Татвар түшсэн өсөлт таамгаас давлаа

Мэдээ


Татвар, үйлчилгээний салбар эдийн засгийн өсөлтийг дэмжжээ

Азийн хөгжлийн банк ч дөрвөн хувийн өсөлтийн таамаг дэвшүүлж байгаа юм. Тэгвэл эдгээр таамгийг эвдсэн өсөлтийг манай макро эдийн засаг үзүүлчихээд байна. Одоо харин ганц асуулт. Юу Монголын эдийн засгийг дэмжиж, өсөлтийг нь эрчимжүүлэв. Уг нь энэ оны эхний хагаст ДНБ-ий зүтгүүр болж байсан нүүрсний экспорт тээвэрлэлтийн саатлаас болж, саарчихаад байна. Тиймээс өмнөх улирлын өсөлтийг саарна хэмээн шинжээчид таамаглаж байв. Гэтэл саарах бус харин ч эрчимжжээ. Үүний тулгуур нь худалдаатай хавсарсан үйлчилгээний салбарын өсөлт. Мөн татвар өсөлт ДНБ-ийг дэмжсэн болохыг статистикийн байгууллагаас танилцууллаа. Манай улсын макро эдийн засгийн хэмжээ есдүгээр сарын байдлаар 664.5 тэрбум төгрөгөөр өсөж, 12.1 их наяд төгрөгт хүрсэн.

Тэгвэл хагас их наяд төгрөгөөр хэмжигдэх энэ өсөлтөд үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг 338.5 тэрбум төгрөгийн дэм үзүүлжээ. Ялангуяа, макро эдийн засгийн өсөлтөд үзүүлсэн бөөний болон жижиглэн худалдааны үр нөлөөг орхиж болохгүй. Худалдааны хос салбарын нэмэгдэл өртөг 216 тэрбум төгрөгөөр хэмжигдсэн байна. Дээрээс нь татвар. Бүтээгдэхүүний цэвэр татвар бараг 20 хувиар өсчээ. 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс шинэ хуулиар хэрэгжүүлэх болсон НӨАТ-ын орлогын өсөлт бараг 50 хувьд хүрээд байна. Ингэснээр татварын орлого нь 378 тэрбум төгрөгөөр өсчээ. Үндэсний статистикийн хорооноос танилцуулсан эдгээр үзүүлэлтээс ДНБ дэх зарим салбарын өөрчлөлтийг харчихаж болно. Тухайлбал, өнгөрсөн улирлуудад уул уурхай, хөдөө аж ахуйн салбарын өсөлт ДНБ-д жин дардаг байсан.

Таамгийг эвдсэн өсөлтийг манай макро эдийн засаг үзүүлчихээд байна
Харин энэ удаад татвар, үйлчилгээний салбарын өсөлт макро эдийн засгийн өсөлтөд мэдэгдэхүйц нөлөө үзүүлжээ. Дээрээс нь Монголын орлогын гол үүц болсон эрдсийн экспорт тогтвортой байсан нь дотоодын эдийн засагт үлэмж нөлөө үзүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, макро эдийн засгийн өсөлт дэх суурь салбаруудын бүтэц өөрчлөгдөж эхэлсэн нь энэ. Экспортод илүү тулгуурлаж байсан эдийн засгийн өсөлт өдгөө дотоодын хэрэглээ, бизнес эрхлэгчдийн үйлчилгээнд тулгуурлаж эхэлсэн шинж ажиглагдлаа. ДНБ-д эцсийн хэрэглээ 62.6, хөрөнгийн нийт хуримтлал 32, цэвэр экспорт 4.7 хувийг тус тус эзэлж байна. Үүнээс гадна Монголын эдийн засгийн аравдугаар сарын гол тоонуудыг Үндэсний статистикийн хороо танилцуулсан. Тухайлбал, иргэн бүрт хамаатай инфляцын түвшин 6.9 хувьтай тэнцэж байна. Өнгөрсөн арван сарын хугацаанд хэрэглээний бараа, үйлчилгээний индекс өсөх хандлагад шилжжээ.

Тэгвэл улсын төсвийн алдагдал 669.2 тэрбум төгрөгт хүрчихээд байгаа аж. Энэ нь өмнөх оны мөн үеэс 3-4 дахин буурсан дүн. Төсвийн алдагдал өмнөх оны мөн үеэс 1.7 их наяд төгрөгөөр буурахад татварын орлого 1.1 их наяд төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ. Үүнээс гадна Монголын орлогын гол салбар гадаад худалдааны үзүүлэлтийг мартаж болохгүй. Монгол Улс гадаад худалдаанаас 1.7 тэрбум ам.долларын ашиг хүртсэн байна. Дэлхийн 154 оронтой бараг есөн тэрбум ам.долларын худалдаа хийжээ. Гадаад худалдааны хос тулгуурын нэг болох экспорт 1.5 тэрбум ам.доллараар өссөн. Үүнд мэдээж, эрдсийн экспорт, ялангуяа, Монголоос хилийн чанадыг чиглэсэн нүүрсний нийлүүлэлт үлэмж нөлөө үзүүлсэн. Нүүрсний экспорт оны сүүлийн хагаст саарсан ч өнгөрсөн оныхтой харьцуулахад өндөр хэвээр байна. Тодруулбал, эрдсийн экспорт 1.4 тэрбум ам.доллараар өссөнөөс нүүрснийх 1.3 тэрбум ам.доллараар нэмэгджээ. Харин импорт өмнөх оны мөн үеэс 761.9 сая ам.доллараар өсөхөд дизелийн түлш 165.5 сая ам.доллар, автобензин 58.8 сая ам.доллараар, машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг, эд анги 163.3 сая ам.доллараар өссөн нь голлон нөлөөлжээ.



САНАЛ БОЛГОХ