Буруу эрхэлсэн “бацаанууд”

Нийтлэлчийн булан


ТББ-ын тэн хагас нь үйл ажиллагаа явуулдаггүй, 40 хувь нь X тайлан тушаадаг


Айлд буруу эрхэлсэн хүүхэд байдаг даа. Ажил хийх дургүй, бусдад туслах нь байтугай үгийг нь ч сонсдоггүй, өөрөө л болж байвал эргэн тойронд нь бөмбөг дэлбэрч, галав юүлсэн ч хуруу нэмэрлэдэггүй. Тэгсэн атлаа өөртөө хэрэгтэй бүхнийг үхэн хатан нэхнэ. Санаснаа гүйцээхийн тулд ямар ч ааш гаргаж, яаж ч мэдэх тийм нэг саруул ухаан нь сааралтсан этгээд байдаг. Тэр чигээрээ өсөж томорвол үг хийгээд үйлдэл нь гай тарьж, уршиг дагуулах нь улам ихэсдэг. Тэгвэл өнөөдөр манай нийгмийн буруу эрхэлсэн “бацаан” нь ТББ-ууд болоод байна. Хийж бүтээсэн зүйлгүй, гагцхүү төслийн төлөө санаархаж, эрх мэдэлтнүүдийн халаасанд явдаг ТББ нь манай шударга ардчилсан иргэний нийгэм гээчийн бодит дүр төрх.

Мэднэ дээ, Та. ТББ-ыг эрх мэдэлд хүрэх гишгүүр, мөнгө даллах хэтэвч болгосон нөхөд өнөөдөр төрийн шат шатны байгууллагад найдвартай гэгч нь шигдсэнийг. Эрх мэдлийн хамгийн зөөлөн сэнтийд ч тухлаад авсан эрхмүүдийн нэрийг хэлэх нь илүүц биз. Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар (ОӨУБЕГ)- ын тоон мэдээллээр энэ оны есдүгээр сарын байдлаар улсын хэмжээнд 16800 ТББ байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Иргэний нийгмийн гол тоглогч болсон тэдний дийлэнх нь буюу 86.3 хувь нь нийгэмд үйлчилдэг. Чамлахааргүй тоо. Гэхдээ чанарын хувьд чармай нүцгэн гэдгийг илтгэх сонирхолтой үзүүлэлт Хууль зүйн үндэсний хүрээлэн (ХЗҮХ) боловсруулжээ. Улсад бүртгэлтэй ТББ-уудын 50 хувь нь санхүүгийн тайлан гаргадаггүй бол үлдсэн хэсгийнх нь 30 хувь X тайлан илгээдэг байна. Өөрөөр хэлбэл, дээрх сүржин тооны 10 хувь нь л үйл ажиллагаа тогтмол явуулдаг гэсэн үг.

Харин 90 хувь нь иргэний нийгмийн үхмэл тоглогчид. Иргэний нийгмийн байгууллагууд үйл ажиллагаа, санхүүгээ ил тод тайлагнах үүрэгтэй. Үүргээ биелүүлэх нь эрх зүйт төрийн амин сүнс баймаар. ОӨУБЕГ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын дарга Д.Болормаа “Манай ачааллын 20 орчим хувийг ТББ-ын бүртгэл эзэлдэг. Хуулийн этгээдийн бүртгэл хялбар болсон учраас ТББ олноор байгуулагддаг. Спорт, нийгмийн хамгааллын салбарт маш олноороо байгуулагдаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах ТББ гэхэд дотроо төрөлжиж, бараг өрөөсөн гар, хөлгүй иргэдийг хамгаална гэх нь холгүй төрөлжиж байна” хэмээв. Энэ мэтээр нэр, үйл ажиллагааны чиглэл, бүртгэлийн он сар давхардсан 100 гаруй байгууллага байдаг аж. “Ээжүүдийн холбоо” гэхэд одонтой, алдарт эхийн одонт, энтерпренёр, саран эхийн гэх мэтээр төрөлжинө. Зөвхөн ахмад настны гэхэд 282 ТББ үйл ажиллагаа явуулдаг аж.

Их мөнгө, эрх мэдэл рүү тэмүүлэх нь ТББ оршин тогтнох үндэс болчихож
Гэхдээ энэ хэрээр ахмад настан, ээж нарын эрх ашгийг хамгаалж, тэдний сайн сайхны төлөө үйлчилдэг үү гэвэл бас үгүй. Нэг хүнээс 200-300 мянган төгрөг авч хариуд нь өргөмжлөл тарааж “үүргээ гүйцэтгэдэг” ТББ олон бий. Ерөөсөө ТББ-уудын овойж оцойдог нэг үе нь тэмдэглэлт ой, бүх нийтийн баярууд. Бас улс төрийн болон эсэргүүцлийн жагсаал цуглаан, нийгмийг хамарсан элдэв акц, дуулианы үеэр ханиадны вирус шиг дэгдчихдэг. 2016 онд нэгэн ТББ хотын даргатай уулзуулсангүй гэх шалтгаанаар нийслэлийн ЗДТГ-ын төв байрны цонхыг хагалж, цагдаа болон төрийн тусгай хамгаалалтын ажилтнуудыг эсэргүүцэж танхайрсан хэрэг л гэхэд саяхан л шүүхээр шийдэгдсэн байх жишээтэй.

Харин халаасны хэдэн ТББ нь улсын байгууллагын бөөрөнд наалдан, төсөл хэрэгжүүлэх нэрээр чимээгүйхэн хөлжиж суудаг. Болдог бол үйл ажиллагааных нь чиглэлийг баяр угтсан, улс төрийн, төслийн мөнгө цохих зорилготой гээд ангилчихмаар. Ардчилал, хүний эрхийг бэхжүүлэх чиглэлээр 2004 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй “Хүний эрх, хөгжил төв”-ийн тэргүүн Г.Уранцоож “Ерөөсөө төслийн төлөө л ТББ байгуулагддаг нь нууц биш шүү дээ. Аль нэг төрийн байгууллагын ажилтан тэтгэвэртээ гарахдаа ТББ байгуулж, түүгээр дамжуулж худалдан авалт, үйлчилгээний мөнгийг нь халааслаад сууж байдаг шүү дээ” хэмээв.

Олон улсын байгууллага, төрийн байгууллагаас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрөөс хаялга хүртэхийг санаархагчид “Нэр дээр чинь ТББ байна уу. Төсөл авах боломж байна” гэх үгийг та бишгүй л сонссон. ХЗҮХ-гийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Гончигсумлаа “Гэрээгээр ажил үйлчилгээ гүйцэтгэх тендер зарлангуут урьд өмнө нэр нь сонсогдож байгаагүй шинэ байгууллага гарч ирээд гүйцэтгэдэг тохиолдол олон байдаг тухай судалгаа хийх явцад ТББ-ын төлөөлөл хэлж байсан” гэсэн юм. Хүчирхийллийн эсрэг “Лантуун дохио” ТББ-ын тэргүүн, олон нийтийн сүлжээнд олон дагагчтай Д.Ганжавхлан ч хүүхдийн хүчирхийллийн бараг тохиолдол бүр дээр хүүхдийн эрхийг хамгаалах тэр олон байгууллага яагаад дуугүй байна гэх бухимдал илэрхийлдэг. ТББ бүр “Лантуун дохио” шиг үүрэг хариуцлагатай, нэр төртэй ажилладаг байсан бол нийгэм өнөөдөр хүүхдийн хүчирхийллийн тухай биш үүнээс хавь илүү зүйлд НҮДЭЭ НЭЭХ байсан биз. Хүчирхийллийг зогсоох юмсан гэдэг сэдлийг нийгмийн эд эс бүрд төрүүлж, үйл ажиллагааг нь өөрийн эрхгүй дэмжиж хандив өргөмөөр “Лантуун дохио” шиг ТББ тун цөөн байгаа нь харамсалтай. Хаана л их мөнгө эргэлдэж, эрх мэдэл төвлөрч байна тийшээ зүтгэх нь ТББ оршин тогтнох үндэс болчихож. Нэрийг нь ч ялгаж мэдэх аргагүй олон байгууллагын дотроос байгаль хамгаалж, булаг шанд сэргээх зорилгоор үйл ажиллагаа явуулдаг нь нэлээд хэд бий.

Гэвч тэдний үйл ажиллагаа Төв Азийн алт, зэсийн судал дагуух өмнийн шаргал говьд уул уурхайн компаниудыг шантаажилж мөнгө нэхдэг, камер үүрсэн нөхдөөс ялгарч харагддаггүй юм. Тэгвэл буруу эрхэлсэн бацаанууд олшроход хүргэсэн хэргийн эзэн, хэнгэргийн дохиур нь хэн бэ. Мэдээж төр. Дүр эсгэсэн ардчиллын хэлбэр төдий ТББ бол бяд муутай, менежментийн чадамжгүй төрийн балаг. Г.Уранцоож “Иргэний нийгмийн гол тоглогч болсон ТББ-ын талаар төрөөс баримталдаг бодлого гэж байдаггүй. Эрх зүйн ганц баримт бичиг нь 1997 онд баталсан ТББ-ын тухай хууль” гэсэн юм. Гэхдээ үүнээс ч долоон дор шалтгаан бол төрийн байгууллагууд ажил, үйлчилгээ авах журмын хэрэгжилт шударга бус, будилаан ихтэй гэдгийг үйл хэрэгтээ үнэнч, хэлсэн ярьсандаа баттай ТББ-ууд хэлээд байна. “Эхийн эндэгдлийн шалтгаан, “хийсвэр” хагалгаа ихэссэн нь жирэмсэн эх бие, сэтгэл зүйн бэлтгэлээ сайн хангаагүйтэй холбоотой. Жирэмсний сургалт энэ бүхнээс 70-80 хувь сэргийлдэг.

Гэтэл улсын эмнэлгүүдэд жирэмсэн эхчүүдэд сургалт хийх нөөц боломж хомс, эмч нар ачааллаа дийлдэггүй. Бид энэ ачааллыг хуваалцаж, мэргэжлийн үйлчилгээ үзүүлье гээд ЭМЯ, НЭМҮТ, нийслэлийн ЭМГ-т хандахад тоодог албан тушаалтан байдаггүй. Гэтэл эхийн сүүгээр хооллохын ач холбогдол, эрүүл мэндийн боловсролтой холбоотой ЭМЯ- ны бүхий л бодлогыг дэмжиж, хууль биелүүлдэг газар нь бид шүү дээ” хэмээн “Энхтөрөхүй” ТББ-ын тэргүүн Д.Цэндсүрэн ярьсан юм. Уг нь ТББ, түүний санхүүжилт бол асуудлаа бүх нийтээр шийдвэрлэхэд чиглэсэн, буяны гэхээсээ маргаашийн сайн сайханд чиглэсэн хөрөнгө оруулалт. Гэтэл ТББ-ыг зөвхөн халаасаа зузаатгах хэрэгсэл хэмээн үздэг гаж тогтолцоо ардчиллын хөрсийг хар тугалга мэт бохирдуулж байна. Буруу эрхэлж бухын хүзүүнээс ч дийлдэхгүй болсон хүүхдэд хатуу гар хэрэгтэй байдаг шиг илт хувийн сэдлээр ашиг хонжоо хайж, нийгмийг турхирдаг ТББ-д хариуцлагыг нь дээшлүүлэх хатуугаас хатуу даруулга хэрэгтэй байна.

САНАЛ БОЛГОХ