлав. 2018 оны төсвийн нөөц, бололцоо ч үүнээс хэтэрсэнгүй. Монгол Улсын мөнгөний нийлүүлэлт, хөрөнгө оруулалтын нэг суваг нь төсөв. Төсвийн урсгал хаашаа чиглэж, хаана хүрэх нь албан ёсоор тодорлоо. Засгийн газраас өргөн барьсан төсвийн алдагдлыг УИХ хэлэлцсэн боловч дорвитой танаж чадсангүй. Харин ч өөрсдийн тойрог, орон нутаг, дүүрэгт чиглэсэн хөрөнгө оруулалт нэмж суулгах гэж зарлагыг эсрэгээрээ тэлэхэд хүргэв. Ирэх онд улс төрийн сонгуулийн элдэв мөчлөг тохиохгүй. Энэ нь төсвийн алдагдал 2017 онтой харьцуулахад ялимгүй буурах үндэслэл болжээ.

Гэвч гадаад, дотоод өрийн дарамт жил ирэх тусам нэмэгдэж буй. Үүнийг төсвийн ээлжит сорилт гэж эдийн засагч Ч.Хашчулуун тодорхойлсон. Өрийн эрсдэл өндөр байх, эсэх нь төгрөгийн ханшаас хамаардаг. Харин энэ удаагийн төсөвт ам.долларын ханшийг 2500 орчим төгрөгөөр тооцжээ. Бид орлого, зарлага огтолцсон төсвийн талаар бараг л мартаад байгаа. Ялангуяа, эдийн засгийн ерөнхий төлөв өөдрөг байсан жилүүдэд төсвийн зарлага тэлдэг зуршилтай. Энэ хандлага ч 2018 оны төсөвт дахин давтагдлаа. Төсвийн орлогын ачааны хүндийг уул уурхайн салбар үүрэх дүр зураг харагдана. Мөн өмнөх жилтэй харьцуулахад онцгой ялгарах зүйл 2018 оны төсөвт алга.

Манай улсын хувьд ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдсан нь хавтгайрсан халамжийн бодлогоос төсөв татгалзах шалтгаан болов. Төсвийн зардал 10 их наяд руу ойртлоо. Энэ нь эдийн засаг, бизнесийн орчин дахь төсвийн оролцоо, эзлэх хувь хэмжээ данхайж байгааг илтгэнэ. Өөрөөр хэлбэл, төсвийн хамаарал улам бүр нэмэгдэж байна. Эдийн засаг 2016 оныхоос илт дээрдсэн болохоор Сангийн сайдад “бяр” амтагдаж байх магадлалтай тул 2.4 их наяд төгрөгийн алдагдалтай төсөвт тэрбээр гудайсангүй, хамгаалж гарлаа. Шинэ төсөвт онцлох хэд хэдэн өөрчлөлт бий. Түүний нэг нь Засгийн газрын өндөр хүүтэй бонд гаргахыг багасгах явдал. Өнгөрсөн жилүүдэд төсвийн алдагдлыг засаг дотоодын зах зээлд бонд гаргах замаар нөхөж ирсэн. Тэгвэл энэ байдлыг халснаар бизнес эрхлэгчдэд хүрэх байсан мөнгө бонд болж түгжигдэхгүй нь. Тэрчлэн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг эрчимжүүлэхээр тооцож, ирэх оны төсөв батал ба эдгээр алхам хэрэгжсэн нөхцөлд эдийн засгийн тамир тэнхээг тэтгэхээр байна.



САНАЛ БОЛГОХ