Нийгмийг талцуулж “зөв”, ”буруу” гэсэн байр сууринаас хандсан маргааныг үүсгэж, хэрхвэл зохих шийдэл нь тодорхой бус асуудлууд бидэнд байнга тохиолддог. Өөрөөр хэлбэл тухайн асуудлаарх үзэл бодлын мэтгэлцээн юм. Хэрүүл, тэмцлээр бус мэтгэлцээнээс тухайн асуудалд хандах гарцаа олдог бол тустай. Тухайлбал, 2013 онд Монгол Улсын Засгийн газраас “Тамирчдыг шагнаж урамшуулах тухай” журам гаргасан нь нүдээ олсон шийдвэр мөн байсан уу гэсэн маргааныг өнөө болтол дагуулсаар ирсэн. “ЗГМ” сонин эл сэдвээр “Эсрэг тэсрэг байр суурь” гэсэн буландаа анхны мэтгэлцээнийг өрнүүллээ. Хүсвэл мэтгэлцээнд уншигч хэн боловч манай сонины цахим хуудас болон ubinfo.mn вэбсайтаар дамжуулан үзэл бодлоо илэрхийлэн, санал асуулгад оролцох эрх тань нээлттэй. Энэ нь илүү ач холбогдолтой бас сонирхолтой байх билээ.
Монгол хүнд оюуны бяд огт хэрэггүй гээд хуульчилчихъя
Улс орны хөгжлийн түлхүүр мэдлэг оюунд оршдог
Энэ сэдвийг хөндөхөөр эрхгүй бухимдаж, даралт босон, нүүр чинэрээд ирэх шиг болох юм. “...Сард 460 мянган төгрөгийн цалин авдаг. Урьдчилгаа гээд 170 мянга нь ирнэ. Нийгмийн даатгал, орлогын шимтгэл гэж хасаад үлдэгдэл 220 мянгаа сарын эцсээр гар дээрээ авна. Эхнэр маань ч ялгаагүй яг ийм цалинтай...” хэмээн ярьж байгаа эрхэм бол саяхан цалингаа нэмүүлэх гэж ажил хаялт зарласан олон мянган багш нарын нэг. Ам бүл дөрвүүлээ. Гурван жилийн өмнө 130 мянган төгрөгөөр авсан ганц гялтайх гонжоомоос бусад нь бараг хуучин бараанаас “сорчилсон” хувцас хунар гэнэ. Нүүрэндээ галгүй, нүдэндээ цоггүй, хараажийн амьдрал нь зутранги энэ эр Монгол Улсын соёл, боловсрол, шинжлэх ухаан, оюуны салбарт цаг наргүй ажиллагсдын нийтлэг төрх.
Магадгүй амьдралдаа ганц удаа “од” болж асуудлаа ярьж байгаа нь энэ юм. Хүнсний зах, бөөний худалдаа бараадсан цөөхөн нэр төрлийн хэрэглээтэй, нийтийн унаа хөлөглөх ч тэнхээгүй гэж нунж дорой дуугарч байна. Насаараа ажиллаж байж авсан ганц шагнал болох салбарын “Тэргүүний ажилтан”-гаа энгэртээ зүүсэн нь бахархал бус даапаалал лугаа харагдана. Бараг л хөөргийн аргаар шахуу ган хайлж, япон жийпүүдийн асар үнэтэй орж ирдэг сэлбэгийг чанарын хувьд огт дутахааргүй хийж чадсан монгол инженер хоногийн хоолныхоо төлөө хорооллын автобусны буудал дамжин ном, сэтгүүл зараад явдгийг би мэднэ. Насаараа хүн ардын эрүүл энхийн манаанд зүтгэж, олон мянган хүний амь насыг аварсан Монгол Улсын хүний гавьяат эмч аав минь гэхэд л тэтгэврийн зээлтэй. Биологийн ухааны доктор, Төрийн шагналт буурал эрдэмтэн “найз” минь орон байргүй, үр хүүхдүүдийнхээ хаяаг бараадан бүхий л насаа барж байна. Тэгвэл бас нэг нөхөр телевизээр ингэж ярьлаа. Төр, засагтаа хандаж хэлэх үг танд байна уу? гэж илт зулгуйдан, аргадсан асуултад ихэд чухал царайлж байгаад “Нэг үеэ бодоход ар гэр, амьдралдаа санаа зовох асуудалгүй сэтгэл амар болсон.
• Олимп, тив, дэлхийн тэдэн удаагийн аварга алдарт тамирчин олон учраас АНУ хүчирхэг болсон гэсэн гаргалгаа хаана ч алга.
• Биеийн хүчээр нэгийг, билгийн хүчээр бүгдийг дийлдэг.
• Монголчуудыг оюуны хоосрол, тархины тураалд оруулсан шийдвэрийг энэ Засгийн газар цуцлах ухаантай байгаасай.
Гэхдээ л эх орон, ард түмнийхээ төлөө хамаг бүхнээ золиослон зүтгэдэг бидэнд нэмэгдэл хоол, тэжээл амин дэмээс эхлээд санхүү эдийн засгийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй хэрэгтэй” хэмээн дуртай, дургүй хариулж байна аа. Сарын цалин гурван сая гээд, засаг заримдаа өгөхгүй удаадаг боловч, сар тутамд төрөөс хүртдэг мөнгөн хангамж нь долоон сая төгрөг гэж голонгуй өнгөөр хэлэв.Энэ нөхрийн гадаад төрх гял цал, ганган бас пээдгэр, үг яриа том, үзсэн дуулсан нь ч их. Түүнийг тойрсон хүрээлэл нүсэр. Тансаг хүлээн авалт, баяр ёслолын урилгад дарагдсан нэгэн. Нас нялхаараа ч, авч болох алдар хүндийн оргилд гарч “пологтоод” байгаа тамирчин хүн. Дэвжээнд барилдаж, тайзан дээрээс дуулахаас өөрөөр энэ хорин хэдхэн насандаа юу ч бүтээгээгүй атлаа төр, ард түмний ивээлд бялуурч, ярихдаа хүртэл янцагладаг болчихсон “тусгай хангамжийнхны” нийтлэг төлөөлөл болсон нэгний яриа энэ. Өгүүлэх нь: Монгол Улс, монгол хүн яагаад өөрчлөгдөж хөгждөггүй юм бэ? Өмнөд солонгосчуудад өнөөгийн өндөр хөгжилд хүрэхэд 15-20 жил хангалттай байж. 1960-аад онд Монгол Улс тэдний дэргэд хөгжлөөрөө ёстой л Өмнөд Солонгос байлаа шүү дээ. Хойдууддаа хөөгдөн хамгийн ядуу, байгалийн баялаггүй, үйлдвэрийн ямар ч бааз, суурьгүй бүс нутагтаа шахагдан гарч, хагас өлсгөлөнгийн нөхцөлд бүхнийг цогцлоох гэж зүтгэж байхад Монгол дан ганц хөдөө аж ахуйн бус аж үйлдвэрийн орон болсноо зарлаж байсан цаг.
Тэгвэл үнс нурман дунд өлөн зэлмүүн хоцорсон солонгосчууд хорьхон жилийн дотор Самсунг, Хьюндай, LG-н брэндтэй, соёл, урлаг, загвар, гоёлоороо бөмбөрцгийг байлдан дагуулсан, эдийн засаг, санхүү, үйлдвэр, технологийн хөгжлөөрөө дэлхийн хамгийн хүчирхэг улсын нэг болж чадсан нууц нь юундаа байна бэ? Бүр сураг ч үгүй байсан Сингапур, Хонконг, Тайвань арваадхан жилийн дотор “бар” болон “хүрхэрч” чадлаа. Бид яав? Хүсэл мөрөөдлөө дагаад урагш нэг хойшоо хоёр алхчихлаа. Үнэндээ бид олон алдаа гаргасан. Энэ олон алдааны дундаас хамгийн аюултай, хамгийн хохирол, хорлонтой алдаа нь Монголын төр ОЮУНЫ БЯДААС БУЛЧИНГИЙН БЯДЫГ эрхэмлэн бодлогоо болгон дээдэлсэн явдал байх.Эрдэм мэдлэг, сургууль,ном боловсролоос илүү бөх барилдаж, бокс тоглон, морь уралдуулж, дуу дуулахыг чухалчлан шүтсэн тогтолцоог бий болгочихож.
Монгол хүн тархи, толгойгоо биш булчин шөрмөсөө тэлж, чангалах нь энэ насны, амьдралын найдвартай баталгаа гэдэгт бүрэн итгэдэг болж. Өгүүллийн эхэнд дурдсан жишээнээс өнөөдрийн Монголын нийгэмд оюуны бяр, булчингийн бярын алийг нь эрхэмлэвэл хувь хүн өнгөлөг, мөнгөлөг, нэртэй төртэй, хүндтэй явдаг болсныг харж болно. Өдийн боссон, хөгжсөн хүчирхэг аль ч улс гүрний нууц бол эрдэмтэн мэргэд, эрдэм оюуныг бүхнээс дээдэлдэг бодлогод нь оршдог. Олимп, тив, дэлхийн тэдэн удаагийн аварга алдарт тамирчин олон учраас АНУ хүчирхэг болсон гэсэн гаргалгаа хаана ч алга. Хөдөлмөрийн баатар, Ардын тамирчин, гавьяат, Чингисийн одонт ийм тийм боксчин, жүдочин, сүмо бөх олон болохоор Япон, Солонгос, Сингапур, Тайвань хөгжөөд байна гэж хэн ер нь хэлсэн юм бол. Тэгж яривал синга, тай, ветконгчууд бараг тамирчингүй шахам. Монголчууд бид төрт ёсыг дэлхийд анхлан таниулахдаа тархи, оюуныхаа сүр хүчийг хамтад нь ухааруулсан атлаа одоо мартчих гэж. Бидний ядуу, хөгжин дэвждэггүйн гол шалтгаан биеийн хүчийг билиг оюунаасаа дээр тавьдаг болсонд байгаа юм. Хэдэн бөх, дуучин, шоу цэнгээнийхнээ том багагүй тойрон шавж, алдар цол, мөнгөөр дарж алчих шахах атлаа эрдэмтэн мэргэд, шинжлэх ухааны салбарынхан багш, эмч, баялаг бүтээгч нараа болж өгвөл сөхрүүлчих шахсан бодлоготой улс Монгол гээд бодохоор даанч гунигтай. Гурван сая Баянмөнх, Мөнхбат, Ойдов, Түвшинбаяр, Гүндэгмаатай байгаад Монгол хөгжих юм уу, үгүй. Хар мянган Бат-Эрдэнэ, Өсөхбаяр, Сумъяабазар байгаад уул, ус жигдэрч, ургамал ногоо сэргэлээ юү?
Хэдэн зуун саяар худалдаж авсан улсын цолтой бөхийн тоогоор эдийн засаг маань тэлж, үрждэг билүү. Жирийн монгол иргэний амьдралд зүсэм талхны нэмрийг БУЛЧИНГИЙН БЯД-тангууд өгдөг гэж үү. Хүн ард, улс гүрнийг ухаантнууд нь авч явдаг. Өвдөхөд эмч, боловсроход нь багш хэрэгтэй. Бидний ямар ч зөвшөөрөлгүйгээр манай төр биднийхээ мөнгийг “хулгайлан” Монголын хөгжилд түй ч нэмэргүй зүйлд тэрбум, тэрбумаар нь зардаг. Энд миний татварт өгдөг мөнгө ч багтдаг. Би мөнгөө монголчуудын ОЮУНЫ БЯД-ыг дэмжихэд зарцуулахыг Монголынхоо төрөөс хүсэж ч байна. Яагаад дэлхийн шилдэг мэс заслын эмч болсон Сэргэлэнг, Азийн шилдэг яруу найрагч болсон Д.Урианхайг, дэлхийн шилдэг цөмийн физикч Х.Намсрайг шагнаж болдоггүй юм бэ?
Биеийн хүчээр нэгийг, билгийн хүчээр бүгдийг дийлдэг гэдэгт би итгэдэг болохоор бөхчүүд, тамирчдад олгодог энэ их мөнгийг болиулаад инженер, эрдэмтэн, эмч, багш нарт хүртээдэг болно гэж мөрөөддөг. Харин монголчуудыг оюуны хоосрол, тархины тураалд оруулсан шийдвэрийг энэ Засгийн газар цуцлах ухаантай байгаасай. Ингэж чадахгүй юм бол “Монгол хүнд оюуны бяд огт хэрэггүй” гэсэн хууль нэгмөсөн гаргачихсан нь дээр. Цаана чинь хүүхэд, багачууд зохион бүтээгч, эмч, инженер, талхчин, барилгачин болно гэж хүсэж мөрөөдөхөө больж эхэлсэн байна. Тэд дуучин, бүжигчин, бөх болно гэж эргэлзэхгүйгээр хэлэх болжээ. Бид чинь ингээд бүгдээрээ бөх болж дэвээд, “шоучин” болж сагсалзаад байж болохгүй биз дээ. Монгол хүн эрүүл,чийрэг бяртай тэнхээтэй байхыг буруу гэж үздэггүйгээ бас хэлэх ёстой. Хөдөлмөрлөсөн хүн хэн боловч урсгасан хөлснийхөө зохих ёсны үнэлгээнд тохирсон шагнал урамшуулал авах нь ч зүй ёсны хэрэг. Гэхдээ энэ цаг үеийнх лүгээ монгол хүнийг улам залхуу, бэлэнчлэх, биеийн амрыг харсан, басхүү шуналтай болгох бодлогыг агуулсан тамирчдыг шагнаж урамшуулах Засгийн газрын 2013 оны балагтай журмыг цуцлах хэрэгтэй. Мэдлэг оюуныг дээдэлдэг улс хөгжиж хүчирхэгждэг. Хүчирхэг улсад мөнгөнөөс үл шалтгаалан хүчирхэг тамирчин ч төрдөг.
Энх цагийн баатруудад урам хэрэгтэй
Ард түмнийг бутрах үед нэгтгэж чадах хүч зөвхөн спортод л бий
Чингисийн морьт баатрууд дэлхийн талыг эзэлж явсан омог бардам түүх бол бидний бахархал. Хурдан морио унаж, ирт сэлэм, зэвт сум агссан монгол баатрууд ямар сүрлэг харагддаг байсан бол. Монголын төр үеийн үед эдгээр үнэнч дайчнаа байгуулсан гавьяаных нь төлөө шагнаж урамшуулсаар ирсэн нь түүхийн хуудаснаа тодоос тод бичигдэн үлджээ. Харин одоо бол XXI зуун. Дайн дажны хөлөөс ангид, энх тайвнаар зэрэгцэн орших өнөө үед тамирчид энх цагийн баатраар тодорч, улс орныхоо мандах туг, намирах далбаа болдог. Карибын тэнгисийн Ямайк гэж жижиг улс бий. Хүн амынх нь тоо гурван сая ч хүрэхгүй. Газар нутгийнхаа хэмжээгээр дэлхийд 166-д жагсдаг энэ орныг Усэйн Болт хэмээх хурдан гүйгч залуу ямар их алдаршуулж байна вэ. Алдартай тамирчид улс орноо дэлхий дахинд сайнаар сурталчилдаг ганцхан жишээ энэ.
Тэгвэл Монголд ч гэсэн улс орноо сурталчилсан бахархалт тамирчид зөндөө бий. Дээр үеийн хоёр Мөнхөөс авахуулаад Асашёорюү, Хакүхо, Н.Түвшинбаяр, Х.Цагаанбаатар, Д.Сумъяа гээд энэ жагсаалт чамгүй урт үргэлжилнэ. Эдгээр тамирчны ард түмэнд хайрладаг баяр баясгаланг мөнгөөр хэмжих аргагүй. 2008 онд монголчууд спортын буянаар яаж нэгдлээ. Улс төрийн бохир сонгуулиас болоод иргэд нь хоёр хуваагдаж, хотын гудамжинд танк байрласан тэр эгзэгтэй мөчид 24 настай нэгэн залуу бүх ард түмнийг баяр баясалд умбуулж байв. Ард түмнийг бутрах үед нэгтгэж чадах хүч зөвхөн спортод л байна. Тэр үед ямар ч мундаг улстөрч, ямар ч мундаг нийгмийн зүтгэлтэн ийм нөлөө үзүүлж чадаагүй юм шүү. Монголын төр гавьяа байгуулсан тамирчдынхаа амжилтыг үнэлж, олимп, дэлхийн аваргаас тодорхой хэмжээний урамшуулал өгөх санаачилга гарсан нь 2012 он.
Энэхүү журамд зааснаар олимпийн медальтнууд дөрөв, гурав, хоёр сая, дэлхийн медальтнууд хоёр, нэг сая болон 500 мянган төгрөгийг сар бүр насан туршдаа авах юм. Харин сүүлийн үед энэ мөнгийг үргүй зарлага гэж ад үзэх хандлага ажиглагдах болжээ. Анх мөнгөн урамшуулал өгөх болсон санаа энгийн амьдралаас урган гарсан юм. Өмнө нь Монголын тамирчдын нийтлэг төрх ямар байв. Арван хэдтэйгээсээ эхлээд өлөн зэлмүүн нөхцөлд өдөр алгасалгүй бэлтгэл хийнэ. Энэ олон тамирчнаас цөөн хэдэд нь л дэлхийн дэвжээнд улсаа төлөөлөн өрсөлдөх эрх олддог. Харин тэдний тун цөөхөн нь олимп, дэлхийгээс медаль авч, бөмбөрцөгт нэрээ данслуулна. Медаль аваад ирсэн тэрхэн үед бүх зүйл сайхан. Төрийн тэргүүнээс гавьяатын шар тэмдэг авна, улс арав, хорин сая төгрөгөөр урамшуулна. Олны танил болно. Харин үүнээс хойших амьдрал тийм ч таатай биш. Насаараа зөвхөн спорт хөөсөн болохоор мэдлэг, мэргэжилтэй болж амжихгүй.
Мөнгөн урамшуулал өгөх санаа энгийн амьдралаас урган гарсан юм
Тиймээс зодог тайлсныхаа дараа аль нэг клубт дасгалжуулагч хийвэл дээдийн заяа. Үгүй бол гудамжинд гарах хувь тавилан тэднийг хүлээдэг байв. Түүнчлэн нийгмийн даатгал төлдөггүй учир тэтгэвэр авна гэж саналтгүй. Ийм өрөвдмөөр дүр зургаас болж олон тамирчин архинд орсныг би мэднэ. Залуу сайхан цагтаа улс орныхоо нэрийг мандуулахын төлөө хөлсөө урсгачихаад эцэст нь хэн ч биш болж, архичдын эгнээг тэлдэг дүр зураг дэндүү их байлаа. Нэг ёсондоо тамирчдад амьдралын баталгаа гэж байсангүй. Харин насан туршийн тэтгэлэг энэ байдлыг эрс өөрчилсөн юм. Угаас нийгмийн захиалга байсан тул олон нийтийн зүгээс ч их дэмжлэг авсан. Одоо бол тамирчид тавьсан зорилгодоо хүрэхийн тулд тууштай хөдөлмөрлөж чадвал амьдрал нь орвонгоороо өөрчлөгдөхийг маш сайн ойлгожээ.
Товчхондоо бол энэ тэтгэлэг амжилтад уриалан дуудах маш том урам хайрласан юм. Үр дүн ч гайхалтай байна. 2012 оноос өмнөх таван жилийн хугацаанд манай тамирчид олимп, дэлхийн дэвжээнээс гурван алт, найман мөнгө, нэг хүрэл, нийт 12 медаль авчээ. Тэгвэл сар бүрийн тэтгэлэг олгож эхэлснээс хойших таван жилд энэ үзүүлэлт дөрвөн алт, есөн мөнгө, 21 хүрэл буюу нийт 34 медаль болж бараг гурав дахин дээшилжээ. Үүнд мэдээж олон хүчин зүйл нөлөөтэй ч сар бүрийн тэтгэлэг багагүй жин дарах нь тодорхой. Хүмүүс тамирчдын мөнгөн шагнал гэхээр З.Ойдов, Н.Түвшинбаярын долоон саяыг жишээ болгон ярьдаг. Гэтэл бодит байдал дээр гурван саяас дээш тэтгэлэгтэй тамирчин гарын арван хуруунд багтахаар цөөн. Ихэнх нь 500 мянгаас нэг сая төгрөг авч байгаа. Тамирчдад хар залуугаас нь хэдэн саяар мөнгө өгч, бэлэнчлэх сэтгэлгээ төрүүлснээс болж тэмцэх, хөдөлмөрлөх хүсэл эрмэлзлийг нь үгүй болгож байна гэж шүүмжлэх хүн бий. Байж болох л шүүмжлэл. Гэхдээ нэг удаа амжилт гаргаж, тэтгэлэгтэй болж авмагцаа түүндээ ханаж, амжилтаа цалгардуулаад байна уу гээд судлаад үзтэл огт өөр дүр зураг гарч ирж байна.
Сүүлийн үеийн тамирчдыг харвал ихэнх нь өмнөх амжилтаа бататгаж, олимп, дэлхийн хос медальтан болжээ. Зөвхөн 2012 оноос хойшихыг тооцвол Н.Түвшинбаяр, У.Мөнх-Эрдэнэ, М.Уранцэцэг, Г.Болдбаатар, С.Батцэцэг, С.Цэрэнчимэд, Д.Отгондалай, С.Ням-Очир, Г.Мандахнаран, Э.Бэхбаяр, Д.Отгонцэцэг, О.Бурмаа, Д.Сумъяа гээд хос медалтны жагсаалт уртаас урт хөвөрнө. Н.Түвшинбаяр олимпийн алт, мөнгөн медальдаа ханавал ханахаар. Гэвч дэлхийн дэвжээнээс медаль авна гэж зүтгэсээр 33 насандаа зорилгоо биелүүллээ. Үүнийг амжилтдаа ханасан гэх үү. “Насаараа бөхийн төлөө явж, олон жил жин хассанаас болж биегүй болсон хүн дээ, би. Өтөл насанд тэтгэврийн хэдийгээ хүргэх гэж их зүдэрсээн. Харин энэ урамшууллын ачаар сар бүр 500 мянган төгрөг авдаг болсон. Амьдрал ахуйд минь том нэмэр шүү дээ” хэмээн гавьяат тамирчин О.Энхтайван нэгэнтээ өгүүлж байв. Энэ үг олон тамирчны санаа бодлын илэрхийлэл болох биз ээ. Өдгөө улсын төсвөөс 56 тамирчинд мөнгөн урамшуулал өгч байна. Нийт мөнгөн дүнг нь тооцвол жилийн 1.4 тэрбум төгрөг болно.
Манай улс тийм ч баян биш. Эдийн засгийн байдал хүндхэн байгаа хэдий ч бид гавьяа байгуулсан тамирчиддаа энэ хэрийн мөнгө өгөх чадалгүй гэж үү. УИХ-ын гишүүд жил бүр тойрогтоо зарцуулах нэг тэрбум төгрөгийг (нийт 76 тэрбум) улсын төсвөөс батлуулж авдаг байсан түүх саяхных. Энэ мөнгө элдэв жааз өргөмжлөл, бидон сав болоод дуусах нь элбэг. Хэд хоногийн өмнө гэхэд УИХ олон нийтийн эсэргүүцлийг үл тоон 55 тэрбум төгрөгийг төрийн албан хаагчдад тараах шийдвэр гаргаж орхилоо. Улсын төсвийг хэдэн тэрбумаар нь энэ мэтээр утга учиргүй цацдаг жишээ дурдаад байвал барагдахгүй. Тэгсэн хэрнээ энх цагийн баатрууддаа жилд 1.4 тэрбумыг өгөх болохоор эдийн засгийн хүндрэл ярих хэрэг байна уу. Монголд энх цагийн баатрууд хэрэгтэй, харин баатруудад урам хэрэгтэй байна.