Хэтийдсэн санаархал ба чилийсэн хүлээлт

Мэдээ


Япончуудад ачааг нь үрүүлж, өрөө төлүүлчихбэл бидэнд л амар


Их гүрэн яарч байна. Тэд шинэ нисэх буудал тойрсон багц асуултыг богцлоод ирчихсэн, монголчуудаас ам асууж байна. Бас болоогүй ээ хэзээний боловсон зангаараа ажил хэрэгч хандахыг бидэнд сануулсаар. Шинэ нисэхийн ажлыг шавдуулах цуврал уулзалт, бараалхалт өнгөрсөн өдрүүдэд үргэлжлэв. Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг, Хөшигийн хөндийд сүндэрлэж буй шинэ нисэх буудлын өмнүүр хүсэл, шуналын “хөшиг” татаад удаж байгаа. Монголоос хамааралтай шийдвэрүүд саатснаас хэзээний ажил хэрэгч япончууд санаа зовниж эхэлсэн. Тиймээс саарал ордон, салбарын яамны хооронд хариулт нэхэн харайлгаж явна.

Хөшигийн хөндийн нисэх буудал бол Монголын агаарын тээврийн салбарын “Оюутолгой”. Хэр хэмжээ, хамрах хүрээ, хүчин чадлыг нь аваад үзсэн ч тэр яалт ч үгүй асар том агаарын хаалга. Хэдийгээр барилга, бүтээн байгуулалтын ажил нь хугацаа удаж, цаг алдлаа хэмээн шүүмжлүүлж байгаа ч өнөө хэр зогсолтгүй урагшилж л яваа. Төслийн нэгжийн мэдээлснээр одоогоор онгоц хүлээн авах болон хөөргөх зориулалт бүхий бүтээн байгуулалтын ажил ерөнхийдөө шувтарсан. Харин нисэх буудлыг нийслэлтэй холбох авто зам, ажилчдын орон сууц зэрэг дагалдах ажлууд бүрэн дуусаагүй. Гэхдээ хэл ам дагуулж буй эдгээр ажил ирэх он гэхэд эцэслэнэ хэмээн албаныхан мэдээлж байна. Шинэхэн томилогдсон Зам, тээврийн хөгжлийн сайд өнгөрсөн долоо хоногт Японы талтай уулзалт хийж, нисэх буудлыг 2018 он гэхэд бүрэн ашиглалтад оруулахыг сануулжээ. Угтаа салбарын сайдын сүржин сануулгатай, сануулгагүй уг буудал ирэх намар гэхэд ашиглалтад орох нь тодорхой болчихоод байгаа.

Харин өдрөөс өдөрт онгоцоо хүлээн авахаар бэлэн болж буй нисэх буудлыг хэн ажиллуулах, хэрхэн удирдах нь өнөө хэр тодорхойгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, Монголын тал, бүр тодруулбал, манай албаныхнаас хамаарах шийдвэрүүд удаж буй нь урагшилж байгаа төсөлд улаан дохио асаачихаад байгаа. Уг нь Хөшигийн хөндийн нисэх буудлын менежментийг хэрхэх саналаа Японы тал жил орчмын өмнө манайд танилцуулсан. Энэ оны эхээр шинэ нисэх буудлын менежментийг концессын гэрээний дагуу япончуудад хариуцуулах хэлэлцээ Улаанбаатарт эхэлсэн юм.

• Шинэхэн томилогдсон, Зам, тээврийн хөгжлийн сайд өнгөрсөн долоо хоногт Японы талтай уулзалт хийж, нисэх буудлыг 2018 он гэхэд бүрэн ашиглалтад оруулахыг сануулжээ.

• Шинэ нисэх буудлын хувь заяаг хэнд даатгах нь салбарынхны дунд маргаан дагуулж, хооронд нь талцуулаад байна.

• Хөшигийн хөндийн нисэх буудлын менежментийг хэрхэх саналаа Японы тал жил орчмын өмнө манайд танилцуулсан.


Гэвч өнөөг хүртэл манай талаас шийдвэртэй хариулт өгөлгүй, хүлээлгэж байгаа аж. Ингээд зогсохгүй нисэх буудлын менежментээ монголчууд өөрсдөө хариуцна гэх мэдэгдлийг манай зарим албаны хүн цухуйлгаж эхэлсэн. Тиймээс ч шинэ нисэх буудлын хувь заяаг хэнд даатгах нь салбарынхны дунд маргаан дагуулж, хооронд нь талцуулаад байна. Хамгийн харамсалтай нь энэ талцал эцэстээ төслийн ажлыг гацаахад хүргээд байна. Уг нь 2015 оны эхээр Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Япон улсад айлчилж, Ерөнхий сайд Шинзо Абэтэй хамтын ажиллагааны зарим нэг тохиролцоонд хүрсэн. Үүний нэг нь шинэ нисэх буудлын менежментийг Японы консорциумд хариуцуулахаар тохирсон явдал. Ингэхдээ Монгол 49, Япон 51 хувь эзэмшсэн хамтарсан компани байгуулахаар шийдсэн байдаг.

Гэтэл бүтээн байгуулалт урагшлахын хэрээр Монголын талын шийдвэрүүд гацаж эхэлсэн. Манайхаас хамаарсан удаашрал зөвхөн менежментийг дайраагүй. Дахин нэг жишээ татахад, шинэ нисэх буудал багаар бодоход 1000, албан бусаар нийт 2000 ажлын байрыг Монгол Улсад авчирна гэсэн тооцоо бий. Гэтэл Төв аймаг дахь шинэ нисэх буудал нийслэлээс 52 километр зайтай. Ингэхээр хүн амын төвлөрөл тэнд бий болж, нисэх буудлыг даган хот суурин байгуулахыг цаг хугацаа шаардаж таарна. Тиймээс Хөшигийн хөндийд 100 мянган оршин суугчтай хот суурин байгуулах ерөнхий төлөвлөгөөг 2011 онд бэлэн болгосон.

Гэвч тус суурингийн засаг захиргааны нэгжийг нь тохирч чадсангүй. Тодруулбал, шинэ сууринг Улаанбаатар хот эсвэл Төв аймгийн алинынх нь харьяанд хамааруулахыг шийдэлгүй орхиж. Энэ нь цаашлаад эрх мэдлийн маргаанаар даамжирсан юм. Өнөө хэр тус сууринд засаг дарга, захирагчийн алийг нь томилохыг тойрон маргасаар байна. Ийнхүү нисэх буудал чиглэсэн монголчуудын санаархал нэмэх, хасахын туйл адил салчихаад байгаа. Тиймээс нэг хэсэг бид өөрсдөө удирдах ёстой хэмээн зөрүүдэлж, хоёр талын тохиролцоонд хөндөлдсөөр ирлээ. Ингэхэд бидэнд олон улсын хэмжээний нисэх буудал удирдаж байсан туршлага бий билүү. Ер нь төр өөрөө менежерээр нь ажилласан нисэх буудлын дүр төрх ямар байгаа билээ. Төрөөр толгойлуулсан “Чингис хаан” нисэх буудал гэхэд ойрын хүнд харуулж, холын хүнд үзүүлэхэд ичмээр дүр зурагтай олон жилийг үдсэн. Учир нь төр засаг энэ салбарыг нам даган донсолж, доргидог, үдэлт, угталтын “өрөө” болгоод хувиргачихсан. Нам, засаг солигдоход “Чингис хаан” нисэх буудалд үйлчилгээ үзүүлдэг бизнес эрхлэгчид айдаст автдагаа учирладаг. Учир нь төр дагасан халаа, сэлгээ, шахаа, шантааж энд “өндөглөдөг”. Тиймээс шинэ нисэх буудал эхнээсээ л шахаачдын цээжинд халуу шатааж байсан нь нууц биш. Магадгүй, япончуудын өгч буй энэ бэлгийг шахааны бараа, хүнээ шингээдэг үүр болгохоор улайрч байгаа юм биш биз. Нөгөө талд, “бид хийж, бүтээнэ” хэмээж буй монголчуудын амбийцыг мохоож болохгүй.
Гэхдээ энэ бол энгийн нэгэн ресторан ажиллуулахтай адилгүй. Маш нарийн стандарт, үйлчилгээний дээд зэргийн соёл шаардаж байдаг салбар. Тэр тусмаа үйлчилгээний соёл, нарийн стандартыг япон, солонгосчууд Ази, төдийгүй дэлхийд үлгэрлэж байгаа. Хэдийгээр хийнэ, бүтээнэ гэсэн өрнүүн хүсэл байгаа ч бидний өнөөгийн байдал Ази арслан, баруудын хэмжээнд хүрээгүй байгаа гэдэгтэй уншигч та ч санал нийлэх биз. Харин үүний оронд үйл ажиллагааг нь жигдрүүлээд өгнө гэсэн япончуудын хүсэлтийг хүлээн авбал монголчуудад л өлзийтэй. Үйлчилгээний чанар, стандартаар дэлхийд дээгүүрт бичигдэж буй япончуудаас суралцчихвал агаарын тээврийн салбарт үүнээс илүү дэвшил гэж юу байх билээ. Дээрээс нь өөрсдөө удирдана гэсээр өрийн тоолуур нь гүйж эхлэх өрөө төлж чадахгүй суучихвал үүний хариуцлагыг хэнээс нэхэх вэ. Уг нь олон улсын түвшний, алсдаа Ази, Европыг холбосон агаарын зангилаа болох ирээдүйтэй шинэ нисэх буудлыг жилдээ сая хүрэхтэй, үгүйтэй хүн хүлээн авдаг “Чингис хаан” зочид буудалтай харьцуулж болно гэж үү. Тэгээд бүр бид тус буудлыг удирдаад зогсохгүй 40 жилийн хугацаанд 1.4 их наяд төгрөгийн өр төлнө. Япончууд манай агаарын тээврийн салбараас ахиу ашиг хүртэх гэж байна гэсэн хардлагын хар үүл Монголоор тэнүүчилж байна. Үнэндээ Монгол бол агаарын тээврийн салбарт шүлс асгаруулам зах зээл биш гэдгийг салбарынхан хэлдэг.

Гэтэл жилдээ 60-70 сая зорчигч хүлээн авдаг япончууд Монголоос өөрийн улсаас олдог шигээ орлого олохгүй нь ойлгомжтой. Гагцхүү илүү стратегийн хүрээнд зээлсэн мөнгөө эргүүлж авах бас хоёр улсын түншлэлээ бэхжүүлэхийн тулд л энэ төслийг удирдахаар зорьж буй нь ойлгомжтой. Дээрээс нь шинэ нисэх буудал хэдэн жилийн дотор ухаад дуусчих уул уурхай биш. 30 жилийн дараа Япон руу зөөгөөд явчихгүй, Монголын өмч болоод үлдэнэ. Ийм байхад өөрсдөө хийнэ хэмээн дайрч буй нь хэр зүйтэй вэ. Уг нь япончуудад ачааг нь үүрүүлээд, Монголын талын эрх ашгаа ухаалаг тусгаад, өрөө тэднээр төлүүлээд авбал бидэнд л амар. Монголд толгой өвтгөсөн өр төлбөрийн асуудал мундахгүй байгаа. Мэдээж, ийм байтал даахгүй нохой булуу хуурна гэдэг шиг чадахгүй юм аа хийхээр дайрч буй нь өнөө л төр аманд орсон шар тосыг хэлээрээ түлхэж буйгаас өөрцгүй.


САНАЛ БОЛГОХ