Хиймэл оюун ухаан хаяанд ирлээ

Мэдээ


Хиймэл оюун ухаан дэлхийн өсөлтийг дэмжинэ

Бидний хол хэмээн тооцож байсан ирээдүй хэдийнэ дэргэд ирчихсэн, хаалга тогшиж байна. Өмнө нь зөгнөлт кино, зохиолын номноос л уншиж, гайхдаг байсан хиймэл оюун өдгөө нийгмийн амьдралд нэвтэрч эхэллээ. Ийн хүн төрөлхтний амьдралд уусан, шингээд зогсохгүй нийгмийн нэгж, хэсэг, шат давхарга бүрт хувьсал, өөрчлөлт дагуулж байна. Тэгвэл хиймэл оюун дагасан хувьсал бизнесийн орчинд хэрхэн нөлөөлөх бол. Accenture and Frontier Economics-ийн тооцоогоор хиймэл оюун ухаан нь бүтээмжийг өсгөж, зардал хэмнэн, эдийн засагт ээлээ харамгүй үзүүлнэ.

Гэхдээ амаргүй сорилтыг цөөнгүй асуултын хамт давхар авчрахаар байгаа нь яавч анхаарлын гадна үлдээж боломгүй сэдэв болчихоод байна.

ӨСӨЛТИЙГ ӨДӨӨГЧ

Юуны түрүүнд программ хангамжид суурилсан энэ төрлийн ухаан дэлхийн өсөлтийг дэмжинэ. Хиймэл оюун ухаан хүрээгээ тэлснээр дэлхийн дийлэнх орны ДНБ-ий өсөлт хоёр дахин хурдасна гэж Accenture and Frontier Economics-ээс танилцууллаа. Тухайлбал, цэнхэр гарагийн тэргүүлэх эдийн засаг болох АНУ-ын ДНБ 2035 онд бие даан 2.6 хувиар өснө. Харин хиймэл оюун ухаан хүч нэмснээр тус улсын ДНБ-ий өсөлт бараг хоёр дахин хурдасч, 4.6 хувьд хүрэх төлөвтэй байна. Тэгвэл нүдэнд үзэгдэж, гарт баригдахгүй энэ зүйл хэрхэн өсөлтийг бүтээх вэ. Шинжээчдийн тооцоогоор бизнес эрхлэгчид хиймэл оюун ухаан ашигласнаар хөдөлмөрийн бүтээмж нь дунджаар 40 хувиар нэмэгдэж, энэ нь эргээд ДНБ-ий өсөлтийг өдөөх аж. Өдгөө тээвэр болон автомашины салбарт хамгийн түгээмэл ашиглаж буй хиймэл оюун ухааны зах зээл 2020 он гэхэд 5.05 тэрбум ам.доллараар хэмжигдэхээр байна.

• Хиймэл оюун ухаан хүрээгээ тэлснээр дэлхийн дийлэнх орны ДНБ-ий өсөлт хоёр дахин хурдсах тооцоог Accenture and Frontier Economics- ээс танилцууллаа.

• Тэд худалдан авагчдад тусалж, бараа бүтээгдэхүүний мэдээлэл хүргэхийн зэрэгцээ, хамгийн тохиромжтой сонголт хийхэд нь тусалдаг аж.

• Хиймэл ухааны ачаар хорт хавдрын эсрэг эм бүтээх хугацаа, хөрөнгө оруулалт хоёр дахин багасна.


ЭНХИЙН МАНААНД

Эрүүл мэндийн салбарт шинэ оюуны гүйцэтгэх үүрэг улам гүнзгийрч байна. Хиймэл оюун ухаанд суурилсан технологи нь эмчилгээний үр дүнг дээшлүүлж, оношилгоог сайжруулж, эмийн үйлдвэрлэлийг эрчимжүүлж буй. Тухайлбал, хорт хавдрын эсрэг эм бүтээх хугацаа, хөрөнгө оруулалт хоёр дахин багасна. Өдгөө энэ төрлийн эм бүтээхэд 12-14 жил, 2.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаарддаг. Харин хиймэл оюун ухааны тусламжтай эдгээр үзүүлэлт хоёр дахин багасаж, хавдрын эсрэг шинэ эмийг долоон жилийн дотор зах зээлд нийлүүлэх боломжтой гэсэн дүгнэлт гарчээ.

Гэхдээ уг эмийн хүртээмж, үр дүн улам нэмэгдэх аж. Тухайлбал, нэг эмийг дунджаар 10 мянган хүн хэрэглэдэг бол ирээдүйд энэ тоо 10 саяд хүрэхээр байна. Дэлхий даяар зам, тээврийн ослоор жилд дунджаар 1.25 сая хүн амиа алдаж, зам, тээврийн ослоос үүдэн 518 тэрбум ам.долларын хохирол учирдаг гэсэн тооцоо бий. Энэ байдлаар үргэлжилбэл зам, тээврийн осол 2030 он гэхэд хүн төрөлхтний үхлийн таван том шалтгааны нэг болох магадлалтай. Тэгвэл үүнийг бууруулахад хиймэл оюун ухаан тустай. Учир нь хиймэл оюун ухаан нь сэтгэл хөдлөл, ядаргаа зэрэг жолоочид сөргөөр нөлөөлдөг хүчин зүйлээс ангид тул сөрөг бус илүү эерэгээр нөлөөлнө гэж таамаглаж байна. Зөвхөн зорчигчоор зогсохгүй ачаа тээвэрт ч чухал нөлөөтэй. Ачааны автомат жолоодлоготой машины туршилт үргэлжилж байна. Энэ төрлийн авто машин үйлдвэрлэгч Otto компани тээврийн хэрэгслээ хойд Калифорнид туршиж байгаа бөгөөд одоогоор зөвхөн хурдны замыг ашиглаж буй.

Харин 2020 он гэхэд хурдны замаас хальж бусад автозамаар тээвэр хийх боломжтой аж. Ачаа тээврийн зардлын гуравны нэгийг жолооч нарын нөхөн олговорт зарцуулдаг. Харин энэ чиглэлд хиймэл оюун ухаан нэвтэрснээр ийм зардлууд буурна гэж үзэж буй.

Ажилгүйдэл нь роботуудын авчирч буй асуултын тэмдэг
ЖИЖИГЛЭН ХУДАЛДАА

Жижиглэн худалдааны дэлгүүрүүдэд энэ төрлийн роботуудыг туслах ажилтнаар ашиглаж буй. Тэд худалдан авагчдад тусалж, бараа бүтээгдэхүүний мэдээлэл хүргэхийн зэрэгцээ, хамгийн тохиромжтой сонголт хийхэд нь тусалдаг аж. Япон улсад Nescafe компанид Nespresso кофены машин сонгоход нь туслахын тулд 1000 роботыг жижиглэнгийн дэлгүүрүүдэд байрлуулжээ. Түүнчлэн Японы Telco SoftBank 19 хэлээр ярьдаг, нүүрний хувирал, харилцаанаас худалдан авагчийн зан төлөвийг тандан мэддэг роботыг борлуулалтын ажилтнаар ажиллуулж байна.

АЖЛЫН БАЙРАНД АЮУЛЫН ХАРАНГА

Хиймэл оюун ухаантай роботууд ийнхүү хөдөлмөрийн зах зээлд нэвтэрч эхэлснээр зарим ажилтан шахагдах болов. “Bloomberg” болон Оксфордын их сургуулиас ойрын хугацаанд хиймэл оюун ухаанаар орлуулах боломжтой 700 гаруй ажлын байрны жагсаалт гаргасан. Тэгвэл энэ жагсаалт өдгөө дахин шнэчлэгдэж, улам уртсах төлөвтэй байна. Хиймэл оюун ухаанд хамгийн түрүүнд ажлын байраа алдах мэргэжлийн тоонд зээлийн эдийн засагч, ресепшин, түргэн хоолны газрын тогооч, хамгаалалтын ажилтнууд, таксины жолооч жагсаж буй.

Мөн хөгжмийн мэргэжилтэн, эвлүүлэгчдийг ийм ирээдүй хүлээж буй аж. Тэр бүү хэл, харьцангуй нарийн гэгддэг хуулийн мэргэжлийг ч хиймэл оюун ухаан тойрсонгүй. Тодруулбал, хууль зүйн BakerHostetler фирм РОСС нэртэй, өмгөөлөгч робот ажиллуулж эхэлсэн бөгөөд магадлал дэвшүүлж, мэдээлэл цуглуулах, шүүх хуралд хяналт тавих зэрэг үүрэг гүйцэтгэдэг байна. Ингэснээр мэргэжлийн өмгөөлөгчдөд тусламж үзүүлж байгаа аж. Тэрчлэн 2020 онд Японд болох Олимпийн наадамд оролцох гадаадын жуулчдад туслах роботуудыг одооноос туршиж байна. Ийнхүү хиймэл оюун ухаан нь сайныг дагуулах бол саарыг ч мөн авчрах нь. Ялангуяа, ажилгүйдэл нь роботын авчирч буй асуултын тэмдэг. Хиймэл оюун ухаантнууд хөдөлмөрийн зах зээлд хүч түрч, энэ хэрээр хүмүүсийн нийгэмд гүйцэтгэх үүрэг хумигдах нь ойлгомжтой болоод байна.

Ингэснээр хүн төрөлхтний нийгэмд гүйцэтгэх шинэ үүргийн эрэлд гарах шаардлага тулгарах нь. Цаашлаад хиймэл оюун ухаан хүмүүсийн зан заншилд хэрхэн нөлөөлөх, технологид саатал гарлаа гэхэд хүмүүс өөрсдийгөө хэрхэн хамгаалах, роботуудад хэрхэн хяналт тавих зэрэг олон асуулт өнөө хэр хариулт нэхсээр. Шийдэл нэхсэн эдгээр асуултаас бултах аргагүй тул хэдийнэ хаяанд ирсэн хиймэл оюун ухаантай холбоотой асуудлыг цэгцлэх, нэг тийш нь шийдэх цаг тулгарч байна.


САНАЛ БОЛГОХ